Дизайнер Б.Явууцагаан эх орондоо өөрийн анхны загварын шоугаа амжилттай зохион байгууллаа
Монгол бүсгүйчүүд шинэ дүр төрх туршиж үзэх сонирхолтой боломж гарлаа. Бид анхнаасаа л өрнө, дорнын заагт төрсөн болохоор Ази, Европын юм бүхэн монголчуудад сайхан зохидог онцлогтой. Тийм ч учраас дизайнер Б.Явууцагааны үүсгэн байгуулсан Yavuu брэндийн хавар-зун 2017 цуглуулгын загваруудыг бүсгүйчүүд ямар ч өнцгөөс харах боломжтой байлаа. Дизайнер Б.Явууцагаан цуглуулгаа улирлын болон кимоно гэж хоёр төрөлд хуваадаг. Харин түүний энэ удаагийн шоу өнгөрсөн ба ирээдүйг нэгтгэсэн уур амьсгалтай байлаа. Б.Явууцагаан эх орондоо танилцуулж буй өөрийн анхны загварын шоуныхаа үеэр япон соёлыг танилцуулах олон зүйл бэлджээ. Хүрэлцэн ирсэн зочид загварын шоуны өмнө кимоно болон түүнийг хийдэг тансаг торго, гутал цүнх зэрэг аксесуартай танилцаж, гейша бүжиг, япон цайны ёслол үзэж сонирхсон юм.
Эхний ээлжинд Б.Явууцагаан 2013 оноос эхлэн хийсэн загваруудаа монгол үзэгчдэд толиулсан. Тайзан дээр 2014 оны намар-өвөл, 2015 оны хавар-зуны цуглуулгын, өдөр тутмын европ хувцсыг ази уур амьсгалтай болгосон загварууд гарч ирлээ. Тэр даашинз, цамц, костюм, өмд, юбканы янз бүрийн хэсэгт кимоно хийхэд зориулсан торго оруулж өгсөн байв. Мөн дан торгон даашинз дээр даавуун костюм өмсөх, эсвэл энгийн гадуур хүрэмний дор торгон өмд өмсөх зэрэг шууд хослуулах аргачлал санал болгов. Загварууд ихэвчлэн цагаан болон зөөлөн туяатай ягаан, цэнхэр, цайвар саарал зэрэг хөнгөн өнгөнүүд дээр төвлөрсөн нь нэлээн тайван бөгөөд гэгээлэг тэмүүлэлтэй эмэгтэйчүүдэд зориулагдсан мэт сэтгэгдэл төрж байлаа.
Шоуны хоёр дах хэсэгт Б.Явууцагааны уран сэтгэмжийг тодотгож өгдөг "Picasso & Japanismo" сэдэвтэй кимоно цуглуулгын загварууд тайзан дээр гарч ирсэн. Эдгээр загвурууд нь маш ихэмсэг, өөртөө итгэлтэй, бусдыг байлдан дагуулахад бэлхэн дүр төрхийг бүрдүүлж өгч байлаа.
Шоуны хамгийн амжилттай загварууд бол хавар-зун 2017 улиралд зориулагдсан кубист эсгүүртэй, торгон материалтай дээл хэлбэрийн даашинзууд байлаа. Япончууд кимоно хийдэг торгоныхоо өнгө будгийг байгалийн мэт зөөлөн туяатай хийж, уран зурлагатай дүрслэлүүд оруулж өгдөг. Яг тийм тансаг мэдрэмж төрүүлэх материалаар Б.Явууцагаан Монгол, Европ, Ази уур амьсгалыг загвартаа шингээжээ. Тэдгээр гоёлын болон өдөр тутмын амьдралд зориулагдсан хувцаснууд ирэх хавар монгол, япон бүсгүйчүүдийн хамгийн хүсэмжит загвараар тодрох биз ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт