Хайх

Хүйтний улиралд нүдээ хэрхэн хамгаалах вэ?

Хүйтний улиралд нүдээ хэрхэн хамгаалах вэ?

Text: Ц. Усанболор


Хүйтний улиралд нүдээ хэрхэн хамгаалах вэ? (фото 1)

Өвлийн улиралд агаарын бохирдол, нүд гялбам цас, дотоод орчны хуурай агаар зэрэг нь нүдэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ үед нүдээ хүйтнээс хамгаалах, эрүүл мэндийг нь хэрхэн хадгалах тухай нүдний эмч Антон Казанцеваас тодруулъя.


Яагаад өвлийн улирал нүдэнд сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

Агаар элсэн цөлөөс илүү хуурай

Өвлийн улиралд бидний гэр “саун” болж хувирдаг. Халаалт ажиллаж эхэлснээр агаар яг л элсэн цөл шиг хуурай болж, улмаар гаднын хүчин зүйлсээс хамгаалж байсан нулимсны хальс “хайлан алга болдог” тул цочрол, хуурайшилт, хорсолт үүсдэг байна.

Салхи, шуурга бол хамгийн том дайсан

Салхи, шуургатай өдөр гадаа гарах үед хүйтэн салхи нүүр лүү үлээж, нүднээс нулимс гарч, хурдан ядардаг. Энэ үед нүдний шил зүүж нүдээ хамгаалахгүй бол эвэрлэг бүрхүүл гэмтэх аюултай.

Цас бол гэнэтийн дайсан

Нүд гялбам цагаан цас үлгэрийн мэт харагдах боловч 80 хүртэлх хувийн хэт ягаан туяа ялгаруулж байдаг. Улмаар нүд хоёр дахин их нарны цацрагийг хүлээн авснаар эвэрлэг бүрхүүл гэмтэж, өвдөлт үүсгэдэг байна.

Өвөл бол вирусийн улирал

Өвлийн улирал бол ханиад, томууны улирал. Энэ үед хүний нүд ч гэсэн өвддөг. Вирус нь нүдний салст бүрхэвчийн үрэвсэл болон бусад халдварыг амархан үүсгэдэг. Энэ үед асуудлыг шийдвэрлэхийн тулд зүгээр л сайн унтаж амрах хангалтгүй юм. 

Хүйтний улиралд нүдээ хэрхэн хамгаалах вэ? (фото 2)

Өвөл нүдний эрүүл мэндийг хамгаалах аргууд

Чийгшил өгөх

Гэртээ болон оффистоо агаар чийгшүүлэгч тогтмол асааж хэвшээрэй. Хэрэв агаар чийгшүүлэгч байхгүй бол саванд ус хийж халаагуурын хажууд байршуулаарай. Энэ бол маш үр дүнтэй арга. Мөн нүд хуурайшиж эхлэх үед чийгшил өгөх дусаалга дусааж хэвших хэрэгтэй бөгөөд үүнээс гадна усыг тогтмол уухаа мартаж болохгүй.

Нарны шил зөвхөн нарнаас хамгаалдаггүй 

Өвөл нарны шил зүүх нь маяг биш харин зайлшгүй шаардлагатай зүйл гэдгийг сана. Нарны шил нь хэт ягаан туяа болон салхинаас давхар хамгаалдаг. Харин сноуборд, чарга, цанаар гулгах үедээ зориулалтын шил зүүх шаардлагатай.

Нүдээ амраах

Та компьютер дээр тогтмол ажилладаг уу? Тэгвэл “20-20-20” гэх дүрмийг ашиглаад үзээрэй. 20 минут тутамд 20 секунд завсарлаж, 20 метрийн цаана байрлах зүйлийг харж, ажиглаарай. Энэ арга нь нүдний ачааллыг багасгаж, харааны фокусыг сайжруулахад нөлөөлнө.

Аминдэм хэрэглэх

Өвлийн улиралд хүний нүд яг л автомашин шиг “бензин” шаарддаг. Тиймээс дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй.

  • Лууван, амтат чинжүү – А витамин агуулдаг,
  • Киви, цитрусын төрлийн жимс – С витамины эх үүсвэр,
  • Загас, самар – Омега-3 агуулдаг.
Хүйтний улиралд нүдээ хэрхэн хамгаалах вэ? (фото 3)

Юу хийж болохгүй вэ

Гараараа үрэх

Өвлийн улиралд нүдэндээ халдвар оруулах эрсдэл өндөр байдаг. Хүний гарт бактери, вирус хуримтлагддаг бөгөөд нүдэнд хүрэх төдийд нүд рүү амархан ордог. Улмаар нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, халдварт өвчин зэргийг үүсгэхэд хүргэдэг. Ялангуяа олон нийтийн газар нүүрээ оролдох нь маш аюултай гэдгийг санаарай. Учир нь бид тухайн газрын бариул, гадаргууд хүрдэг бөгөөд эдгээр зүйлс дээр өвчин үүсгэгч жижиг организмууд оршиж байдаг. Иймд хэрэв танд загатнах болон бусад таагүй мэдрэмж төрвөл нүдээ цэвэр усаар угааж, ариутгасан нүдний дусаалга хэрэглэхийг зөвлөж байна.

Хуурайшилт, улайлтыг тоохгүй орхих

Хуурайшилт, улайлтыг тоохгүй орхиж болохгүй. Учир нь үүний цаана илүү хүнд асуудал байж болзошгүй юм. Жишээлбэл, хуурай нүдний хам шинж, эвэрлэг бүрхүүлийн гэмтэл, үрэвсэл зэрэг үүссэн байх магадлалтай. Дотор орчны хуурай агаар, гадна орчны салхи зэрэг нь нүдний хэвийн хамгаалалтыг устгаж, гэмтээдэг. Тиймээс хэвийн чийгшлийн хэмжээ буурах үед нүдний эрүүл мэнд муудаж, урт хугацааны эмчилгээ хийлгэх эрсдэлтэй.

Янз бүрийн нүдний дусаалга турших

Нүдний улайлт бууруулдаг зарим нүдний дусаалга нь судас нарийсгах замаар хурдан үйлчилгээ үзүүлдэг хэдий ч үр дүн нь түр зуурынх байдаг. Удаан хугацаанд хэрэглэх нь дасал болгох аюултайгаас гадна нүдний эрүүл мэндийг муутгаж болзошгүй. Харин гормон эсвэл антибиотик агуулсан нүдний дусаалгыг сөрөг нөлөө гарч болзошгүй учир зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглээрэй. Бүр энгийн чийгшүүлэх үйлчилгээтэй дусаалгуудыг ч эмчтэй зөвлөлдсөний эцэст хэрэглэх нь зүйтэй юм. 

Хүйтний улиралд нүдээ хэрхэн хамгаалах вэ? (фото 4)

Өвлийн улиралд тархдаг нүдний тухай цуу ярианууд

Цуу яриа 1. Өвлийн салхи аюулгүй.

Хэт ягаан туяа жилийн дөрвөн улиралд аюул учруулдаг. Цас гэрлийн тусгалыг нэмэгдүүлж, таны нүд хоёр дахин их нарны туяаг хүлээн авдаг. Тиймээс нүдний шилгүй явах үед эвэрлэг бүрхүүл гэмтэх магадлал бий болдог байна. Хэт ягаан туяаны хамгаалалттай нарны шил нь өвлийн улиралд моод биш харин нүдний хамгаалалт болж өгдөг гэдгийг анхаараарай.

Цуу яриа 2. Хүйтэн салхи үрэвсэл намдаадаг.

Хүйтэн агаар үрэвслийг намдаадаггүй харин ч эсрэгээрээ эмзэгшлийг нэмэгдүүлдэг. Эвэрлэг бүрхүүл чийгээ алдаж, салст бүрхүүл улам бүр үрэвсэж, асуудлыг дордуулдаг байна. Тиймээс хэрэв асуудал үүссэн бол мэргэжлийн эмчид хандаарай.

Цуу яриа 3. Нүднээс нулимс гарч байгаа бол чийгшил хэрэггүй.

Хүйтний улиралд нүднээс нулимс гарах нь чийгшил өгч буй хэрэг биш харин үрэвслийн эсрэг үзүүлж буй хариу үйлдэл юм. Нулимс нь маш хурдан ууршин алга болохын зэрэгцээ нүдний эвэрлэг бүрхүүлийг илүү хуурай болгодог. Тиймээс энэ асуудлыг даван туулахад чийгшил өгөх дусаалга танд тус болно.


Дүгнэлт: Өвлийн улиралд нүдээ "аврах" төлөвлөгөө 

Өвөл арьс болон дархлаагаа дэмжихийн зэрэгцээ нүдээ ч бас давхар хамгаалах хэрэгтэй. Үүний тулд нүдэндээ чийгшил өгч, хэт ягаан туяа, салхинаас хамгаалж, зөв хооллохыг зөвлөж байна. Эрүүл нүд танд тав тух өгөхөөс гадна анхаарал халамж тавих ёстой чухал эрхтнүүдийн нэг гэдгийг үргэлж санаарай.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх