Хайх

Өвлийн улиралд яагаад пробиотикоор баялаг хүнс хэрэглэх шаардлагатай вэ?

Өвлийн улиралд яагаад пробиотикоор баялаг хүнс хэрэглэх шаардлагатай вэ?

Text: Э.Цовоо


Ашигтай бактери буюу пробиотик нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны тэнцвэртэй байдлыг хангаж, дархлааны системд эергээр нөлөөлдөг гэдгийг бид сайн мэднэ. Түүнчлэн өдөр тутамдаа пробиотик агуулсан хүнс, аль эсвэл пробиотикоор баялаг витаминыг нэмэлтээр хэрэглэх нь харшлын гаралтай өвчлөл болон аливаа халдварт өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэлцдэг. Тэгвэл сүүлийн үед мэргэжилтнүүд өвлийн улиралд пробиотикийг тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд нэн тустай хэмээн онцолж эхэлжээ. 

Иймд бидний зүгээс пробиотик гэж яг юу болох, яагаад өвлийн улиралд голчлон хэрэглэх шаардлагатай тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 


Пробиотик гэж юу вэ? 

Биед сайн, муу гэсэн хоёр төрлийн бактери оршдог ба эрүүл гэдсэнд 5,000 гаруй төрөл зүйлийг төлөөлдөг 100 их наяд бичил биетэн байдаг. Харин пробиотик нь тэдгээр сайн бактериудын нэг бөгөөд биед тэнцвэртэй хэмжээгээр агуулагдах үед муу бактерийн үйлчлэлийг дарангуйлах замаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, хоол шингээх үйл явцыг дэмжих, биед илүүдэл өөх тос хуримтлагдахаас сэргийлж өгдөг байна. Түүнчлэн хүний дархлааны эд эсүүдийн 70% нь гэдсэнд оршиж байдаг ба пробиотикийг тогтмол хэрэглэснээр биеийн эсэргүүцэл нэмэгдэж, дархлааны систем тэнцвэртэй болж, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч, улмаар элдэв нянгийн гаралтай өвчин тусах эрсдэл буурахаас гадна сэтгэл санаа илүү тогтвортой болж эхэлдэг аж.  


Пробиотикийг яагаад өвлийн улиралд тогтмол хэрэглэх шаардлагатай вэ? 

Улирал солигдох үеэр бидний хооллох зуршил хүртэл дагаад өөрчлөгддөг. Зуны улиралд хүмүүс олон төрлийн витаминаар баялаг жимс ногоо, сүү цагаан идээ хэрэглэж, аль болох хөнгөн хооллохыг эрмэлздэг бол өвлийн улиралд эсрэгээрээ илчлэг ихтэй, махан төрлийн хүнс давамгайлсан халуун, бүлээн хоол идэх хандлагатай байдаг билээ. Иймд хүйтэн, сэрүүн цаг агаартай үед аль болох биеийн дархлааг дэмжих үйлчилгээтэй витаминыг нэмэлтээр хэрэглэх, аль эсвэл хоол хүнсээрээ дамжуулан авах шаардлагатай болдог аж. Энэ талаар анагаах ухааны доктор, профессор Мигель Игнасио Лопез Рамиро хэлэхдээ "Өвлийн хүйтэн саруудад нэмэлтээр витамин хэрэглэж, эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Тэр дундаа пробиотик хэрэглэх нь биед маш сайнаар нөлөөлдөг" хэмээжээ.

Мөн пробиотик нь амьсгалын замын олон төрлийн өвчлөлтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна арьсны тослогийн хэмжээг тэнцвэржүүлэх замаар арьс хуурайших, батга гарах, хаван үүсэхээс сэргийлж өгдөг гэнэ. Цөөн үгээр хэлбэл пробиотикийг өвлийн улиралд тогтмол хэрэглэх нь биеийн дархлааг дэмжих, гэдэсний эрүүл мэндийг сайжруулах, стрессийг зохицуулах, амьсгалын замын эрүүл мэндийг хамгаалах гэхчлэн биед чухал ач холбогдолтой олон эерэг нөлөө үзүүлдэг байна. 


Ямар хүнсэнд пробиотик ихээр агуулагддаг вэ? 

Пробиотик нь тарганд ихээр агуулагддаг гэдэг боловч "пробиотикоор баялаг" гэсэн шошготой бүтээгдэхүүн болгон ашигтай бактериар баялаг гэсэн үг биш юм. Учир нь үйлдвэрийн таргийг худалдаанд гарахаас нь өмнө өвчин үүсгэх нянгуудыг устгах зорилгоор 80-95 хэмд ариутгадаг. Энэ үеэр пробиотик буюу ашигтай бактери хүртэл давхар устах магадлалтай байдаг аж. Харин жинхэнэ ашигтай бактериар баялаг тараг бол байгалийн аргаар бүрэлдсэн буюу гэртээ бүрсэн шинэхэн тараг хэмээн мэргэжилтнүүд онцолжээ. Мөн пробиотик нь бяслаг, комбуча, ногоон цай, даршилсан ногоо, кимчи зэрэг хүнсэнд ихээр агуулагддаг байна. 

Түүнчлэн пробиотик агуулсан маш олон төрлийн нэмэлт витаминууд зарагддаг болсон учир мэргэжлийн эмчтэй зөвлөлдөн, өөрт тохирсон тунгаар хэрэглэх боломжтой юм. 


Пробиотик хэрэглэхэд сөрөг нөлөө бий юу?

Пробиотик нь байгалиасаа хүний биед тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг учир ерөнхийдөө сөрөг нөлөө байхгүй гэж мэргэжилтнүүд үздэг. Гэвч дархлаа султай, харшилтай, химийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс болон нярай хүүхэд заавал мэргэжлийн эмчтэй зөвлөлдсөний эцэст пробиотикийг нэмэлтээр хэрэглэх заалттай байдаг байна. 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх