Өвөл уруулаа хэрхэн арчлах вэ: Таны мэдэх хэрэгтэй дүрмүүд болон лайфхакууд
Нүүрний хамгийн эмзэг арьстай хэсгийг хэрхэн зөв арчлах талаар
Өвлийн улиралд бидний уруулын арьс хамгийн түрүүнд хуурайшиж, эмзэг болдог нь тодорхой шалтгаантай юм. Юуны өмнө уруулын хэсэг ихэвчлэн ил задгай, хүйтэн салхинд өртөмтгий байдгаас гадна бүтцийнхээ онцлогийн улмаас ойр, ойрхон хуурайших гээд байдаг. Учир нь бидний амны орчимд өөхний булчирхай бага байдаг тул уруул ийнхүү липидын дутагдалд ордог. Үр дүнд нь хүрээлэн буй орчны ширүүн нөлөөнөөс өөрийгөө хамгаалах чадвар багатай, тогтмол чийгшлийн дутагдалд орж, хуурайшдаг арьс бий болж байгаа юм. Иймээс өвлийн улиралд уруулаа бүр ч илүү эмзэг болгохоос сэргийлэн дараах зөв арчилгааны дүрмүүдийг мөрдөөрэй.
1. Зөв уруулын тос сонгох хэрэгтэй: өтгөн бүтэцтэйг, мөн тэжээл өгөн хамгаалах үйлчилгээтэйг. Найрлагад нь мөн липидууд (сквалан, ланолин, церамид, тос) орсон байх учиртай.
2. Өвлийн улиралд хамгийн тохиромжтой уруулын тоснуудыг эмийн санд худалдаалагддаг брэндүүдээс олох боломжтой байдаг. Тэдгээр нь харшил үүсгэдэггүй тул нэмэлт улайлт эсвэл цочрол бий болохоос сэргийлнэ.
3. Уруулын тосыг шаардлагатай үед л түрхэж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуурайшиж, хагарах хүртэл нь хүлээх биш, мөн зүгээр л урьдчилан сэргийлэх үүднээс ойр, ойрхон түрхэх биш харин чийгшил дутагдаж эхлэх үед нь л түрхэнэ гэсэн үг юм. Хэтэрхий ойрхон түрхсэн тохиолдолд арьсны байгалийн эсийн солилцоо алдагдаж, үр дүнд нь дахиад л хуурайшилт үүснэ.
4. Шөнийн арчилгааны талаар мартаж болохгүй. Орчин үед уруулын арьсанд тусгайлан зориулсан шөнийн маскнууд төрөл бүрээрээ худалдаанд гардаг болсон ба энгийн уруулын тостой харьцуулбал илүү өтгөн бүтэцтэй байж, найрлагадаа ургамлын гаралтай тос агуулдаг байгаа.
5. Урууланд зориулсан тэжээлийн наалтуудад анхаарлаа хандуулаарай. Найрлагадаа гиалуроны хүчилтэй, ургамлын хандтай тэдгээр наалтууд нь чийгшлийн тэнцвэрийг хурдан хугацаанд тогтворжуулдаг давуу талтай.
6. Уруулын дасгал хийж заншсанаар цусны эргэлтийг сайжруулах боломжтой. Хамгийн хялбар дасгалуудаас дурдвал:
- Амаа томоор ангайн инээх;
- "а" болон "о" эгшгүүдийг олон удаа тодоор хэлэх;
- Амандаа харандаа зуусан байгаа хэмээн төсөөлөн агаарт наймын тоог ахин дахин давтан зурах.
7. Арьсны эмчтэй зөвлөлдөж, амин дэм уух хэрэгтэй эсэхийг асуугаарай. Арьсны эрүүл мэндэд А болон Э амин дэмүүд тустай байдаг.
8. Уруулын будаг сонгохдоо хэт тогтоц сайтай, матт будагнууд арьс хуурайшуулдгийг санаарай.
9. Харин хэрвээ ямар уруулын будаг хэрэглэхээ мэдэхгүй байгаа бол уруул өнгөлөгч хэрэглэх хэрэгтэй.
10. Бид мөн одоо нөхцөл байдлын улмаас маск зүүх шаардлагатай байгаа нь маск дотор чийгтэй уур амьсгал бүрдүүлж, агаарын солилцоо бага явагдаж, уруулын арьс хуурайшихад хүчтэй нөлөөлдөг. Тиймээс маск өмсөхдөө урууландаа тос түрхэн хамгаалж байгаарай.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт