
Грэмми 2025 ёслол дээр үзэгдсэн онцлох гоо сайхны трендүүд
Өчигдөр дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Грэмми 2025 шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадамд хүрэлцэн ирсэн оддын хувцаслалтаас гадна тэдний мейкап, үс засалт, маникюр гэхчлэн гоо сайхны төрхүүд нь үзэгчдийн анхаарлын төвд ордог. Энэ жилийн хувьд олны танил эрхмүүд гоо сайхны ертөнцөд яг одоо тренд болж буй чиг хандлагыг дагах эсвэл өмнө нь байлдан дагуулж байсан трендийг эргэн сэргээх хандлагатай байлаа. Ингээд энэ үдэш давамгайлсан онцлох бьюти трендүүдийг танилцуулъя.
Далайн мөгөөрс мэт засалт
Майли Сайрус, Леди Гага, Билли Айлиш
Алдартнуудын стилистүүд 2022 онд TikTok тренд болсон jellyfish haircut буюу далайн мөгөөрс мэт үс засалтыг 2025 онд эргүүлэн авчрах гэж байгаа бололтой. Учир нь Майли Сайрус, Леди Гага, Билли Айлиш нар уг наадамд далайн мөгөөрс мэт үсний засалттай хүрэлцэн иржээ. Билли Айлишийн хувьд Fire Aid хандивын тоглолтын үеэр шинэ үсний засалтаа анх олон нийтэд харуулсан юм. Харин тэрээр Грэмми наадамд саравчтай малгай өмсөн, үсээ ардаа боосон хэдий ч шанаа хэсгээр jellyfish haircut засалтын гол хэсэг болох богино тайралттай үсний хэсгээ ил гаргасан байлаа. Jellyfish haircut нь Японы “химе” тайралтаас санаа авсан бөгөөд нүүрний хажуу хэсгээр богино, толгойн ар хэсгээрээ урт тайралтаар тайрахыг хэлдэг.






Маш урт хумс
Cardi B, Синтия Эриво, Чапелл Рон
Синтия Эривогийн стилистээр Микки Диор ажилласан ба тэрээр хумсыг гялтганасан саа, шигтгээгээр чимж, дээр нь одтой тэнгэрийг дүрсэлжээ. Харин Чапелл Роны стилист Хуан Альвеар хоёр багц хиймэл хумс бэлдсэн бөгөөд нэг нь алтлаг френч будалттай байсан бол нөгөө нь арай богино хэдий ч бүхэлдээ чулуугаар чимэглэгдсэн байв. Cardi B бол үргэлж урт хумсанд дуртай байсан ба энэ удаад ч сонголтдоо үнэнч хэвээр үлджээ. Түүний хажуугаас нь "хазсан" мэт урт, хурц хумснууд тун сонирхолтой харагдаж байлаа.
Зөөлөн гранж
Charli ХСХ, Грейси Абрамс
Charli ХСХ, Грейси Абрамс нарын нүүр будалтын хувьд 1990-ээд оны хэв маягийг санагдуулам гранж хэв маягийг бүрдүүлсэн байна. Нүдийг хар өнгийн харандаагаар хүрээлж, зовхиндоо хөнгөн бор өнгийн тень тавьжээ. Харин тус нүдний будалтыг тодруулж өгөхийн тулд зөөлөн өнгөөр уруулыг будаж, цэмцгэр үсний засалт хийж өгсөн байна. Энэхүү нүүр будалт, үс засалт нь тэдний бүрдүүлсэн төрхийг гайхалтай зөөлөн хэр нь үл ялиг гранж хэв маягтай болгожээ.





Хүүхэлдэй мэт төрх
Сабрина Карпентер, Чапелл Рон, Клайро
Энэ жилийн голлох бьюти-трендүүдийн нэг бол хүүхэлдэйн мэт үс засалт, нүүр будалт билээ. Тэгвэл Сабрина Карпентерийн стилист Эвани Фраусто түүнийг тод улаан өнгийн ингэсэгээр будаж, шаргал үснийх нь угийг босгож, сулавтар ороожээ. Харин Чапелл Рон энэ удаа нүүрээ цав цагаан өнгөөр будаж, маш зузаан хүнд хиймэл сормуус нааж, үсээ ороон шаазан хүүхэлдэй мэт төрхийг бүтээсэн байлаа. Тэгвэл дуучин Клайро чёлкоо дотогш ороосноор маш энгийн аргаар хүүхэлдэй мэт төрхийг бүрдүүлжээ.
Шүдний гриллз, скайс
Уиллоу Смит, Doechii
Шүдний гоёл одоо ч тренд хэвээр гэдгийг Грэмми шагнал гардуулах ёслолоос харах боломжтой. Грэмми дээр Уиллоу Смит шүдээ өнгө өнгийн чулуугаар гоёсон бол Doechii үүдэн шүдээ шигтгээгээр бүрсэн байв.




Микро чёлк
Леди Гага, Жулия Майклз
Леди Гагагийн стилист энэ удаад түүний үсийг далайн мөгөөрс мэт засаад зогсохгүй микро чёлк тайрчээ. 1920-иод онд анх үүссэн гэгддэг микро чёлкийг 1950-иад онд Одри Хепберн дэлгэрүүлж байсан бөгөөд сүүлд 2010 онд эргэн моданд орж байсан. Тэгвэл Леди Гагагаас гадна дуучин Жулия Майклз мөн адил “өөрөө тайрсан” мэт богино чёлк тайрч, үсээ сул ороосон засалттайгаар улаан хивсний ёслол дээр хүрэлцэн ирсэн харагдана.
Ретро хэв маягтай засалт – Cardi B, Raye
2025 оны голлох тренд болох ретро хэв маягтай үс засалтыг Грэмми наадмын зочид ч хэрэгжүүлжээ. Cardi B-гийн стилист Токио Стайлз далайн давлагаа мэт үс засалтыг харуулсан бол дуучин Raye дотогш ороосон боб тайралтаар гоёсон байна.


Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт