Cонгодог өнгө аяс давамгайлах Chanel-ын Metiers D'Art цуглуулга

Дуулиант шоу Парис хотноо зохион байгуулагдлаа

Chanel загварын ордон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Metiers D'Art загварын шоугаа Парис хотноо зохион байгууллаа. 2002 оны арванхоёрдугаар сараас зохиогдож эхэлсэн Metiers D'Art шоу өнгөрсөн жилүүдэд Хамбург, Эдинбург, Шанхай, Нью-Йорк гээд дэлхийн өнцөг булан бүрт зохиогдож байсан бол олон жилийн дараа төрөлх Парис хотод зохион байгуулагдаж буй нь энэ юм.

Бүтээлч захирал Виржини Виар Metiers D'Art шоунд зориулан "31 Rue Cambon" буюу Chanel загварын ордны түүх эхэлсэн газрын нэрээр нэрлэсэн цуглуулгыг бүтээжээ. Загварын шоунд зориулан Гран-Пале ордныг Рю Камбон, 31 гудамж дахь Chanel-ийн анхны бүтик мэтээр тохижуулсан ба алдарт найруулагч София Коппола тайз заслыг хариуцан ажилласан байна. София Копполаг бид "Lost in Translation", "Marie Antoinette" зэрэг уран бүтээлээр нь сайн мэдэх билээ.

Cонирхуулахад Chanel загварын ордон Metiers D'Art цуглуулгыг бүтээхдээ гар урлалын урлангуудтай хамтардаг байгаа. Тухайлбал энэ удаагийн цуглуулгын хүрээнд Lemarié урланд өдөн чимэглэл, цэцгэн элемент зэргийг бүтээсэн бол, Lesage урланд твид материал ба хатгамал, харин Montex урланд шүрэн чимэглэлүүдийг бүтээсэн байна.

Шинэ цуглуулгад сувд, кутюр аргаар урласан амелиа цэцэг, гинжин оруулга, твид материал гээд Chanel загварын ордны үндсэн элементүүд шингэсэн сонгодог суурьтай хүрэм, шулуун юбка, ноосон цамц, хослол, даашинз, нэхий хүрэм, ширмэл цув зэрэг загварууд багтжээ. Түүнчлэн залуу хэрэглэгчдэд зориулан бэлхүүс барьсан богино топ ба өмдний хослолыг танилцуулсан ба эдгээр төрхүүдийг гинж болон сувдан оруулгатай бүсээр чимэглэж өгсөн нь загварлаг элемент нэмж байлаа. Виржини Виарын урласан загваруудыг харахад тэрээр энэ удаа хэт ганган чамин хувцаснуудын оронд хэзээд ч үнэ цэнэтэй байх загваруудыг бүтээхийг зорьсон нь ажиглагдсан юм.

 

Buro.Mongolia

2019-12-05, 16:11