Дурсамж сэргээсэн хувцас: DJ Стив Аокигийн “Matrix” киноноос сэдэвлэсэн капсул цуглуулга

Сар хүрэхгүй хугацааны дараа “The Matrix” киноны дөрөвдүгээр анги болох “The Matrix Resurrections” бүтээл үзэгчдэд хүрэх гэж байна. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан DJ Стив Аокигийн харьяалагддаг дуу бичлэгийн Dim Mak студи нь Вачовски эгч дүүсийн бичсэн "The Matrix" киноны гурвал зохиолд зориулан хувцасны капсул цуглуулгыг гаргажээ. Энэхүү цуглуулга нь Нео, Морфеус, Тринити болон агент Смит гэх дүрүүдийн зурагтай хар өнгийн футболка болон цамцнаас бүрдэж байгаа юм.

“22 жилийн өмнө ‘The Matrix’ киноны нэгдүгээр анги гарч миний ертөнцийг харах үзлийг орвонгоор нь эргүүлсэн гэхэд болно. Тухайн үед би хүмүүс өөрсдийн хувь тавиландаа хангалттай итгээд зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөж чадах юм бол бидэнд амьдралаа хүссэнээрээ өөрчлөх хүч байдгийг ухаарч байсан. Амьдрал бидний хийдэг сонголтуудтай нягт холбоотой байсаар ирсэн бөгөөд гагцхүү тэдгээр сонголтууд нь бодит байдлыг бий болгодог хүчин зүйл нь юм” хэмээн DJ Аоки тус бүтээлд дурлах болсон шалтгаанаасаа хуваалцсан юм.

Сануулахад, “The Matrix Resurrections” киноны албан ёсны трейлэр өнгөрсөн есдүгээр сард Warner Bros. кино компанийн YouTube хуудсанд тавигдсан билээ. Шинэ ангийн найруулга болон зохиол дээр Лана Вачовски ажиллаж байна. 

Buro.Mongolia

2021-11-25, 18:00