ГОВЬ хавар-зун 2024 улирлын шинэ цуглуулгаа танилцууллаа
Хувцасны шүүгээгээр ч зогсохгүй хувийн стилийн үндэс суурийг бид бүхний энгийн хэмээн тодорхойлж заншсан өдөр тутмын хувцаснууд бүрдүүлдэг. Үүнд футболка, хослол, кардиган, сорочкан цамц гэхчлэн дангаараа ч, давхарласан ч уялдаатай харагддаг, юутай ч зохицдог загваруудыг хэлнэ. Мөн эдгээр нь чиг хандлага яаж ч өөрчлөгдөж, аль ч зүгт хэлбийсэн хоцрогдож, хуучирдаггүй давуу талтай билээ. Тэгвэл сүүлийн үед эгэл хэв маяг хувцасны шүүгээний бат бөх суурь болохоос гадна загварын салбарын жолоог гартаа атгах боллоо.
Хүмүүс хувцсыг өнгөц бус өнгийж харах болсон тул өдөр тутмын энгийн загварт татагдах болжээ. Гадна хэсэгт нь хууртагдахаас илүүтэйгээр өө сэвгүй хийц, тав тухыг тэд урьтал болгож байна. Дэлгүүрийн өлгүүрт ердийн цамц шиг үзэгдэх ч өмсөөд үзэхэд зүгээр нэг мөрнөөс дүүжлэгдэх бус, биеийн галбирыг тэр чигт нь бүчээд авах мэдрэмжийг хэрэглэгчид мөн илүүд үзнэ. Тэгвэл яг л энэ санаанд ГОВЬ-ийн хавар-зун 2024 улирлын "Light Beings" нэртэй шинэ цуглуулга дөрөөлсөн мэт харагдана. Шугамдсан юм шиг цэмцгэр хийцтэй эдгээр загвар нь хавар, зуны шүүгээний тань суурь болоод зогсохгүй шинэ уур амьсгал оруулж, гэрэл нэмэх зорилгоор бүтээгджээ. Түүнчлэн "Light Beings" цуглуулга ГОВЬ-ийн ерөнхий дизайнер Жиоржио Спинагийн бүтээл гэдгийг дурдах нь зүйтэй. Тэрээр загварын ертөнцийн их дөрвөлийн нэг Итали улсаас гаралтай ба өндөр чадвараараа үнэлэгдэн Dior, Giorgio Armani, Louis Vuitton, Max Mara, Chanel, Brunello Cucinelli гэхчлэн томоохон орднуудтай хамтарч ажилладаг туршлагатай нэгэн юм.
Хүн төрөлхтний өлгий болсон эх дэлхий, үүнтэй зэрэгцэн орших дижитал ертөнцөөс урамшин бүтсэн “Light Beings” цуглуулга. Харилцан адилгүй боловч харилцан бие биеэ нөхдөг эдгээр ертөнцийн өнгө төрхийг ГОВЬ ноолуурын ширхэгт шингээхийг зорьжээ. Ингэхдээ тэд цуглуулгадаа байгальд зонхилдог цэнхэр, шаргал болон технологийн дэвшлийг илэрхийлдэг неон, мөнгөлөг туяа оруулж өнгөний хоршлоор дамжуулан хоёр ертөнцийг зэрэгцүүлэн харуулсан байна.
ГОВЬ-ийн цуглуулгад багтсан загварууд уламжлалт боловч шинэлэг өөрчлөлтийг нутагшуулжээ. Тэд хантаазыг ташуу энгэртэйгээр, цамцыг завин захтайгаар, пиджакийг шовх бартаатай урласнаар хувцасны эх биеийг хэт их өөрчлөхгүйгээр шинэлэг бөгөөд сонирхолтой болгосон байна. Энгийн мэт эдгээр деталь нь харагдац болон суулт талаасаа том өөрчлөлтийг дагуулдаг онцлогтой юм.
Эдгээр загварууд нь дулааны улиралд өмсөгдөх учраас агаар чөлөөтэй нэвтрэхүйц хөнгөн чанартай хийгджээ. Цуглуулгын хувцаснууд нь танд хүнд ачаа үүрсэн мэт тавгүйтэл бус, өдөөр биеэ бүрхсэн юм шиг хөнгөн бөгөөд хөдөлгөөнд саадгүй мэдрэмжийг төрүүлэх болно.
ГОВЬ энэ удаа торго болон хөвөн даавуугаар баяжуулсан ноолууран материал түлхүү ашиглажээ. Торго нь өөрөө зөөлөн, тансаг, гэрэлтсэн шинж чанартай тул ноолууртай хоршсоноор улам хээнцэр харагдах ач холбогдолтой. Харин хөвөн даавууны давуу тал нь хувцсыг улам тав тухтай, бат бөх болгоход оршиж байгаа юм. Түүнчлэн эдгээр хоршлын тусламжтай хувцасны өнгө будаг, хэлбэр силуэт улам төрөлжиж чаджээ.
ГОВЬ энэхүү цуглуулгаа танилцуулахын сацуу шинэ загварын ноолууран кет болон пүүз гаргаснаа давхар зарлалаа. Энэ нь шинэлэг драпаар урласан гэдгээрээ урьд өмнөхөөсөө онцлогтой болжээ. Мэдээж хэрэг тус гутал нь урьдын адилаар байгальд ээлтэй шинж чанараа хадгалсан байна. Тодруулбал, гутлын улыг “Green eva” гэх чихрийн нишингэ агуулсан эко материалаар, үдээсийг 100% хөвөн даавуугаар урлажээ. Түүнчлэн байгальд хор хөнөөл үзүүлэхгүйн тулд үдээсний нүдийг хуванцраар бус хатгамлаар шийдэж, харин улавчийг нуураас дахин боловсруулсан 15% замаг агуулсан эко материалаар хийсэн байна. Үүнээс гадна гутлын сүлжээсийг "Оксфорд" дизайнаас сэдэлжин гаргасныг онцлох нь зүйтэй.
GOBI Cashmere
Холбогдох утас: 7004 8888
Facebook: GOBI Cashmere
Instagram: @gobicashmere_mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт