Загварын шоу зохион байгуулагдахаас хэдхэн хоногийн өмнө Saint Laurent өөрсдийн Instagram хуудсандаа 1950 онд гарч байсан 26 минутын богино хэмжээний “Un Chant d’Amour” франц киноны хэсгээс нийтэлсэн билээ. Энэ бол мэдрэмж, гомоэротизм болон шоронд амь гарах гэж хичээж буй хүмүүсийн талаар өгүүлдэг зохиолч Жаном Женегийн бүтээл. Брэндийн бүтээлч захирал Энтони Ваккарело ингэхдээ шинэ цуглуулгадаа өгсөн “Each Man Kills the Things He Loves” буюу “Эрэгтэй хүн бүр хайрладаг зүйлсээ хөнөөдөг” гэх нэрийг ил болгосон юм. Энэхүү нэр нь зохиолч Оскар Уайлдын хэлсэн үг бөгөөд Жаном Женегийн шилдэг романуудын нэг болох “Querelle de Brest”-ээр хийгдсэн кинонд мөн дуулагддаг. Харин "Querelle de Brest" роман нь 1982 онд Германы найруулагч Райнер Вернер Фассбиндерын гараар дамжин дэлгэцийн бүтээл болж байсан түүхтэй. Агуулгаас нь товчхон дурдваас үйл явдал бельги далайчин Жорж Курелийн эргэн тойронд болж өнгөрдөг. Тэрээр өөрийн ашиг хонжооны төлөө дурлалт хосоо хөнөөдөг бисексуал хулгайч, биеэ үнэлэгч, мөн цуврал алуурчин нэгэн юм.
Ваккарелогийн цухуйлгасан эдгээр мэдээллээс түүний эрэгтэй болон эмэгтэй хүний огтлолцол, хоорондоо үл зохицох бэлгийн амьдрал, туяхан атлаа хүчтэй мэдрэмжийг шинэ цуглуулгаараа дамжуулан хөндөхийг зорьсон нь харагдана. Тэрээр хувцсаа урлахдаа өмнө толилуулсан намар-өвөл 2023 эмэгтэй цуглуулгаасаа ихээхэн сэдэвлэсэн бөгөөд өргөн тэвхгэр мөр, хурц тейлор хийц, доош харсан гурвалжин хэлбэрийн загварчлалууд (өргөн мөртэй пиджак, нарийн эсгүүртэй өмдний хослол) сүүлд танилцуулсан хоёр цуглуулгад давхцаж байв. Мөн онгорхой мөр, битүү энгэртэй halter загварын топ, маш гүн энгэрийн ухлаадастай майк, хүзүүний хэсэгт байрлах газар чирэгдсэн урт үзүүртэй бантикан чимэглэл гэхчлэн олон деталиуд эмэгтэй цуглуулгатайгаа ижил төстэй байлаа. Үүнээс гадна эрчүүдийн өмссөн өсгийтэй лакан арьсан гутал анхаарал татсан юм. Тус загвар нь цуглуулгыг илүү романтик, нээлттэй төдийгүй дэвшилтэт болгож байв. Дизайнерууд аль хэдийнээ нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уламжлалт хэв маягаас гарж, шинэлэг туршилт хийхдээ хэт хүчилсэн мэт өнгө аясыг бүрдүүлэх талтай байдаг ч Ваккарелогийн аливааг тэнцвэржүүлэх чадвар нь аюулаас холуур тойроход тусалжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт