Алессандро Микелегийн алдарт хэв маягийг өөртөө агуулсан Gucci Kids каталог
Амралт, зугаалгаар дүүрэн зуны зугаатай өдрүүд хараахан дуусах болоогүй ч бяцхан хүүхдүүдтэй ээжүүдийн хувьд хөөцөлдөж, амжуулах ажлууд аль хэдийнэ овоорчихсон байгаа. Яагаад вэ гэхээр хэдхэн хоногийн дараа цэцэрлэг, сургуулиуд эхлэх гэж байна шүү дээ. Бүх ээжүүд одооноос эхлэн хүүхдийнхээ шинэ хичээлийн жилд зориулж дэвтэр, ном, цүнх, хувцас, гутал гээд хэрэг болох бүхий л зүйлсийг цуглуулж байна. Энэ цаг үетэй тохируулан Gucci ордон өөрийн хүүхдийн цуглуулгыг танилцуулаад авлаа. Брэндийн намар-өвөл 2016 улирлын үндсэн цуглуулгын шинж тэмдгүүдийг өөртөө шингээсэн, жижгэрүүлсэн хувилбарууд хүүхдүүд ба ээжүүдэд гарцаагүй таалагдах болно.
Цуглуулгын каталогийн зураг авалт үлгэрийн уур амьсгалтай морин тойрог дээр явагджээ. Жижигхэн, загварлаг охид эрвээхий зангилаагаар чимэглэгдсэн цацган захтай, trompe l'oeil бичигтэй, хуниастай өхөөрдөм даашинз өмсөж, харин хөвгүүд дөрвөлжин хээтэй хослол, амьтад ба ургамлын хатгамалтай жийнсэн өмд болон бомбер хүрмээр гангарсан байлаа. Алессандро Микелегийн загварын шоундаа оруулах дуртай олон давхар хувцаслалтын тренд ч бас энэ удаагийн хүүхдийн каталогт үзэгдлээ. Даашинзын дээгүүр твид материалтай пальто эсвэл oversize загвартай свитер давхарлаж, аливаа хувцсыг малгай, ороолт, урт түрийтэй оймс гэх мэт олон төрлийн аксесуартай хослуулан өмсвөл илүү өхөөрдөм харагдахыг дизайнер онцолж өгчээ. Түүнчлэн Gucci-гийн нэрийн хуудас болоод байгаа тод өнгө, амьтад ба ургамлын сэдэв шинэ цуглуулгын загвар бүрд шингэсэн байлаа. Охидод муур, харин хөвгүүдэд нохой ба шувуун дүрстэй хувцаснууд зориулагджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт