Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр Jacquemus брэндийн хавар-зун 2022 загварын шоу болж өнгөрлөө. Тус шоу нь АНУ-ын Хавай мужид зохион байгуулагдсан бөгөөд брэндийн бүтээлч захирал Симон Порт Жакмю Франц биш, харин нарлаг Хавайг сонгосон шалтгаанаа “Jacquemus брэнд нар, хайр болон гэр бүлийн дулаан уур амьсгал хуваалцах зорилготой. Тиймдээ ч бид хэрэглэгчдээ дан ганц Франц биш, харин зүгээр л нарлаг хүмүүс гэж хардаг бөгөөд энэ удаагийнхаа цуглуулгаараа урьдынхаасаа өөр зүйл мэдрүүлэхийг хүссэн” хэмээн тайлбарласан юм.
Шоуг далайн эргийн элстэй ууссан, Jacquemus-ын нэрийн хуудас бүхий тааран хослолтой төрхүүдээр нээж, араас нь пастель цэнхэр, ногоон, ягаан, улбар шар зэрэг өнгөлөг загваруудыг толилуулсан билээ. Цуглуулгад нэг талдаа хунирсан, нөгөө хэсэгтээ зүсэлттэй зэрэг тэгш бус хэмтэй хувцаснууд зонхилсон бөгөөд дизайнер цэцгэн хээтэй шоорт, зангиа, бүсэлхийгээр ороосон юбка зэрэг загваруудаар дамжуулан Хавайн уламжлалт хувцасны соёлыг тусгажээ. Түүнчлэн нийт загваруудаас илүү шинэлэг байсан усны дусал хэлбэртэй чимэглэлийг шилэн чимэглэлийн дизайнер Аня Лайонстой хамтран урласан байна.
Дизайнер Жакмю шоундаа Хавайд төрж, өссөн стилист Бен Перрейра, бүтээлч захирал Тейлор Оката болон бусад нутгийн хүмүүсийг ажиллуулаад зогсохгүй түлхүү Хавай загвар өмсөгчдийг сонгон алхуулсан юм. Тэр дундаа моделиудын бүрэлдэхүүнд Jacquemus-ын шоугаар дебютээ хийсэн маш олон залуучууд байсныг дизайнер тэмдэглэсэн билээ. “Загварынхаа карьерын туршид ийм өндөр сэтгэл ханамжтай төсөл дээр ажиллаж байсангүй” хэмээн стилист Перрейра шоуны талаар онцолсон байна.
Мөн Симон Порт Жакмю дараагийн цуглуулгаараа тэс өөр загваруудыг хүргэхээ амласан бөгөөд “Дараа улиралд эмэгтэй хүний онцлогийг харуулсан хэв маяг баримталж, Jacquemus брэндээ шинээр тодорхойлох болно” гэж Vogue сэтгүүлд хэлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт