Копенхагены загварын долоо хоног: Скандинав брэндүүд ямар онцлогтой вэ?

Хавар-зун 2025 улирлын Копенхагены загварын долоо хоног өндөрлөх тийш хандаж байна. Дани улсын Копенхаген хотноо болдог тус арга хэмжээ нь загварын салбарын хамгийн сөрөг тал болох хог хаягдлын асуудлыг бууруулах зорилго тавин ажилладаг билээ. Үүний хүрээнд зохион байгуулагчдын зүгээс тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг 2020 онд баталж байсан. Ингэснээр брэндүүд стратегийн бодлого, дизайн, материалын ухаалаг сонголт, ажиллах нөхцөл, хэрэглэгчдийн оролцоо, продакшн гэх зургаан үндсэн чиглэлээр дор хаяж 18 шаардлагыг хангасны үндсэн дээр арга хэмжээнд оролцох болзлоо хангадаг болсон юм. Энэхүү дүрэм нь намар-өвөл 2023 улирлаас эхлэн бүрэн хэрэгжиж эхэлсэн билээ.

Тэгэхээр Копенхагены загварын долоо хоногийн босго давсан брэндүүд өөрсдийн цуглуулгынхаа дор хаяж 50%-ийг сертификатаар баталгаажсан, дахин боловсруулсан, эсвэл сэргээн засварласан материалаар хийсэн, мөн тээвэрлэлтийнхээ бүх үе шатад ёс суртахууны хэм хэмжээг баримталсан гэсэн үг юм.


The Garment


The Garment брэндийн дизайнер Шарлотт Эскилдсен “Би тренд биш, хувь хүн бүтээхийг хүссэн” хэмээн хавар-зун 2025 улирлынхаа цуглуулгыг тодорхойлжээ. Тэрээр загваруудаа урлахдаа Торвальдсены нэрэмжит Дани улсын анхны контемпорари урлагийн музейд тавигдсан бүтээлүүдээс урам зориг авчээ. Цуглуулгын ерөнхий хэв маяг торон шиффон даавуун дээр суурилсан ба брэндийн зүгээс материалуудаа Франц дахь хуучин эдлэлийн захаас нийлүүлсэн байна.


Skall Studio


Skall Studio нь 10 жилийн ойн баяраа тохиолдуулан шинэ цуглуулгадаа өөрсдийн нэрийн хуудас болсон шугамдсан мэт цэмцгэр силуэттэй, романтик гоо зүйтэй загварууд багтаажээ. Мөн брэндийн дизайн баг цуглуулгаа бүтээхдээ Англи гаралтай Лулу де ла Фалез дизайнерын бүтээлээс сэдэвлэсэн гэдгээ хэлсэн юм. Үүний талаар Skall Studio-гийн зүгээс “Тэр бол тансаг өнгө, хээ угалзтай, хэт эмэгтэйлэг, эсвэл эрэгтэйлэг биш алтан дундаж хэв маягтай загваруудаараа дамжуулан авангард бөгөөд богем төрлийн урсгалыг тун чадварлагаар гаргаж чаддаг байсан” хэмээн онцолсон билээ.


Sinead O’Dwyer


Ирланд гаралтай дизайнер Шинейд О’Двайер Копенхагены загварын долоо хоногт анх удаа оролцож буй нь энэ билээ. Тэрээр нийгэмд хүчтэй нөлөөлөл үзүүлж буй инновацлаг, бүтээлч дизайнеруудад олгодог Zalando Visionary Award шагналыг энэ онд хүртсэн өсөх ирээдүйтэй залуу уран бүтээлч юм. Брэндийн шинэ цуглуулгад шибаригаас (Японоос гаралтай BDSM-ын нэг төрөл) сэдэвлэсэн олсоор сүлжсэн мэт загварууд, микро урттай деним даашинзнууд багтсанаас гадна олон давхар хуниастай хормой, Х хэлбэрийн зөрлөгтэй энгэрийн ухлаадас онцлох элемент нь болжээ.


A. Roege Hove


Брэндийн бүтээлч захирал Амэли Рёге Хоув хавар-зун 2025 улирлын цуглуулгаараа дамжуулан эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгохыг зорьжээ. Ингэхдээ нэвт гэрэлтсэн даашинз урлаж, бэлхүүс гаргасан силуэт үүсгэхээс илүүтэйгээр ашиглаж буй материалынхаа төрөлд анхаарсан байна. Цуглуулга бүтсэн материалууд нь дангаараа энгийн мэт боловч өмссөн байхдаа тэс өөр болон хувирч, биеийн галбиртай уялдаж чаддагийг дизайнерын зүгээс хэлсэн юм.


Fine Chaos


Fine Chaos хэмээх Дани брэндийн цуглуулгын танилцуулга бүрэн хэмжээний тоглолтын дайтай хоёр цагийн турш үргэлжилсэн гэдгээрээ онцлог болсон. Тус брэнд нь андерграунд хэв маягтай гэдэг утгаараа загварын шоуг олон тооны чингэлэг болон агуулах байрладаг газарт чанга техно хөгжмийн хэмнэл дор зохион байгуулжээ. Цуглуулгын гол санаа нь дэлхий дахинд болж буй улс төр, эдийн засгийн асуудлуудыг дүрслэн харуулахад оршиж байгаа бөгөөд хүн төрөлхтний бүтээж буй ирээдүйд шүүмжлэлтэй хандахыг хичээсэн байна.

Б.Энххүслэн

2024-08-12, 11:46