Нью-Йоркийн загварын долоо хоног өндөрлөж Лондон хотынх эхлэн амжилттай үргэлжилж байна. Лондонгийн загварын долоо хоногт оролцож буй брэндүүд энэ сарын 17-21 өдрүүдийн хооронд цуглуулгаа толилуулах бөгөөд бид өнөөдрийг хүртэл шинэ цуглуулгуудаа танилцуулаад амжсан онцлох брэндүүдийг хүргэж байна.
Английн Rejina Pyo брэндийн бүтээлч захирал өөрийн загваруудаараа Лондонгийн хавар-зун загварын долоо хоногт өнгө нэмлээ. Учир нь тэрээр нэг төрхийг бүрдүүлэхдээ олон төрлийн өнгө оролцуулжээ. Дизайнер цуглуулгын онцлох загвараар бикини хослол болон залгаа усны хувцсыг нэрлэсэн бөгөөд уг загваруудыг брюкэн өмд, тейлор хийцтэй хослол, ноосон шоорт болон oversize цамцтай хослуулсан байлаа. Ингэснээр тэрээр усны хувцсыг өдөр тутамдаа ч өмсөх боломжтой гэдгийг харуулсан юм. Түүнчлэн Лондон хотын гудамжийг дүрсэлсэн, алаг тахь хээтэй ноосон хантааз, тэгш бус хэмтэй даашинзууд хавар-зун 2022 цуглуулгыг урьд урьдынхаас илүү онцлог болгожээ. Мөн дизайнер оversize загваруудыг кроп-топ, бие барьсан хувцастай хослуулан төрхийг илүү тэнцвэртэй харагдуулж чадсан байна.
Яг л таамаглаж байснаар Erdem загварын ордны цуглуулгад романтик даашинзууд, jacquard материалаар урласан анхаарал татахуйц хослолууд багтсан байлаа. Цэцгэн хээ, нэхмэл деталь, хөвсгөр ханцуй, бэлхүүс тодотгосон эсгүүр зэрэг нь цуглуулгыг тодорхойлох шинж чанарууд юм. Өнгөний хувьд хавар-зун 2022 цуглуулга харьцангуй даруу харагдсан бөгөөд бүтээлч захирал Эрдем Морлаиоглу хар, цагаан, хүрэн, ногоон болон улбар шар өнгөнүүдийг ашиглажээ.
Marni брэндтэй хамтарч байсан туршлагатай Yuhan Wang ордны бүтээлч захирал Хятад гаралтай Юан Ван нь хавар-зун 2022 цуглуулгаараа дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэхийг зорьжээ. “Өнөөдөр, 21-р зуунд, эмэгтэйчүүд айдас дунд амьдрах ёсгүй. Ялангуяа, Ази тивийн улсуудад уг асуудал нь илүү хурц байна” хэмээн онцолсон юм. Цуглуулгад эмэгтэйлэг байдлыг илэрхийлсэн намирсан даавуу, пастель өнгөнүүд давамгайлснаас гадна дизайнерын хүргэхийг хүссэн санаа ч бас тодорхой харагдаж байлаа. Тухайлбал, Юан Ван төрхийг бүрдүүлэхдээ гар бууны гэр, цүнх зэргийг нэмэлт деталь болгон оруулснаар эмэгтэйчүүдийг аюул дунд амьдарч байгааг онцлов. Түүнчлэн Ваны нэрийн хуудас болсон мөр гаргасан топ, савхин корсетууд цуглуулгад зонхилжээ.
Molly Goddard энэ жил хавар-зун 2022 цуглуулгаа дижитал хэлбэрээр танилцуулж буй цөөн брэндүүдийн нэг юм. Учир нь бидний хайртай дизайнер Молли амаржаад удаагүй байгаа тул илүү эрсдэл үүрэхийг хүсээгүй байна. Хавар-зун цуглуулгыг урлах ажлаа тэрээр найман сартай байхдаа эхлүүлсэн бөгөөд эгч, стилист Алиса Годдарттай хамтран бүтээжээ. Тэрээр загваруудаа урлахдаа өөрийн багадаа өмсөж байсан даашинзуудаасаа сэдэл аван бүтээсэн бөгөөд үр дүнд нь хөвсгөр, хагас гэрэлтсэн даашинзууд нүдэнд өртөж байлаа. Түүнчлэн Годдард эрэгтэй, эмэгтэй хэн ч өмсөж болох, хүйсгүй балерина гутал урласан нь цуглуулгын онцлох загвар болсон юм. Харин загварчлалын хувьд мини даашинзыг өргөн жийнсэн өмд, пүүзтэй хослуулсан нь өвөрмөц харагдаж байлаа.
David Koma брэндийн загварын шоу алдарт архитектор Заха Хадидын дизайнаар баригдсан Лондон хотын усан спортын төвд болсон юм. Бүтээлч захирал энэхүү газрыг сонгох болсон шалтгаанаа “Би өөрийн загваруудаа хуучны Холливүүдийн гламур хэв маягтай хослуулахыг хүссэн” хэмээн тайлбарлажээ.
Шинэ улиралд дизайнер яг л далай, уснаас санаа аван бүтээсэн мэт загваруудыг танилцууллаа. Загвар өмсгөгчид шууд утгаараа усан дээгүүр алхаж байсан бөгөөд бие барьсан даашинз болон юбканууд нь усан шумбалтын хувцаснуудыг санагдуулж байлаа. Түүнчлэн цуглуулгад багтсан өдөөр чимэглэсэн загварууд хавар-зун 2022 улирлын гол чиг хандлагуудын нэг болоод байгаа билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт