
Бөмбөлгөн хээтэй загвар эргэн тренд боллоо: Хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Саяхныг хүртэл төрөл бүрийн амьтны хээ зонхилсон хувцас тренд болж байсан бол энэ жил бөмбөлгөн хээ алагласан, романтик өнгө аястай загварууд эрэлтээрээ тэргүүлэх болно гэдгийг дизайнерууд өөрсдийн шинэхэн цуглуулгаараа батлан харууллаа.
Энэхүү хээг 19-р зууны эхээр үүссэн хэмээн үздэг бөгөөд анх фламенко бүжигчид хурдтай, эрч хүчтэй хөдөлгөөнтэй Полка бүжгийг бүжиглэхдээ өмсдөг байжээ. Ийнхүү polka dots буюу бөмбөлгөн хээ Коко Шанель, Юбер де Живанши зэрэг дизайнеруудын анхаарлыг татаж, улмаар кино урлагийн домог болсон Марлен Дитрих, Жуди Гарланд, Грета Гарбо тэргүүтэй жүжигчдийн гол гангарааны нэг хэсэг болон улам дэлгэрч байв.




Цаашлаад 2017 онд Jacquemus, Balenciaga, Loewe зэрэг загварын орднууд бөмбөлгөн хээ алагласан, шууд л анхаарал татахуйц гоёмсог загваруудыг урлаж тус хээг дахин моданд оруулж байсан юм. Харин энэ удаа Valentino, Carolina Herrera, Jacquemus, Moschino, Altuzarra гэхчлэн дэлхийн шилдэг брэндүүд шинэ улирлын цуглуулгадаа сонгодог хар цагаанаас эхлээд төрөл бүрийн тод өнгийн бөмбөлгөн хээтэй загваруудыг шингээж өгчээ.
Харин энэхүү чиг хандлагыг хэрэгжүүлэхдээ тэнцвэрийг олох нь маш чухал юм. Жишээлбэл, бөмбөлгөн хээтэй юбка өмсөхөөр шийдсэн бол дээгүүрээ энгийн силуэттэй цамц сонгож өмсөх нь хувцаслалтыг тань илүү тэнцвэртэй харагдуулна. Эсвэл өдөр тутмын хувцаслалтаа илүү дэгжин, шик харагдуулахыг хүсвэл бөмбөлгөн хээтэй хүзүүний алчуур, гадуур хүрэм, цүнх зэргийг хослуулан загварчлаарай. Мөн бөмбөлгөн хээтэй хувцас өмссөн бол амьтны, цэцгэн гэх мэт бусад төрлийн хээтэй хослуулахгүй байх нь хамгийн зөв шийдэл байх болно.


















Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт