
Алтан үеийн Холливүүд загварын ертөнцөд эргэн ирлээ
Олон улсын кино наадмууд шилдгүүдээ тодруулж дууслаа. Тэр дундаа залуу жүжигчид болох Тимоти Шаламе, Майки Mэдисон, Зендея гээд өөрийн өвөрмөц дүр төрх, авьяаслаг жүжиглэлтээрээ Америк төдийгүй дэлхий дахинд нэрээ цуурайтуулж буй тэдний давлагаа нэгэнт хүчээ авчээ. Anora дэлгэцийн бүтээлд гол дүр амилуулсан Майки Мэдисон өнөө цагийн жинхэнэ халуухан бүсгүй гэх нэрийг авсан бол яагаад гэдгийг түүний тоглосон киног үзэхэд л хангалттай. Агаар адил залуу насны гоо үзэсгэлэн гэх сэдвийг өөр өнцгөөр харуулсан The Substance дэлгэцийн бүтээлд туслах дүрд тоглосон Маргарет Куолли өөрийн авьяас чадвар гоо сайхнаараа аль хэдийн залуусын зүрхийг мөн л булаав. Харин мюзикл киноны ертөнцийг залуу дуучид болох Синтия Эриво, Ариана Гранде нар эзэгнэлээ. Синтиягийн киногоо жаргаасан сүүлийн хоолойн нугалааг та бид даган дуурайсан гэдэгт итгэлтэй байна. Япон гаралтай залуу жүжигчин Анна Савайд бид баяр хүргэхгүй бол болохгүй, Алтан бөмбөрцгийг Ази охин хүртлээ шүү дээ. Ер нь Ази соёлын довтолгоог Blackpink хамтлагийн Лиса ахалсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр энэ жил Оскарын тайзнаа James Bond киноны дууг дахин амилуулж дуулсан билээ. Эцэстээ Холливүүд гэх том босгыг даван орж ирж буй тэдний амжилт аль хэдийнээ дэлхийд данслагджээ.
Улаан хивсний ёслол, кино наадмын хүндэтгэлийн цэнгүүнд залуу одууд харин "Юу өмссөн бэ?" гэдэг асуулт загварын хорхойтнуудын хувьд онц сонирхол татлаа. Эмэгтэй хүний яруу зөөлөн оршихуй, гоо үзэсгэлэнг улам дөвийлгөх үдшийн даашинзнууд хийгээд тэдний ард ажиллаж байдаг стилистүүдийн дунд өрсөлдөөн хүртэл явагдаж байсан нь илт. Ерөнхийдөө эл өдрүүдэд залуу эмэгтэй оддын гоёл, даашинзны загвар, үсний засалт нэг хоёрхон сэдэв дээр огтлолцож байгааг анзаарах хэрэгтэй болов уу. Яахын аргагүй хар цагаан киноны гламур хэв маяг, алтан үеийн Холливүүд эргэн ирж, загвар хувьсах бус харин загвар өөрөө ямар нэг түүхээс эхэлдэг гэдгийг Холливүүдийн залуу одууд бидэнд харуулах шиг боллоо. Тэгвэл алтан үеийн Холливүүдийн алдартнууд, тэр дундаа эмэгтэй одуудын сүр жавхаа ямар байсныг эргэн санах нь зүйтэй болов уу.



Breakfast at Tiffany's, Funny Face, Mahogany, Blow-Up гээд тоочиж үл барам загварын бэлгэдэл болсон дэлгэцийн бүтээлүүдийг бид андахгүй. Хувцас загвар кино урлагт, кино урлаг хувцас загварт нөлөөлж эхэлсэн энэ буухиа Одри Хепбёрн, Мэрилин Монро тэргүүтнүүдгүйгээр төсөөлшгүй. Яваандаа өв тэгш бие галбир, дүр төрхтэй байх гэсэн эмэгтэй жүжигчдийн Холливүүдийн жишиг 1950-аад оноос нуран унаж эмэгтэй хүний өвөрмөц дүр төрхийг илүүтэй магтан дуулах үе ирсэн гэдэг. Барбра Стрейзандын үргэлж шүүмжлэлд өртдөг “овойсон том хамар” гэх доромж утга бүхий шүүмжийг няцааж, эсрэгээрээ түүний дүр төрхийг жинхэнэ эмэгтэй хүний гоо сайхан хэмээн тунхагласан нь загварын салбарынхны гавьяа буй зээ. Ийм л өгөө аваа, эв хавыг кино урлаг, хувцас загвар, сэтгүүл зүйн салбарууд нийлж цогцлоожээ. Явсаар, явсаар гэдэг аман яриа шиг өнөө цагийн Холливүүдийн залуу бүсгүйчүүд бидэнд тэрхүү алтан үеийн гламур донжийг авчирлаа. Хэн дараагийн Мэрилин вэ, хэн дараагийн Одри эсвэл Барбра вэ гэдэг асуулт асуух бус, харин аль залуу жүжигчин жинхэнэ хар цагаан киноны шик хэв маягийг амилуулсан бэ гэдэг асуултыг тавьж тэдний улаан хивсний ёслол дээрх дүр төрх, гоёлын даашинзнуудтай танилцацгаая.
Mайки Мэдисоны Оскарын наадамд өмссөн Bal à Paris даашинзны эх бүтээл нь 1956 оны Кристиан Диорын амьд ахуйдаа урласан бүтээл юм. Энэхүү бүтээлийг Dior Couture Atelier ордны бүтээлч захирал Мария Грациа Кьюри жүжигчний биеийн онцлогт тохируулж тусгайлан бүтээжээ.



Ариана Гранде Givenchy брэндийн 1966 онд бүтээсэн даашинзыг Алтан бөмбөрцөг кино наадамд тусгайлан сонгожээ. Swarowski хүзүүний зүүлт болон, мини чёлка үсний засалт нь 1960-аад оныг санагдуулах мэт.





Dune Part Two болон Challengers киногоороо ахин өөрийнхөө жүжиглэх чадварыг бататгасан Зендея улаан хивсний ёслолд хүрэлцэн ирэхдээ хамгийн их шуугиан тарьдаг нэгэн билээ. Мэдээж түүний стилист Лоу Роучийн арвин их туршлага хийгээд мэдрэмж үүнтэй салшгүй холбоотой. Бүсгүйн өмссөн гуулин шар Louis Vuitton брэндийн урт хормойтой даашинз мөн л хуучны Холливүүдийн донжийг буцаан авчирлаа. Уг даашинзыг сонгоход хүрсэн шалтгаан нь 1950 онд гялалзаж байсан Джойс Брайант дуучны хувцаслалтаас иш татсан хэмээн мэдэгджээ.



Ялдамхан залуу жүжигчин Эль Фэннинг Алтан бөмбөрцөг кино наадмын улаан хивсний ёслолд зориулж Balmain брэндийн 1953 оны даашинзыг ахин амилууллаа. Алтлаг хүзүүний зүүлт, тоорын усан ягаан бөмбөгөр даашинз, нэмэлтээр ирвэсийн оруулгатай V хэлбэрийн энгэр нь бүхэлдээ бүсгүйн бие галбирыг төгс тодотголоо.


