Лондоны загварын долоо хоног дээр юу болж өнгөрөв?: Онцлох 5 цуглуулга

Хавар-зун 2023

Лондон хотын хавар-зун 2023 улирлын загварын долоо хоног амжилттай болж өнгөрлөө. Бид хамгийн их сонирхол татсан цуглуулгуудыг танилцуулж байна.


JW ANDERSON

Брэндийн бүтээлч захирал Жонатан Андерсон шинэ цуглуулгаараа тэс ондоо гоо зүйн илэрхийлэмжийг толилуулсан билээ. Тухайлбал, цуглуулгад компьютерын кейбордыг санагдуулам цамц, хоолой нь доош харсан ноосон цамц, металл бүрхүүл мэт даашинз болон гүн ухлаадастай загварууд зонхилсон юм. Тэрээр шинэ цуглуулгаа “Эдгээр этгээд харагдаж болох загварууд нь футуристик хэв маягтай гэж огтхон ч бодохгүй байна. Харин ч реализмыг харуулж байгаа. Ерөнхийдөө энэ цуглуулга нь бидний яг одоогийн тусгал гэж хэлж болно” хэмээн тодорхойлсон байна. Тайзнаа алхсан моделиудын төрхийг цулгуй сандаал, түрийтэй гутал болон энгийн хийцтэй цүнхнүүдээр чимж, илүү дутуу аксесуар ашиглаагүй ба natural нүүр будалт хэрэгжүүлсэн юм.


NENSI DOJAKA

Яг л таамаглаж байснаар Nensi Dojaka брэнд нэвт гэрэлтсэн, торон материалтай загваруудаа танилцууллаа. Сүлжмэл хийц, нарийн мөр, дотуур хувцасны элементүүд нь цуглуулгыг тодорхойлох гол шинж чанарууд байсан юм. Харин өнгөний хувьд хавар-зун 2023 цуглуулга илүү өнгөлөг палитртай болж, дизайнер Нэнси Доёака улаан, цэнхэр, ирвэсийн хээтэй секси даашинзнууд урласан байна.


CHRISTOPHER KANE

Хоёр жил завсарласны эцэст дизайнер Кристофер Кейн Лондоны загварын тайзнаа эргэн ирлээ. Дизайнерын шинэ цуглуулгад эмэгтэйлэг байдлыг илэрхийлсэн намирсан даавуу, геометрийн хээ, пастель өнгөнүүд давамгайлж Лондоны загварын долоо хоногт өнгө нэмж чадсан юм. Мөн тайзнаа үзэгдсэн хажуу талдаа оноотой урт юбка, эртний грекийн бурхдыг санагдуулам торгон нөмрөг, хуванцар материал, этгээд эсгүүртэй даашинзнууд ирэх жилийн гол трендүүдээр тодрох хандлагатай байна.


SIMONE ROCHA

Зөвхөн эмэгтэй хувцасны цуглуулга урладаг байсан Simone Rocha ордон Лондоны загварын долоо хоногийн хүрээнд эрэгтэй загварууд танилцуулаад авлаа. Эрэгтэй загваруудад сувдаар чимэглэгдсэн тренч цув, цацагтай бомбер, цэцгэн хээтэй цамц, эрвээхэй зангилаатай, мөн гялалзсан чимэглэлтэй гутлууд багтсан байна. Эмэгтэй болон эрэгтэй загваруудад зонхилсон гол элемент бол цамц болон даашинзнуудын мөрийг орлож, бэлхүүснээс унжиж, гоёмсог тууз мэт харагдах бүс байлаа.


ERDEM

Эрдем Моралиоглу музей сэргээн засварлагчдаас бүтээлч санаа аван тэдний хамгийн нарийн төвөгтэй уран бүтээлийг хүртэл засварлах чадварыг нь бишрэн энэхүү шинэ цуглуулгаа урлажээ. Мөн брэндийн шоу Британийн музейд зохион байгуулагдсан ба цуглуулга яг л тус музейд байрладаг шилдэг уран бүтээлүүд мэт харагдаж байлаа. XVII зууныг санагдуулам хээ, хатан хаан Викториагийн үеийн мөр, намирсан материал, торон нөмрөг Erdem брэндийн хавар-зун 2023 цуглуулгыг урьд урьдынхаас илүү онцлог болгожээ.

Buro.Mongolia

2022-09-22, 18:10