Бюро 24/7 тойм: Monalun, намар-өвөл 2017/18

Хүчирхэг эмэгтэйн хуяг

Тэр бол өөрийнхөө дотоод ертөнцийг ойлгосон, зорилгоо тодорхойлж чадсан, эмэгтэйчүүдийн түүхэнд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулахаар хөдөлмөрлөж буй бүсгүй юм. Тэр бол феминист үзэл баримтлалд автахаас илүүтэйгээр өөрийн хүч чадалд итгэж, үйл хөдлөлөөрөө өөрчлөлт авчрахыг хүсэж буй эмэгтэй. Яг л ийм эмэгтэйн дүр төрхийг Monalun брэндийн бүтээлч захирал Б.Номунгэрэл энэ улиралд гаргахыг хүсчээ. "Өнөөдрийн нийгэмд эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс илүү ажил хэрэгч, зоригтой, зорилготой болж байна. Гэхдээ үүний хажуугаар эмэгтэйчүүд өөрийгөө гаргуунд хаялгүй улирал үл хамааран үргэлж гоёмсог хувцаслаасай гэх хүслийн дагуу энэ цуглуулгыг бүтээлээ" хэмээн дизайнер бидэнтэй хуваалцсан юм.

Феминизмийн хөдөлгөөний хоёр дахь давлагаа тохиож байсан 1970-аад онуудыг санагдуулам хамба хилэн материалтай хослол ба даашинзууд загварын тайзнаа дарсны ягаан, гүн цэнхэр, бор өнгөнүүдийн сонголттойгоор гарсан нь тэрхүү хүчирхэг бөгөөд зөөлөн гэх хоёр туйлыг өөртөө нэгтгэж чадсан гэлтэй. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үеийн гэмээр цэргийн аястай савхин цув, үслэг оруулга зэрэг нь өнөөдрийн нийгэмд эрх тэгш байдлын төлөөх тэмцэл явагдаж буйг сануулж буй мэт эмэгтэй хүний загварлаг "хуяг" болжээ.

Б.Номунгэрэлийн шинэ загварууд эмэгтэй хүнийг хүчирхэг, дэгжин харагдуулахын зэрэгцээ хүйтний өдрүүдэд тохиромжтой, практикт ойр болсон нь цуглуулгын гол давуу тал болсон юм. Савхи, хамба хилэн материалаас гадна энд мөн ноолуур болон хурганы арьсаар хийгдсэн гадуур хувцаснууд багтаж, хэрэглэгчдэд бүх талын өргөн сонголт бүрдүүлж өгсөн байлаа.

Харин аксесуарын хувьд дизайнер энэ улиралд хүчээ авч буй бүсэлхийндээ зүүдэг паска цүнх болон винтэж загварын дөрвөлжин хэлбэрийн гар цүнх гэх сонирхолтой хувилбарууд танилцуулсан байна. Эдгээр аксесуар нь цуглуулгын ерөнхий сэдэвтэй уусаж, "хаан зөгий" ба "хатан зөгий" хэмээх ажил бүтээх увидастай бэлгэ тэмдгээр чимэглэгдсэн нь Monalun брэндийн энэ улирлын чиглэлийг дахин нэг удаа тодотгожээ.

Ө.Тодгэрэл

2017-11-02, 19:00

  • Зураг: Sentience Studio