Nina Ricci-д зориулсан хоёр дах цуглуулгадаа Гийом Анри арай өөр хэлээр ярьж эхлэлээ. Өмнө нь тэр зөөлөн өнгө, нимгэн материал сонгодог байсан бол одоо бараан тал уруу шилжлээ
Гийом Анригийн Nina Ricci-д зориулсан анхны цуглуулга маш цэвэр ариун, зөөлөн мэдрэмжтэй байсан тул түүний энэ удаагийн гэнэтийн өөрчлөлт олныг алмайруулж чадлаа. Түүгээр ч барахгүй дизайнер өмнө нь Carven брэндэд ажилладаг байхдаа хүртэл нэлээд даруухан маягийн загварууд гаргадаг байсан шүү дээ. Тэгтэл Анрийг бид дутуу үнэлсэн бололтой. Дизайнер брэндийн уйтгартай, эмэгтэйлэг ба зөв байдлыг умартаж, тачаангуй урхидалт санагдуулам цуглуулга танилцууллаа. Тайзан дээр гэрэлтсэн материалтай, бие гэрэлтсэн цув загварын даашинз, шифон даашинз болон болхи лакан арьсан дээрх уруулын будгийн толбонууд гарч ирэхэд үзэгчид гайхшралд орлоо. Энэхүү 1990-ээд оны огтхон ч загварлаг биш хэв маягийг Гийом Анри өөрийн стильдээ тохируулан, хошин мэдрэмж нэмж илүү тааламжтай болгосон харагдана.
Энэ зэргийн илт тачаангуй байдал, лакан улаан юбка болон хар гэрэлтсэн коовтны бүдүүлэг төрх хүртэл Анригийн ачаар илүү зугаатай болон хувирчээ. Хамгийн тачаангуй ирвэсийн хээг дизайнер толботой үхрийн хээгээр сольж, материалыг нь үхрийн арьс шиг хийжээ. Мөн үйлчлэгч бүсгүй гэх бас нэгэн тачаангуй төрхийг тэрбээр өөрчилж, гэрэлтсэн хормогчийг гялалзсан улаан өнгийн хачирхалтай загварын цамцтай хослуулснаар үзэгчдэд хөгтэй мэдрэмж төрүүллээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт