Rinchin Yesui брэндийн загварын шоу Sky Garden хотхоны туннелд болж өнгөрлөө

Арга хэмжээг дотроос нь харцгаая

Их тэнгэрийн амыг түшиглэн байрлах Sky Garden Residence-д загвар болон архитектурын шийдэл хосолсон нэгэн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тэнд Rinchin Yesui өөрсдийн цуглуулгаа танилцуулсан бөгөөд брэндийн урласан шинэ загваруудын хажуугаар шоу болсон байршил анхаарлыг минь давхар татсан юм.

“Sky Garden” хэмээн хаягласан хаалгаар нэвтрэн хотхоны яг төв хэсэгт очмогц Winter garden буюу Өвлийн цэцэрлэгт хүрээлэн гэх байгууламж урд минь сүндэрлэнэ.

Sky Garden Residence-ын "Winter Garden"

Энэ бол Rinchin Yesui-гийн загварууд дэлгэгдэхээр товлогдсон газар бөгөөд хаалгыг нь татан ороход зохион байгуулагч багийнхан найрсгаар угтан авч бүх зочдыг улаан дарсаар дайлж байв. Гантиг чулуунд хучигдсан шал болон багана, мөн байгалийн гэрэл шууд тусах цэлгэр том цонхтой энэхүү давхарт хүрэлцэн ирсэн хүмүүсийн зургийг камерын дуранд мөнхлөх тусгай хэсгийг засжээ. Уг хэсгийг өнгөрөн цааш явах юм бол доод давхартай холбогдсон мушгирсан шатанд тулан ирнэ. Тэндээс өнгийгөөд харвал халуун оронд түгээмэл үзэгддэг далдуу мод тааз шүргэх хиртэй сүндэрлэхийн сацуу олон нэр төрлийн өвс ургамлууд үүнийг мөн хүрээлжээ. Энэхүү байгууламжийн зориулалт нь тэгвэл юу болох талаар сониучирхан асуухад дөрвөн улирал дамнан хотхоны оршин суугчдад нээлттэй байдаг бичил цэцэрлэгт хүрээлэн гэдгийг тус газрыг хариуцсан мэргэжилтэн надад хэлсэн юм. Агаарын бохирдолтой өвөл, шороон шуургатай хавар, навчис цэцэгс нь нүд ирмэхийн зуурт гандчихдаг намар гээд ногоон байгаль нь тун чиг богино настай Монголын нөхцөлд Sky Garden Residence-ын зүгээс оршин суугчдадаа, тэр дундаа хүүхэд, ахмад настанд цэвэр агаартай зуны улирлыг өдөр бүр бэлэглэхийг зорьжээ.

Орчинтойгоо танилцах зуур үндсэн арга хэмжээ буюу загварын шоу эхлэх болсныг зарлаж нэг давхрын зүүн жигүүрт байрлах хаалгаар зочдыг оруулж эхэллээ. Хаалганы цаана Sky Garden Residence-ын бүх орон сууцыг газар доогуур холбодог туннел байх нь тэр. Мушгирсан гудамж мэт уг туннелийн эхлэлд уух зүйлс өрсөн ширээ байршуулж, харин цаана нь зочдын суух сандлыг хана түшүүлэн өржээ. Ийнхүү зочид суудлаа эзлэхтэй зэрэгцэн шоуг нээж дуучин Болд уран бүтээлээсээ толилууллаа. Түүний араас Aimar продакшн болон дуучин ShijiR нар өөрсдийн үзүүлбэрээрээ үзэгчдийг нэг сэргээгээд авсан юм. Ийнхүү хөтлөгч Rinchin Yesui брэндийн цуглуулгыг зарлахад танхим дахь гэрэл цөм унтарч тас харанхуй орчин бүрдлээ. Үүнтэй залгуулан хүчтэй цохилт бүхий дуу эгшиглэснээр цуглуулгын эхний төрх гарч ирсэн юм. Ингэхдээ моделийн гишгэлэх алхам бүртэй зэрэгцэн газар тавьсан гэрлүүд нь дараалан асаж харанхуй хонгилыг өмссөн загвараараа гэрэлтүүлж буй мэт харааны тоглолтыг хийсэн байна.

Хөтөлсөн Н.Наранбаатар
Дуучин Болд
Дуучин Shijir

Моделиуд ар араасаа цувран гарахад загвар нэг бүрд үндэсний хэв маяг шингэсэн харагдана. Уламжлалт элементийг өдөр тутмын хувцсанд нутагшуулдаг Rinchin Yesui-н арга барил дээлийн энгэртэй тренч цув, монограм хээ угалз бүхий торгон даашинз, тэгш бус хэмтэй монгол цамц гэхчлэн дизайнаар шинэ цуглуулгад биеллээ олжээ. Үүний сацуу дийлэнх загварууд геометрийн дүрс мэт хурц өнцөгт силуэттэй байв.

Нийт 24 төрхөөс бүрдсэн цуглуулгыг хоёр хэсэгт хуваан үзэгчдэд толилуулсан ба эхний хэсэг өндөрлөсний дараа тайз хэсгээр чөлөөтэй явж орчинтойгоо улам ойроос танилцах боломжтой болов. Ийнхүү туннелийн нэг захаас нөгөө рүү алхахад хананд өлгөгдсөн зургуудтай тааралдана. Тухайн хэсэг нь газар доорх галерейг санагдуулах ба цаашид уран зураг болон инсталляцууд тавигддаг платформын зориулалтаар ашиглаж болохуйц харагдсан юм. Ийнхүү туннелээс гаран хамгийн дээд давхар луу өгсөхөд тус байгууламж нь цэлгэр том номын сан, кафе, уулзалт хийх боломжтой хаалттай өрөөг давхар шийдэж оршин суугчдын тав тухыг хангажээ.

15 орчим минутын дараа шоуны хоёрдугаар хэсэг үзэгчдийн хүртээл болоход хүннү захтай дээл, хэвлий ил гарсан уламжлалт цамц, нарийн утсан мөртэй макси даашинз гэхчлэн загваруудаар Rinchin Yesui өөрсдийн шоуг төгсгөсөн юм. Үүний дараа зочид өвс ургамлаар хүрээлэгдсэн Winter Garden-ы үндсэн хэсэгт шоуны after party-нд оролцлоо. Зочид тэнд бартендер Авараагийн бэлтгэсэн коктейлийг Dj Henza-гийн хэмнэл дээр шимэнгээ цэвэр агаар, өвс ургамал цогцолсон орчныг өөрсдийн биеэр таашаан нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ.


Sky Garden Residence

Утас: 7715 5555

Вэбсайт: skygarden.mn

Facebook: Sky Garden Residence

Instagram: @skygardenresidence

Б.Энххүслэн

2024-04-16, 17:07