Загварын ертөнцийн түүхэнд бичигдсэн шоунууд
Дэлхийн томоохон загварын орднууд болон шинэхэн үүсгэн байгуулагдсан брэндүүд жилд 2-4 удаа шинэ цуглуулгаа толилуулж, ирэх улирлын чиг хандлагыг тодорхойлдог уламжлалтай. Ерөнхийдөө орчин үеийн хүмүүс улирлаас улиралд загвар зохион бүтээгчид ямар хэв маяг, тэр бүү хэл ямар хийц болон материалыг тренд болгох тухай мэдэхийг тэсэн ядан хүлээдэг болсон. Тэр тусмаа Парис, Милан, Нью-Йорк, Лондон зэрэг загварын нийслэл хэмээн тодорхойлогддог хотуудад хамгийн их брэндүүд цугларч, олон жилийн турш гоёмсог загваруудаа танилцуулсаар ирсэн билээ. Тэгвэл бид энэ удаад олны сэтгэлд хоногшсон, одоог хүртэл халуун ярианы сэдэв болсон, домогт загварын шоунуудыг эргэн дурсахаар шийдлээ.
Жишээ нь Gucci ордны намар-өвөл 1996 улирлын тачаангуй атлаа дэгжин цуглуулга, Марк Жейкобсийн үеийн Louis Vuitton брэндийн хавар-зун 2008 улиралд зориулсан моделиудыг сувилагчдын дүрд хувиргасан цуглуулга, мөн дизайнер Александр Маккуины сүүлийн хавар-зун 2010 улирлын цуглуулга зэрэг эргэн дурсах олон гайхалтай шоунууд бий.
Versace, намар-өвөл 1991
Хэрвээ 1991 онд интернет ертөнц өнөө үеийнх шиг хөгжсөн байсан бол Versace ордны тус шоу нь цахим ертөнцийг шуугиулах байсан гэдэгт итгэлтэй байна. Загвар зохион бүтээгч Жанни Версаче шоунд Наоми Кэмпбелл, Кристи Тарлингтон, Линда Евангелиста, Синди Кроуфорд зэрэг моделиудыг урин оролцуулсан юм. Тэрээр моделиудыг гар гарааcаа барилцан Жорж Майклын “Freedom! ’90” дууг дуулан тайзан дээр алхахыг хүссэн байна. Шоуны дараа эдгээр моделиуд дэлхийн хамгийн нэр хүндтэй загвар өмсөгчид болж чадсан гэгддэг. “Бидэнд өдөрт 10 мянган ам.доллараас бага мөнгө төлнө гэвэл орноосоо ч босохгүй” хэмээн Евангелиста хожим нь Vogue сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.
Chanel, хавар-зун 1994
Chanel брэндийн тус шоу нь поп соёл болон загварын ордны өв уламжлалыг төгс хослуулж чадсан том үлгэр жишээ болж түүхэнд бичигдсэн билээ. Домогт дизайнер Карл Лагерфельд тус ажлыг гайхалтай гүйцэтгэж чадсан юм. Тэрээр ордны лого бүхий аксесуар, гинжин бүс, маш жижиг эсгүүртэй бикини болон дугуйт тэшүүр зэргийг хавар-зун 1994 улиралд зориулан толилуулжээ.
Thierry Mugler Сouture, намар-өвөл 1995
Брэндийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан дизайнер Тьерри Мюглер 1995 онд ердийн нэг загварын шоу биш харин Парисын өвлийн циркт сүр жавхлан бадарсан гайхамшигт нэгэн үзүүлбэрийг толилуулсан удаатай. Тэрхүү үзүүлбэрт Жерри Холл, Кармен Делл'Орефиче, Верушка нар оролцсон юм. Харин Патти Хирст тайчих үзүүлбэр үзүүлсэн бол Пэт Кливленд Мария авхайн дүрийг амилуулан гарч ирсэн. Мөн дуучин Жеймс Браун гялалзсан конфетти цааснуудын бороон дор өөрийн үзүүлбэрээр шоуг хаасан байна.
Prada, хавар-зун 1996
Prada 1996 оны хавар-зуны улиралд зориулан байгалийн өнгө давамгайлсан, мөн кубизм урсгалыг санагдуулам цуглуулга танилцуулснаар тухайн үед олны дунд маргаан дагуулж байсан түүхтэй. Брэндийн сүүлийн үеийн цуглуулгад нь ч анзаарагддаг ордны давтагдашгүй хэв маягийн түүх хэрхэн эхэлснийг дээрх бичлэгээс олж үзээрэй.
Gucci, намар-өвөл 1996
Дизайнер Том Форд төгс эсгүүр, гүнзгий зүсэлттэй энгэр, бариу силуэт гэх үгсээр тодорхойлогдох цуглуулгыг намар-өвөл 1996 улиралд зориулан танилцуулсан билээ. Тайзнаа “доргиох” бүжгийн хэмнэлтэй дуу эгшиглэж, Кейт Мосс, Эмбер Валлетта нар олныг байлдан дагуулсан загварын хувцаснуудыг толилуулсан юм. Харин Том Форд дэлхий дахинаа алдаршсан аж.
Hussein Chalayan, намар-өвөл 2000
Загвар зохион бүтээгч Хуссейн Чалаян өөрийн туурвидаг хувцас, эдлэлүүддээ философийн гүн утга учир шингээж чаддаг авьяасаараа танигдсан нэгэн юм. Мөн тэрээр биширмээр театрын мэт үзүүлбэрүүд зохион байгуулах дуртай байсан. Намар-өвөл 2000 улирлын шоунд зориулж дизайнер зочны өрөө мэт харагдах тайз засаж, тус өрөөний тавилга бүр нь дараа нь цуглуулгын нэг хэсэг болж таарсан юм. Шоуны төгсгөлд нэгэн загвар өмсөгч модон кофены ширээн дээр авирч, тэрхүү тавилга нь хөвсгөр юбка болж хувирдаг. Гайхалтай биш гэж үү?
Christian Dior Couture, намар-өвөл 2007
Дизайнер Жон Гальяно Christian Dior ордонд 10 жил зүтгэснийг тохиолдуулан өөрийн хамаг уран сэтгэмжээ ашиглан нэгэн өвөрмөц, этгээд шоу зохион байгуулжээ. Моделиуд романтик аястай хөвсгөр, цацагтай даашинзууд өмсөн тайзнаа алхсан юм. Сонирхуулахад, шоу хатан хаан Мария-Антуанеттагийн амьдарч байсан Версаль хотод болж өнгөрсөн түүхтэй. Хатан хааны өмсөх дуртай байсан даашинзуудыг санагдуулам загваруудтай дээрх бичлэгээс танилцаарай.
Louis Vuitton, хавар-зун 2008
Марк Жейкобс АНУ-ын нэрт зураач Ричард Принстэй хамтран хавар-зун 2008 улирлын цуглуулга дээр хамтран ажиллажээ. Шоуг нээсэн эхний 12 модель бүгд сувилагчийн хувцсыг санагдуулам төрхтэй тайзнаа гарч ирсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм.
Maison Martin Margiela, хавар-зун 2009
Дизайнер Мартин Маржела брэндийнхээ 20 жилийн ойг тохиолдуулан өмнө нь урлаж байсан хамгийн шилдэг загваруудаа ахин толилуулсан удаатай билээ. Тэрээр хавар-зун 2009 улирлын цуглуулгадаа намар-өвөл 1995 цуглуулгын парик, намар-өвөл 2005 улирлын дугуй хэлбэрийн эсгүүртэй савхин хүрэмний шинэчилсэн хувилбарыг багтаасан юм. Мөн шоуны тайзнаа аварга том бялуу гарч ирэн алхсныг дээрх бичлэг дээрээс үзээрэй.
Alexander McQueen, хавар-зун 2010
Суут дизайнер Александр Маккуины гаргасан “Plato’s Atlantis” нэртэй сүүлийн цуглуулга нь өөртөө уран зөгнөлт дижитал ертөнцийн сэдвийг шингээсэн юм. Гэхдээ тэрхүү ертөнцөд хүмүүс биш харин амьтад амьдардаг онцлогтой. Сонирхолтой нь, тус шоу нь Леди Гагагийн “Bad Romance” дуу гарсан өдөр зохион байгуулагдсан ба шоуны төгсгөл хэсэгт тэр дуу нь эгшиглэх болно. Үүгээр дуучны ертөнц Александр Маккуины төсөөлөлтэй тун төстэй байсан гэдгийг харуулсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт