Beige өнгийн өмдийг загварчлах стилистик аргачлалууд

5 төрлийн хялбар арга

Beige буюу цайвар шаргал өнгийн өмдийг ямар ч улиралд өмсөхөд тохиромжтойгоос гадна оффист, зугаалгад, болзоонд зориулан хүссэнээрээ загварчлах боломжтой. Харин бид энэ зун beige өмдтэй ямар сонирхолтой төрхүүд бүрдүүлж болохыг харуулж байна. 


Oversize сорочкан цамцтай

Хамгийн универсал сонголт бол өндөр суудалтай, сонгодог загварын beige брюкэн өмдийг сул загварын сорочкан цамцтай хослуулж өмсөх юм. Ингэхдээ цамцаа дангаар нь, аль эсвэл дотуур нь цагаан футболка өмсөн сул тавьж болно. Мөн хэрэв өдрийн турш олон ажил амжуулах шаардлагатай бол төрхөө хөлд эвтэйхэн кеттэй эсвэл лофертой хослуулж, гэнэтийн уулзалт төлөвлөгдөх магадлалтай үед өндөр өсгийтөө өөрт бэлэн авч яваарай.


Кроп топтой

Илүү эмэгтэйлэг атлаа онцгой загвар сонирхогчдод Жижи Хадидын өмсдөг шиг доор суудалтай өргөн beige өмдийг энгийн кроп топтой хослуулахыг санал болгож байна. Өглөө болон оройн цагаар сэрүүхэн салхитай, харин өдөр нь халуун байдаг наймдугаар сард төгс зохицох төрх юм. Сэрүүхэн үед дээгүүрээ сул загварын пиджак, савхин хүрэм өмсөөрэй.


Богино ханцуйтай цамцтай

Зуны хувцасны шүүгээн дэх хамгийн энгийн бөгөөд загварлаг зүйл бол богино ханцуйтай цамц юм. Харин цамцаа сонгохдоо өмдний өнгөтэй ижил шаргал загвар, аль эсвэл “color-blocking” буюу олон өнгөнүүдийг зэрэгцүүлж өмсөх аргыг сонгож, нил ягаан, улбар шар, ягаан зэрэг өнгөнүүдийг сонирхоорой. Мөн төрхөө өсгийтэй сандаал, өргөн хүрээтэй нарны шил, клатчаар баяжуулснаар чухал бизнес уулзалт, хүлээн авалт гээд илүү албан ёсны арга хэмжээнүүдэд санаа зоволтгүй очиж болох юм.


Нэвт гэрэлтсэн загвартай

Энгийн, өдөр тутмын хувцаслалтаас залхаж байна уу? Тэгвэл энэ улирлын хамгийн том чиг хандлагуудын нэг болох нэвт гэрэлтсэн хөнгөн материалтай загваруудаас сонголтоо хийгээрэй. Өргөн бүстэй beige өмдийг урт ханцуйтай, нэвт гэрэлтсэн цамцтай хослуулбал таны төрх маш сонирхолтой харагдах нь гарцаагүй.


Нарийн мөртэй майктай

Хэрэв та хэт чамин хувцаслах дургүй, аль болох минимал байдлыг эрхэмлэдэг бол beige өмдийг нарийн мөртэй майктай хослуулаарай. Ингэхдээ сүүлийн үед хайп үүсгээд байгаа Prada-ийн гурвалжин логотой цагаан майк, торгон материалтай хар майк, эсвэл гүнзгий зүсэлттэй загварыг туршиж үзээрэй.

Buro.Mongolia

2022-08-16, 10:53