Виржини Виар Chanel загварын ордонд анх 1987 онд хөл тавьж, дадлагажигчаас эхлэн бүтээлч захирал хүртэл дэвшин ажилласан туршлагатай. Тэгвэл тэрээр Chanel-ын бүтээлч захирлын албаа орхиж буйгаа мэдэгдээд байгаа юм. Виржини домогт Карл Лагерфельдээс суралцан нийт 30 жилийн турш ажилласан ба Лагерфельдын “баруун гар” хэмээгддэг байсан юм. Дизайнер 2019 оны гуравдугаар сард Chanel-ын бүтээлч захирлын хувиар дебют цуглуулгаа толилуулж байв.
Сүүлийн үед загварын орднуудын удирдлага солигдох явдал түгээмэл гарч байгаа ч Chanel-ын хувьд энэ бол тун ховор үзэгдэл юм. Учир нь Chanel 100 гаран жилийн турш үйл ажиллагаагаа явуулахдаа ердөө гурван бүтээлч захиралтай байсан түүхтэй. Габриэль Шанель, эсвэл бидний мэддэгээр Коко Шанель энэ бүхний эхлэлийг тавьж, түүний араас Карл Лагерфельд бүтэн 36 жилийн турш тус брэндийг удирдсан юм. Виржинигийн хувьд хэдий таван жилийн хугацаанд энэхүү үүргийг гүйцэтгэсэн ч Chanel-д нийтдээ 30 жил ажилласан нь багагүй хугацаа билээ.
Одоо харин нөлөө бүхий тус албан тушаалд хэн залрах нь хүмүүсийн сонирхлыг татах боллоо. Салбарынхны дэвшүүлж буй маш олон таамаг байгааг BURO. нэгтгэн хүргэж байна.
Сhanel-ыг удирдах дараагийн боломжит хүнээр Celine-ий бүтээлч захирал, франц дизайнер Эди Слиманыг нэрлэж байна. Тэрээр одоогийн ажлаасаа гарах гэж буй талаар цуу яриа дэгдсэн нь хүлээлтийг улам нэмэгдүүлээд байгаа юм.
Карл Лагерфельд Эди Слиманы загваруудад дуртай байсан гэдэг. Ялангуяа Карлын харцыг Эдигийн Dior болон Saint Laurent-д ажиллаж байсан үеийн туурвилууд булаадаг байв. Слиман 2000-2007 онд Dior-ын эрэгтэй загварын бүтээлч захирлаар ажиллаж байхдаа нарийн силуэттэй бариу хувцасны давлагааг эхлүүлж эрэгтэй загварын талбарт шинэ уур амьсгал оруулсан гэж үздэг. Тэдгээр хувцсыг нь Карл Лагерфельд өмсөхийн тулд 40кг хүртэл жин хасаж байжээ. Тухайн үед салбарынхан тэдний нөхөрсөг харилцааг ажиглан Карл дизайнер Слиманыг Chanel-ын дараагийн бүтээлч захирал болоход нь бэлтгэж байна хэмээх цуу яриа хүртэл гарч байсан юм.
Мөн дизайнер Кристиан Лакруа Daily Front Row сэтгүүлд Эди Слиманы талаар “Би түүнийг Dior юм уу, Chanel-д ажиллахыг хармаар байна” хэмээн хэлж байжээ. Слиман Christian Lacroix брэндэд нэг жилийн турш дадлагажиж байсан туршлагатай.
Карл Лагерфельд Moschino-гийн бүтээлч захирал байсан Жереми Скоттыг өөрийнх нь орыг залгаж Chanel ордныг удирдаж чадах цорын ганц хүн гэж Le Monde сэтгүүлж хэлж байсан удаатай. Жереми Скоттын хувьд Chanel-ын нэрийн хуудас болсон загваруудаас урамшин өөрийн цуглуулгадаа шингээдэг байснаараа алдартай юм. Түүний энэ арга барилыг Moschino-гийн намар-өвөл 2014 улирлын цуглуулгаас тод томруунаар олж харах боломжтой.
Саяхан Valentino-гоос гарч буйгаа мэдэгдсэн Пьерпаолло Пиччолиг дараагийн горилогчоор нэрлэж байна. Түүнийг хүмүүс Givenchy, эсвэл Chanel-д орно гэсэн хүлээлттэй байгаа юм.
Пьерпаолло Пиччоли кутюр загварууд урлахдаа маш чадварлагт тооцогддог. Тиймээс түүний нарийн төвөгтэй кутюр дизайн гаргадаг торгон мэдрэмж нь олон жилийн түүхтэй Chanel загварын ордонд өндрөөр үнэлэгдэх нь ойлгомжтой. Түүнчлэн Пиерпаолло Пичолли бол Карл Лагерфельдын ажилд хүндэтгэл үзүүлж өнгөрсөн жилийн Met Gala дээрх Рианнагийн цэцгэн чимэглэлтэй нөмрөг, урт торгомсог даашинзыг гардаж урласан нэгэн юм.
Сара Бёртоны одоогийн нөхцөл байдал Пьерпаолло Пиччолитой их төстэй. Тэрээр Пиччолигийн адилаар авьяаслаг, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн ба өнгөрсөн намар Alexander McQueen-аас гарснаа мэдэгдсэн билээ. Одоогоор олон жилийн түүхтэй брэндүүдийг маш цөөхөн эмэгтэй дизайнерууд ахалж байгаа бөгөөд хэрэв Сара Бёртон Chanel-ын дараагийн бүтээлч захирлаар сонгогдвол салбарын түүхийн нэг хэсэг болох төлөвтэй байна. Гэсэн хэдий ч дийлэнх хүмүүсийн дунд түүнийг Chanel-аас илүү Givenchy-д ажиллах байх гэсэн хүлээлт үүсжээ. Загварын сэтгүүлч Лаурен Шерман тус асуудлаар “Хэрэв Сара Бёртон үргэлжлүүлэн хувцас урлах хүсэлтэй байгаа бол түүнд Givenchy ордон хамгийн тохиромжтой болов уу” хэмээн Puck сэтгүүлд хэлсэн байна.
Хэдий Марк Жейкобс бие даасан брэндийнхээ үйл ажиллагааг явуулж байгаа ч Louis Vuitton-д ажиллаж байх үедээ хоёр бүтээлч захирлын албыг давхар хашхад асуудалгүй гэдгээ баталж харуулсан. Тэрээр 2005 онд Chanel-ын удирдлагад хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа өөрийн биеэр хүртэл илэрхийлж байсан удаатай. Тодруулбал, Жейкобс “Хэдий надад маш их айдас төрж болох ч миний одоогийн ажлаас өөр хийхийг хүсэж байгаа цорын ганц зүйл бол энэ" хэмээн New York сэтгүүлд хэлж байжээ.
Карл Лагерфельд нь Эди Слиман болон Жереми Скотт нараас гадна дизайнер Хайдер Акерманны ажлыг ихээхэн үнэлдэг байв. Лагерфельд 2010 онд Numero сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Хайдер Акерманныг хамгийн сүүлд анхааралд нь өртсөн дизайнераар нэрлэж байсан юм. Үүний хариуд Акерманн “Үнэхээр сайхан магтаал! Маш их сэтгэл хөдөлж байна. Ялангуяа эдгээр үгсийг эрхэм Лагерфельдээс сонсоно гэдэг надад нэр төрийн хэрэг байлаа” гэж байжээ. Chanel загварын ордон хоёр дизайнерын харилцаанд үндэслэн Акерманныг горилогчоор авч үзэж болох ч салбарынхан түүнийг Dries Van Noten-д орох илүү өндөр магадлалтай хэмээж байна.
Хэрэв Chanel-ын бүтээлч захирлыг Twitter-ээр дамжуулан сонгон шалгаруулсан бол Фиби Файло тэргүүн эгнээнд бичигдэх нь ойлгомжтой. Мөн загварын алдарт шүүмжлэгч Кэти Хорин түүнийг “тухайн цаг үеийнхээ Chanel” хэмээн 2006 онд тодорхойлж байв.
Хэдий Фиби Файлогийн хэв маяг, ур чадвар Chanel-ын цоо шинэ түүхийн хуудсыг нээж, улам их амжилтыг дагуулах өндөр боломжтой ч бодит амьдрал дээр биелэх магадлал бага. Дизайнерын хувьд бие даасан брэндийнхээ үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй байгаа учраас Chanel-аас санал ирсэн тохиолдолд хүлээн авах эсэх нь эргэлзээтэй юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт