Бюро 24/7 ярилцлага: Дизайнер О.Анхбаяр, "Одоо надад зүгээр суух тансаглал олдохоосоо өнгөрсөн"

О.Анхбаяр өөрийн үүсгэн байгуулсан цоо шинэ GRANDMASTER брэнд болон хүн өөрөөрөө байхын тухай ярилаа

S.M.O.K брэндийн дизайнер О.Анхбаяр өөрийн нэрийн хоёр дах шинэ маркийг GRANDMASTER нэртэйгээр үүсгэн байгуулаад байна. Тиймээс бид тус маркийн дэлгүүрт зочилж, О.Анхбаяр болон GRANDMASTER нэрийн дор нэгдсэн уран бүтээлчид юу хийхээр төлөвлөж байгааг асууж ярилцлаа

GRANDMASTER марк бол Монголд урд өмнө нь байгаагүй нэлээн олон шинэ зүйлсийг өөртөө шингээжээ. Тэдний бүрэлдэхүүн нь зөвхөн хувцас загварынхан биш бөгөөд зураач, барималч Д.Дорждэрэм, гэрэл зурагчин Билгүүн Хироши, Моханик хамтлагийн дуучин Ц.Даваажаргал болон дизайнер О.Анхбаяр гэсэн залуу үеийн уран бүтээлчдээс бүрдсэн байна. Эдгээр залуус GRANDMASTER маркийн шинэ улирлын загваруудтай хамт гэрэл зураг, урлагийн инсталляци, хөгжмийн бүтээлүүд зэрэг зүйлсийг хамтран хийж олонд танилцуулах юм. Олон нийтэд гэдэг нь зөвхөн Монголчууд биш ээ. GM-ын алсын хараа, хэтийн зорилго нь дэлхийн зах зээл рүү чиглэж байгаа бөгөөд үүндээ зориулж олон улсын худалдааны вебсайт нээхээр зэхжээ. Энэ бүх өмнөтгөл бол уран бүтээлч О.Анхбаярын дотор буй бодол, төлөвлөгөөг сонирхон асууж, яагаад өөрийн үүсгэн байгуулсан S.M.O.K брэндээр биш, өөр нэрийн дор үүнийг хийж байгааг асуух сэдэл болсон юм.

Их Монгол улсын гудамжинд орших On'n Off продакшны байранд GM-ын дэлгүүр нээгдээд удаагүй байна. Хэдийгээр албан ёсны нээлт нь хараахан болоогүй байгаа ч энд олон зочид хүрэлцэн ирж худалдан авалт хийжээ. Mongolia's Next Top Model-ын ялагч Цэкү GM-ын анхны сурталчилгаанд тоглосныг олон хүн анзаарч харсан байх. Мөн Сингапурын Биеналлиас "Олон нийтийн таашаалд хамгийн хүрсэн уран бүтээлч"-ээр тодорсон барималч, зураач Д.Дорждэрэм оролцсон сурталчилгааны зургийг Билгүүн Хироши авсан. Эдгээр зурагнууд тус маркийн уур амьсгал, өнгө төрхийг бүрэн илтгэнэ. GM олон улсын хэрэглэгчдэд зорьж байгаа гэдэг утгаараа цуглуулгад багтсан загваруудын үндэсний агуулгыг 30% хүртэл бууруулж, харин хэн ч өмсөж болохуйц даруухан загвартай хэрнээ GM логогоор чимсэн, чанартай, биед суулт сайтай гудамжны загварууд урлажээ. Тэгэхдээ миний бодлоор олон нийтэд ил харагдаж байгаа гадаад үзэмжээс илүү чухал зүйлсийг GM дотроо агуулж байна. Тухайлбал тус маркийн дэлгүүрт Д.Дорждэрэмийн бүтээсэн духан дээрээ мэлмийтэй, бугын эвэртэй хүний час улаан өнгийн цээж баримал анхаарал татна. Орчин үеийн интерьер, гудамжны хувцас, үндэсний агуулгатай зарим нэг хээ болон дүрслэл, тэгээд Д.Дорждэрэмийн баримал гээд энэ бүхэн нийлээд иж бүрэн утга агуулга илэрхийлнэ. О.Анхбаярын хэлж буйгаар энэхүү баримал нь GM-ын амийг тээж хадгалсан савдаг бөгөөд тус маркад нэгдэн орсон уран бүтээлчдийн дотоод сэтгэлийг илтгэх гол бэлгэдэл нь ажээ. Тэд бас удахгүй болох гэж буй нээлтэндээ зориулж олон төрлийн хөгжимчид оролцсон өвөрмөц зүйл бэлдэж байлаа. Тэгэхээр тэнд юу, юу оршиж байгааг О.Анхбаярын ярианаас хамтдаа сонирхоцгооё.

S.M.O.K-ийн О.Анхбаяр яагаад GRANDMASTER гэх шинэ марк бий болгох болов ?

Нэг талаас би арай өөр түвшинд хийсэн, хэн ч өмсөж болох уян хатан хувцас хийж гаргахыг хүссэн юм. Нөгөө талаас өмнө нь S.M.O.K брэндийн загварууд "Улаан Жамсран" бурхан, эсвэл "Улаанбаатар" гэх бичгэн дээр тулгуурлан гарч, илүү үндэсний утга агуулгатай байсан бол одоо олон улсад зориулж өөрсдийнхөө хүрээллийг, хэв маяг, үүх түүхээ хүүрнэсэн агууламжтай зүйл хийхээр зорьж байна.

GM зөвхөн Анхаагийн урласан хувцсаар хязгаарлагдахгүй, уран бүтээлчдийн нэгдэл байдлаар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна. Та бүхнийг юу нэгтгэсэн бэ?

Ер нь бол GM-ын нэг гол зорилго бол орчин үеийн амьдралд ч гэсэн бидэнд өөрсдийн гэсэн үндэсний агуулга, түүнийг хүүрнэж үзүүлэх өгүүлэмж бий шүү гэдгийг харуулах юм. Биднийг нэгтгэсэн зүйл гэвэл манай уран бүтээлчдийн мэдрэмж, байгаль ба хүн хоёрын тухай ойлголт юм. Байгалийн амьд зүйлсэд болоод хүмүүст, дээр нь жинхэнэ уран бүтээлд ямар нэг амьд, сүнслэг энерги байдаг гэдэгт бид итгэдэг.

Даяаршлын нөлөөнд Оросууд, Япончууд зэрэг зарим улсууд бусдад автахгүйгээр өөрсдийн гэсэн хэв маягтай зүйлс хийж чадаж байгаа тухай хоёулаа өмнө нь ярьж байсан. Түүнтэй адилаар та хэд бусдын нөлөөнд автахгүй байхыг эрмэлзэж байгаа хэрэг үү? Эсвэл өөр агуулгатай юу?

Бусдын нөлөөнд автах нь чухал биш л дээ. Урлагийн бүх л салбарт хүмүүс ямар нэгэн зүйлсээс урам зориг авч, даган дуурайсаар ирсэн. Тэгэхдээ үүнтэй зэрэгцээд, яг өөрийн гэсэн жинхэнэ мөн чанарыг агуулсан зүйл түгээх хэрэгцээ бас бий. Үүнийг хийхийн тулд заавал зөвхөн морь юм уу, уул дүрсэлж, хөөмэй, морин хуур ашиглах шаардлагагүй. Япон стиль гэж байдаг шиг бас монгол хэв маягтай байх хэрэгтэй. Гол санаагаа ямар ч өнцгөөс үзүүлж болох бөгөөд олон нийтэд хүрч, ойлгомжтой байх тэнцвэрийг нь шингээсэн, илүү амьд араншинтай хийх боломжтой. GM-ын хувьд хувцас гэдэг зөвхөн энэ агуулгыг дамжуулж буй бүтээгдэхүүн нь юм. 

GM-ын шинэ загварууд гарах бүрт дуу хөгжим, инсталляци зэрэг урлагийн бүтээлүүд давхар гарч байна гэдэг нь сонирхолтой санагдаж байна. Харин GM-т яагаад зураач Д.Дорждэрэм, Моханик хамтлагийн дуучин Ц.Даваажаргал, зурагчин Билгүүн зэрэг хүмүүс нэгдэх болов?

Яагаад заавал энэ хүмүүстэй юм бэ гэж үү? Би өөрөө нэг тийм сүсэгтэй гэх үү дээ. Аливаа юмыг чагнаж, дотоод мэдрэмжээр нь хүлээж авдаг. Бид нэгдээд удаагүй ч гэсэн хэн хэнд нь "цаанаас" өгөгдсөн нэг зорилго, ижил хэв маяг байгаа шиг санагддаг. Анх GM- ын зураг авалтыг хийхээр Моханикийн Даваатай холбогдсон юм. Дараа нь бид Шандын говь, Хамарын хийд рүү явж гурав хоног зураг авалт хийсэн. Тэгэхэд тэр хадархаг, цөлөрхөг байгалийн онцгой чанар, өөрийн гэсэн араншин нь бүгдэд нь яг адил мэдрэгдэж, хоорондоо бид ямар ч үг хэлгүйгээр ойлголцож байсан.

Ямар ч үг, хэлгүйгээр бие, биенээ ойлгох боломжийг урлаг хүнд төрүүлдэг юм шиг. Яг адилхан нэг зүйл сонирхох, нэг утга агуулгатай зүйл дүрслэхийг хүсэх, урлагт хайртай сэтгэлээр бүтээх ч гэдэг юм уу. Тэр мэдрэмжийг тэнд л багийнхнаасаа олж авсан гэсэн үг үү?

Тийм ээ. Бидний дотор хэдэн мянган жил уламжлагдан ирсэн зөн совин, дадал зуршил гэж бий. Манай өвөг дээдсүүд хээр талд чөлөөтэй амьдарч байхдаа сэтгэлгээний ямар нэгэн хэв загварт баригдалгүй бүх зүйлийг өөрийнхөөрөө төсөөлж, сэрж мэдрэх эрх чөлөөтэй байж. Магадгүй тийм болоод дэлхийн бусад улсуудад байдаг шиг "Урлаг тийм байх ёстой" гэж хайрцагласан номлол манайд цөөн биз. Гэтэл урлагийн бүтээл хийх сэдэл, дүрслэх санаа нь өөрөө байгалиас ороод ирдэг.

Би хэдийгээр хөдөө төрж, өсөөгүй ч гэсэн Бээжингийн кино академид долоон жил сурахдаа нэг зүйлийг маш гүнзгий мэдэрсэн. Хүмүүс тэр том цементэн ширэнгэ дотор "Хичээл-Ажил-Амжилт" гэсэн мөнхийн тойрогт амьдарч байгаа нь аймшигтай санагдаж, өөрийн эрхгүй зугатмаар байсан. Гэтэл бидэнд анхнаасаа л хотын амьдралд хүлэгдээгүй давуу тал байж. Байгалиас өгч өвлүүлсэн араншин, сэтгэлгээний хэв маяг маань магадгүй одоо бидэнд дутагдах болсон байх. Үүнийг нээж харуулах хүсэл GM-ын уран бүтээлчдэд бүгдэд нь байгаа.

Дэлхий дээр маш олон төрлийн хүнийг мастер гэж нэрлэдэг. Харин та бүхний тодорхойлж буй GRANDMASTER-ын гол шинж чанар юу вэ?

Хятадад бол мастерууд нь илүү философичид байдаг бол Европт хүмүүсийн ур чадвар дээр нь тулгуурлаж мастер гэж нэрлэдэг. Харин нүүдэлчин монголчууд, эсвэл Америкийн уугуул овог аймгуудын хувьд яг тэр нэг байгальтай холбогдсон мэдрэмж нь мастеруудыг нь тодорхойлдог. Байгалиа чагнаж, ан амьтдаа ажиж, тэнгэрийн байдлыг мэдэж, ертөнцийг таньж мэдсэн бүхэн нь монголчуудын ур чадвар болон үлдсэн гэж боддог.

Ер нь ажиглаад байхад монгол хүмүүсийн сэтгэл зүйд цаанаа л нэг санаа амар, эрх чөлөөтэй байдал бөх оршиж байдаг. Тэр өөртөө итгэлтэй, чөлөөтэй сэтгэж амьдрах боломжийг бидэнд ганцхан тал нутаг бүрдүүлдэг. Тиймээс яг тийм орчинд, төрж өссөн хүмүүст байдаг үнэнч чанар, уужуу ухаан, өөрийгөө болоод байгалиа таньж мэдэх чадвар, өөртэйгээ ярилцах, бясалгах зэрэг зүйлс бидэнд одоо хэрэгтэй гэж бодсон учраас GRANDMASTER нэрийг өгсөн.

"Хүн-Байгаль-Эрх чөлөө" гэдэг нэрийн дор GM-т байгаа уран бүтээлчид өмнө нь олон урлагийн бүтээлүүд туурвиж, зарим нь Венецийн Биеннальд хүртэл оролцсон шүү дээ.

Тэдний хийсэн бүтээлүүд ямар нэгэн зүйлд баригдалгүй хийсэн контемпорари бүтээлүүд байдаг. Тийм болохоор "Хүн-Байгаль-Эрх Чөлөө" нэгдлийн хийсэн ажлууд шинэлэг бөгөөд онцгой байж чадсан.

Зураг: Төмөрбаатар

Та бүхэн тэгвэл энэ ерөнхий агуулгаа хүмүүст дэлгэрүүлэхийн тулд юу хийх гэж байна вэ?

Бид GM-ын зарим сурталчилгааны зургуудыг мөн гадаадад авахаар төлөвлөсөн. Ерөнхийдөө street snap буюу гудамжинд авсан зургууд байх юм. Тэр бол манай Instagram-ын контентууд болж гарна. Сурталчилгааны зураг авалтуудыг сюрреал гэрэл зураг авдаг Билгүүн Хироши авч байгаа. Билгүүнээ гэрэл зурагчид дотроо маш өгүүлэмжтэй, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэл сайтай хийдэг гэдгээрээ нэртэй. Саяхан Tsolo Munkh-ийн танилцуулгын зургийг авсан. Цоло Мөнх эгч олон улсын данстай зурагчдаар зургаа авахуулдаг мөртлөө Билгүүнээг сонгож зургаа авахуулсан. Мөн Цэкүтэй GM-ын зургийг авсан О.Төмөрбаатар бол уран бүтээлдээ яг өөрийнхөөрөө чөлөөтэй ханддаг онцлогтой. Гудамжны зураг авалт, хөрөг зургийг сайн авдаг гэдгийг хүмүүс мэднэ. Нөгөө нэг зургийг нь би өөрөө авсан байгаа. Цаашдаа бид Токио, Нью-Йорк зэрэг хотуудад очиж, дотроо бодож буй мэдрэмжүүдээ гаргаж үзүүлэхийг зорьж байгаа.

Бидний хийх маркетинг өөрийн гэсэн дүрэмтэй. Тэр нь жинхэнэ байх, өөрийнхөөрөө байх. Яг бодит амьдрал дээр ямар байгаа вэ, түүнийгээ илэрхийлэх, дүрсэлж харуулах төслүүд хийнэ

GM олон улсын худалдааны вебсайт нээж, ямар ч улсаас хэн ч худалдан авах боломжтой байх зорилго дэвшүүлсэн. Тиймээс Монголдоо залуучуудад танигдах, өөрсдийн хүрээллийг өргөн болгохоос тэс өөр маркетинг шаардагдах байх. Зорилгодоо хүрэх алхмуудаа хэрхэн төлөвлөсөн байгаа вэ? Ямар асуудал гарах бол?

Би өмнө нь вебсайттай холбоотой бизнес эрхэлдэг компанид ажилладаг байсан ч яг ийм олон улсад хандсан худалдааны сайт хийж байсангүй. Бараг өнөөдрийг хүртэл монголоос худалдан авалт хийх боломжтой онлайн худалдаа албан ёсоор эрхлэх тийм систем манай улсад байгаагүй. Одоо тэр тал дээр банктай хамтарч ажиллаж байгаа анхны бэлэн хувцасны марк манайх боллоо. Тийм болохоор үүнийг бид эрсдэл гэж харахгүй байгаа ч гэсэн хийж үзээгүй зүйл учраас нэг сорил болж магадгүй. Худалдан авалтын ложистикийг бид Монгол Шуудан ХК-тай хамтарч хийнэ. Бодож байгаа зүйлс маань хэрэгжихийн цагт бид GM-аараа дамжуулж нэг гүүр бий болгож чадна.

Зураг: Билгүүн Хироши

Онлайн худалдааны технологи өдөр ирэх бүр хөгжиж байгаа тухай мэдээлэл их байдаг. Тухайлбал сүүлийн үед Amazon болоод бусад АНУ-ын худалдааны байгууллагууд хүний царай таних технологийг ашиглаж, тухайн компанид хандаж байгаа худалдан авагчийн мэдээлэл дээр тулгуурлан өөр, өөр үнэ санал болгож эхэлсэн байна. Хэрэв та тухайн брэндийн зорилтот хэрэглэгч мөн байгаад худалдан авах чадвартай байвал өөрт чинь зориулсан үнэ нэмэгдэх нь. Үүний ард яг өөрийн худалдан авагчаа олсондоо итгэлтэй байдал байна. Харин GM яаж худалдан авагчидаа өөртөө татах бодолтой байна вэ?

Бидний хийх маркетинг өөрийн гэсэн дүрэмтэй. Тэр нь жинхэнэ байх, өөрийнхөөрөө байх. Яг бодит амьдрал дээр ямар байгаа вэ, түүнийгээ илэрхийлэх, дүрсэлж харуулах төслүүд хийнэ. Үүнийг мэдэрч, өөрсдөд нь таалагдсан хүмүүс худалдан авах болно. Зорьж байгаа хүмүүс бол ямар нэгэн өсвөр насныхан ч юм уу, эсвэл 18-24 гэсэн зааг хязгааргүй. Хувцаснууд маань үндсэндээ даруухан, хэн ч өмсөж болохуйц хийцтэй. Янз бүрийн эсгүүр, эрээн мяраан зүйлгүй сонгодог суурин дээр өөрсдийн хэв маягаа шингээж байгаа. Худалдан авагчидаа өөрсөддөө татах, хүмүүст хүрэх гол зам бол бидний хийсэн урлагийн төслүүд болон бусад контентууд байх болно.

Манайх албан ёсны нээлтээ хийгээгүй байгаа ч гэсэн дэлгүүр нээлттэй байгаа. Өнгөрсөн хугацаанд Instagram хуудсандаа зургаа нийтлэсний дараа ирж худалдан авалт хийж байгаа хүмүүсийг харахад ихэвчлэн өөрөө бизнес эрхэлдэг хүн ч юм уу эсвэл уран бүтээлч хүмүүс байсан. Энэ бол миний хүсч байсан зүйл юм. Жишээ нь гудамжинд GM-ыг мэддэг хоёр залуу таарлаа гэхэд манай хувцсыг өмссөн нэгнээ хараад "GM өмсчихсөн байна. Ямар гоё юм бэ" гэж бодоосой. Өөрөө авахыг хүсээсэй. Хэдийгээр GM өмсөж байгаа хүн амьдрал дээр юу ч хийдэг байлаа гэсэн тэр хүнийг харах үнэлэмж нь GM-аар дамжиж өөр байгаасай гэж бодож байна.

Хувцсаар дамжуулж ямар нэг дохио, мэдээлэл дамжуулаад байна шүү дээ.

GM-ыг өмсөөд тэр хүний сэтгэл илүү гоё бадрангуй, өөртөө итгэлтэй байх боломжийг олгодог байхыг хүсч байгаа. Гадаадад GM өмссөн хүн хараад монгол брэнд байна гэж таньж, үнэлбэл гоё.

Нэг зүйл тодруулж асууя. GM-ын олон улсад хандаж буй зорилт амжилтанд хүрвэл мэдээж S.M.O.K-ийн үйл ажиллагаанд ч бас нэвтрэх байх. Харин S.M.O.K болон GM хоорондоо юугаараа ялгаатай вэ? Цаашдаа чи хоёуланд нь давхар ажиллах уу?

S.M.O.K бол урлачихсан, нэг агуулгаа олчихсон бүтээгдэхүүн. S.M.O.K хэвлэл дээр тогтсон учраас миний загваруудаас гадна гадаад, дотоодын уран бүтээлчдийн ажлуудаар үргэлжилнэ. "Metallica" гэдэг богино ханцуйтай цамц байдаг шиг бидэнд "Соёл-Эрдэнэ", "Моханик", "The Colors" гэсэн хүчтэй хамтлагуудын нэрийг худалдааны тэмдэг болгосон туршлага одоохондоо алга. Тиймээс тэр тал дээр S.M.O.K-ийг өргөжүүлж ажиллах бодолтой байгаа. Дээрээс нь S.M.O.K үндэсний агуулга тал руугаа 70% нь чиглэж, 30% нь хувцас хэрэглээ тал руугаа байдаг. Тэгвэл GM бол эсрэгээрээ 70% нь хувцас, 30% нь үндэсний агуулга байх болно. GM-ын анхны цуглуулгад орсон загваруудад давалгааны хээтэй цамц болоод домог туужид гардаг баатруудыг дүрсэлж зурсан хоёр загвар л монгол агуулгатай. Тэдгээрийг Б.Цолмонбаяр гээд авьяаслаг зураач зурсан. Бусад загварууд нь бол зөвхөн GM логотой гарсан байгаа.

Зураг: Төмөрбаатар, Билгүүн Хироши

Сүүлийн үед хувцас хийх сонирхолтой, өөрийнхөө таалагдаж байгаа хэв маягийг бусдад түгээхийг хүссэн олон залуучууд гарч ирж байна. Энэ дотроос харахад тэр хүмүүсээс юу нь илүү авууштай санагдаж байна вэ? Цаашдаа юм хийхийг хүсч байгаа олон хүн бүгд л зэрэгцэн орших болно. Тэгэхээр бусад уран бүтээлчдийг ямар байгаасай гэж хүсч байна вэ?

Michel & Amazonka, KiDULT//93 тэд өөр, өөрсдийн бүтээлээ, бид энд бас өөрсдийн ажлаа хийж байна. Ингээд харахад бидэнд байгаа нэг ижил зүйл гэвэл бүгд маш тэмүүлэлтэй байж, бүгд сайн хөдөлмөрлөж байгаа. Дээрээс нь зоригтой, итгэлтэй байна. Энэ байдал битгий дуусаасай. Өөр ийм хүмүүс олон байж, хоорондоо хамтарч ажиллах ч юм уу, нэгдсэн гоё ойлголцолтой байвал бүр хүчтэй байна. GM-ын хийж буй олон улсад хандсан худалдааны вебсайт амжилтанд хүрвэл эргээд тэр хүчтэй уран бүтээлчдэд дэлхий рүү гарах нэг гүүр болно. Үүний тулд ч бид тодорхой судалгаануудыг сайн хийж ажиллахыг эрмэлзсэн. Анхнаасаа л маркетингийн бодлогоо монгол руу биш олон улсын зах зээл рүү хандуулж байгаа нь ч тийм учиртай.

Хүмүүс сонирхож байж болох юм. Адил төстэй байх талаар та юу гэж боддог вэ? Ер нь бусадтай адил бус, цорын ганц давтагдашгүй бөгөөд шинэ байх хэрэгтэй юу?

Яг одоо хаана, ямар стиль, ямар хувцас моодонд орж байна вэ гэдгийг бүгд мэднэ. Түүнийг дуурайлган хийх ч юм уу, төстэй харагдаж болно. Тэгэхдээ миний тэрнээс илүү үнэлдэг зүйл бол жинхэнэ байх, өөрсдийн гэсэн амин сүнс, илэрхийлэлтэй байх юм. Шинэ брэнд бий болох гэж байгаа бол зүгээр гоё байх биш, гоё сайхнаа дагаад чанартай, чанараа дагаад амьд мэдрэмжтэй байж, бүх зүйлсийг агуулж, сайн гүйцэтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог.

***

Хувцас урлал болоод түүнтэй холбоотой сэдвүүдийг энд түр азнаад, жинхэнэ байх, өөрөөрөө байхын тухай яриаг илүү дэлгэрүүлье гэж бодлоо. Хүмүүс хэн нэгэн шиг байхыг, эсвэл өөрийгөө амжилттай юм уу, сэтгэл хангалуун байгаагаар харуулахыг хичээх болсон. Тэгвэл өөрийн чинь хэлж байгаа жинхэнэ байхад юу, юу орж байна вэ?

Өөрийгөө олж, илэрхийлэхийг хэлнэ. Өөрийгөө олчихоод, тэгээд олсноороо сэтгэж, юм бүтээж байна. Юм бүтээж хийхгүй байсан ч болно л доо.

Чи амьдрал дээр ийм хүмүүстэй хаана тааралддаг вэ?

Миний бодлоор эргэн тойронд байгаа болоод олж найзласан хүмүүс маань тийм хүмүүс байх гэж боддог. Яг л өөрсдийн гэсэн тод араншинтай, тэрэндээ таарсан илэрхийлэлтэй. Тэр нь нэг их давтагдаад байдаггүй. Гол нь бүх юман дээр ямар нэгэн хэлбэрт автаад байхгүй цэвэр сэтгэлээсээ ханддаг.

Анхаа гадуур гарахдаа Бодьхүү, Somethings Brewing тоглож байвал зорьж очих юм уу, Stand Up Comedy үздэг гэсэн. Эхний хоёр уран бүтээлчийг гэхэд тийм ч олон хүн мэдэхгүй бөгөөд үздэггүй шүү дээ. Өөрт чинь тэдний юу таалагддаг вэ?

Надад бол тууштай, бас жинхэнэ байгаа нь таалагддаг. Бодьхүү жишээ нь анхнаасаа юу хийж, юу үзүүлэх гээд байсан нь өнөөдөр хэвээрээ байна. Тэрийгээ хөгжүүлсээр маш мундаг болж байгаа. Түүнийг хаана ч тоглож байсан очиж сонсох дуртай. Зоригтой, сэтгэлээсээ хийж байгаа зүйлс сонсоход, харахад цаанаа л өөр.

Одоо надад хариуцлага талаасаа тэгж зүгээр суух тансаглал олдохоосоо өнгөрсөн. Ямар нэгэн байдлаар хийгээд эхэлсэн л бол зүгээр суух боломж олдохгүй гэдгийг би сайн мэднэ

Анхаа S.M.O.K болон GRANDMASTER-ын дизайнераас гадна график дизайны чиглэлд нилээн ажилласан шүү дээ. Чамайг Behance-ийн нүүр хуудсан дээр олон удаа "Онцлох уран бүтээлч" гэж гарч байсан гэж сонссон юм байна. Хүмүүсийн мэддэг ямар, ямар брэнд логоны ард чиний ажлууд байгаа вэ?

Миний график дизайны чиглэлээр хийсэн урын сан маань бас ч гэж хоосонгүй ээ. Өмнө нь Nike-д урилгаар график арт хийж, Сингапурын үзэсгэлэнд оролцож байсан. Хүмүүсийн хувьд танил болсон ажлуудаас гэвэл VIBE 105.5 фм-ын нэрийг нь би өгч, логог нь зохиож байсан. Мөн ZÜ клубын нэрийг өгч, логог нь хийсэн. Цааш нь гэвэл Peaberry-гийн лого болон Мөнхxада компанийн брэндингийн ажил байгаа. Хамгийн сүүлд гэвэл дуучин Д.Болдын шинэ цомгийн нүүрийг урлах ажил дууссан.

Саяхан 976 галерейд нүүдэлчин ахуйтай холбоотой үзэсгэлэн гарахад нэг зураач шүүмжлэхдээ, "Өөрсдөө хөдөө амьдардаггүй хэрнээ, өөрөө хотоос гарч ямар нэг зүйл хийдэггүй атлаа нэг л их нүүдэлчин соёл, байгалийн өв гэж ярьсан хүмүүс байх юм" гэж бичсэн харагдсан. Анхаа энэ тал дээр юу гэж бодож байна?

Монголчууд үнэндээ хотын амьдралд шилжээд удаагүй болохоор бүх хүний дотор байгальд тэмүүлэх хүчтэй өгөгдөл бий. Харин тэр өгөгдөхүүнээ одоо яаж богино хугацаанд умартаж байна вэ гэдэг нь чухал асуудал болсон. Бидний хийж байгаа зүйл бол тэр хөдөө хээр байгаа давтагдашгүй зүйлийг бусдад дамжуулах. Жишээ нь Даваагийн "Зөөлөн мишээл" дуунд, "Намуухан өглөө наашлан айсуй байгаа. Нутгийн минь наран нуухаа арчин байгаа. Нүцгэн тэнгэрийг үүлс нь гоён байгаа. Нүдийг минь илбээд тун чиг таатай байгаа. Инээсэн бүхэн нөхөр биш байгаа..." гэж гардаг. Энэ бол гайхалтай мэдрэмж, бидний дотор байгаа тэр цэвэр зүйл. "Инээсэн бүхэн нөхөр биш байгаа" гэдэг нь дайсан гэсэн утгаар биш, харин тийм нэг дотно нөхөрсөг утгаар хэлж байгаа хэрэг. Тэгэхээр хүн өөрөө ямар өнцгөөс яаж харж, мэдэрч байна вэ гэдгээс л болно.

Т.Нансалмаа эгчээс яриа авахын өмнө нь юун талаар асуувал зүгээр вэ гэж би чамаас лавласан шүү дээ. Тэгэхэд "Хүүхдээ хэрхэн хүмүүжилдэг талаар нь асуувал" зүгээр байх гэж хэлж байсан. Тэгвэл өөрийг чинь хүмүүжүүлэхдээ ээж нь юуг гол болгосон бол?

Надад ээж маань маш их нөлөөлсөн. "Чи юу хүсч байна? Хэрэв чи өөрөө чадна гэвэл ээж нь чамд итгэж байна" гэж хэлдэг. "Кино хиймээр байгаа бол киногоо хий" гээд тэр бүх сурч, боловсрох боломжийг олгосон. Тэр хүүхэддээ итгэж байгаа чанар бол хүндлүүштэй сайхан зүйл. Манай дүү нарыг ч гэсэн тэгэж хүмүүжүүлсэн. Ер нь ээжийн хэлж захидаг зүйлс зөндөө л байлгүй яах вэ. Тэгэхдээ өнөөдөр би өөрийн дуртай зүйлсээ олж хийхэд гол нөлөө үзүүлсэн зүйл бол надад олгосон эрх чөлөө. Би арвангурван настайгаасаа сургууль гээд л гадагшаа явсан. Нэг ёсондоо тодорхой хэмжээнд бие дааж эхэлсэн. Хүүхэддээ эрх чөлөөг олгож байна гэдэг бол өөрийгөө олог, өөрийгөө нээг гэсэн том итгэл.

Ямар ч уран бүтээлч хүнд хийх хүсэл их байвч түүнийгээ хийлгүй хойш тавих үе тохиолддог. Зарим хүмүүс үүнээс гарах гэж яаж ч оролдоод чадахгүй бууж өгсөн нь бий. Чамд тийм зүйл тохиолдвол яадаг вэ?

Хийх бүрэн боломж байгаа хэрнээ болж өгөхгүй байсаар дуу хийдэггүй дуучин, ном бичдэггүй зохиолч болчихдог шиг үү? Ер нь бол суугаад л хийхэд болчих зүйл шүү дээ. Тэгэхдээ зарим хүмүүст санаа орж ирэхгүй тулгамдах үе байдаг байх л даа. Миний хувьд өмнө нь зүгээр л хийх зүйлээ хойш нь тавьдаг байсан. Тэр бол больчихож болдог зүйл. Одоо надад хариуцлага талаасаа тэгж зүгээр суух тансаглал олдохоосоо өнгөрсөн. Ямар нэгэн байдлаар хийгээд эхэлсэн л бол зүгээр суух боломж олдохгүй гэдгийг би сайн мэднэ. Шинэ санаа олох, урам зоригтой байх тал дээр бол уран бүтээлчдэд угаас бүх л зүйл ажиглалт, судалгаа байдаг болохоор зүгээр л суугаад хийх гэснээ хийх хэрэгтэй байх. Заавал ямар нэг онгод бууж ирэхийг хүлээх хэрэггүй. Тэр хүлээлт нь өөрөө магадгүй бас нэг залхуурал ч юм билүү.

Тэгвэл өөрт чинь өмнө нь харж таашаадаг байсан брэндүүдтэйгээ адил түвшинд хүрэх юмсан гэх бодол, магадгүй хор шар байдаг уу?

Тодорхой хэмжээнд шартай. Миний шаралхдаг ганц зүйл бол яг ижилхэн хөл, гартай адилхан хүмүүс тэнд Америк, Солонгос, Японд бүх талаараа мундаг бүтээлүүд хийж байна. Бид нарт ч гэсэн адилхан өгөгдөл, онцлог тал байгаа учраас тэднээс дутахгүй сайн зүйл хийнэ гэсэн бодол бий. Үүний тулд бид харин "жаахан" системтэй, ухаантай, нэгдэлтэй, хүндэтгэлтэй, тууштай, зоригтой байх ёстой гэж боддог. Хамгийн гол нь аливааг харж үзэх олон өнцөг байгаа шиг, шинээр хийж үзүүлэх боломж ч их бий.

Ж.Чинбат

2017-10-19, 11:01

  • Зураг: Bilguun Hiroshi
  • Зураг: Tumurbaatar