Та өөрийгөө загварын редактор гэж төсөөл дөө. Загварын сэтгүүлнээ залрах зураг сонгох, зураг авалт хийх, бэлтгэх явцад санаанд чинь таарах, чанартай сайн хувцас олдохгүй бол загвар зохион бүтээгч, үйлдвэрлэгчээс энэ бүтээгдэхүүнээ өөрчилж болох уу, өөр материалаар хийж болох уу гэж байнга асуун, бараа бүтээгдэхүүнийг нь буцаан илгээх бөх зүрх танд бий болов уу?
Хайдемари Жилин Сандер буюу Жил Сандер бөс материал судалж, текстилийн инженер мэргэжил эзэмшсэн хүний хувьд хувцасны материалд чухал ач холбогдол өгөх нь аргагүй аж. Дэлхийн II Дайн дуусахаас өмнөхөн агаарын цэргийн хуарангийн эмнэлэгт төрсөн тэрээр Хамбург хотноо өссөн бөгөөд их сургууль төгсөөд 1964 онд оюутан солилцоогоор Лос Анжелес явжээ. Тэнд загварын салбарт дадлагажиж, буцаж ирээд хэд хэдэн загварын сэтгүүлд редактор хийж байхдаа ийнхүү хувцас гоочлон, "хэл ам" гаргадаг байж.
Санаанд нийцэх зүйл олдохгүй бол өөрөө хийж, бүтээх замыг Жил сонгож, 1968 онд анхны дэлгүүрээ Хамбург хотноо нээжээ. Тухайн үед Европт, ялангуяа Парист ноёрхож асан кутюр, элдэв донж маягийг зориуд сөрөх мэт энгийн цэмбэгэр загваруудаас бүрдсэн анхны цуглуулга нь тэр даруй зарагдан дуусчээ.
"Энгийн орцтой хэрнээ амттай зоог бий. Гэтэл тавган дээр яаж ч чимэглэн тавиад хоолой давахгүй хоол байдаг. Загвар бол үүнтэй ижил" гэж хэлдэг Жил Сандерийн загварын нийтлэг төрх бол энгийн бас дийлэнх нь хар өнгөтэй болохыг түүний уран бүтээлүүдийг дэлгэсэн "Одоо цаг дор" үзэсгэлэнгээс анзаарна. Анх удаа дэлгэгдэж буй энэ үзэсгэлэн бол эргэн дурсахуй хэрхэвч биш харин энэ үеийг эзэгнэн оршин буй шинжтэй. Музейн эртний үзвэр гээд хэлчих вий гэсэн мэт шинэлэг, сая танилцуулсан цуглуулга мэт сэргэг.
Германы төдийгүй Европын санхүүгийн төв гэгдэх Франкфурт хотноо "Зохион бүтээх урлагийн музей"-д түүний үзэсгэлэн дэлгэгдсэн нь ердийн нэг сонголт бус. Алдарт архитектор Ричард Мейерийн хун цагаан барилгын хэв маяг түүний загварын цэвэр цэмцгэрийг улам тодотгож өгчээ.
Хаашаа л харна, хар өнгийн даашинз, хүрэм, хослол. Анх харахад байдаг л, өнөөх хар өнгө гэмээр, нухацтай ажиглавал түүний загваруудын хийц, оёдол, материал хичнээн сайн, бас ялгаатай болох нь анзаарагдана. Хувцасны хийц, чанараас гол анхаарал сатааруулахгүйн тулд энгийн цэмбэгэр загвар гаргаж, хар өнгө сонгодог гэнэ.
Бүсгүйчүүдийг чимэглэл өлгөсөн мод мэт харуулахгүйн төлөө тэмцэгч тэрээр "Жил Сандер өмссөн хүн загварлаг бус харин орчин үетэй хөл нийлүүлэгч" гэж хэлэх дуртай. Түүний төсөөллөөр эмэгтэй хүн анхаарал татах зориулалттай элдэв гоёл чимэглэл үгүй, цэвэр цэгцтэй, аливаа үйл хөдлөл хийхэд саад болохгүй, биеийн харьцаанд тохирсон, сайн материалтай хувцас өмсвөл байгалиас өгөгдсөн төрх, зан аалийг тодотгож өгөх давуу талтай. Харин богино настай тренд чимэглэл хоосон хэлбэр үүсгэнэ гэж үздэг.
Жил Сандер загвараас гадна урлаг архитектур сонирхдог. 1993 онд Парис хотноо анхны брэнд дэлгүүрээ нээхдээ гаднаас нь харахад Франц хэв маягтай, уламжлалт байшинг дотоод засал хийж, таазыг дээш өргөн, хана нүүлгэж зассан явдал нь хамгийн их өөрчлөлт бүхий дотоод засал болсон хэмээн архитекторууд дунд яригддаг аж.
"Загварын ертөнцийг тольдохуй" сэдэвт 1996 оны Флоренцын урлагийн үзэсгэлэнд Жил Сандер өөрийн анд, урлан бүтээлч Марио Мерцтэй хамт энэхүү бортогон хэлбэрт хоолойг зохион бүтээж оролцжээ. Флоренцын дээхнэ орших хавтгайдуу газар байршуулсан, 15 метр урт 6 метр өндөр энэ цилиндр бол Флоренц хотыг тольдох зургийн аппаратын дуран хэмээн сэтгэжээ. Хоолой дотор хурсан навч, цэцэгсийг үл харагдах сэнсээр үлээлгэн хөөргөх боломжтой.
1979 онд Жил Сандер анхны эрэгтэй эмэгтэй сүрчгээ зохион бүтээжээ. Тухайн үед сүрчиг Францаас л гаралтай гэсэн ойлголт ноёрхож байсан төдийгүй дорнын охь агууламж ихтэй нялуун үнэртэн давамгайлдаг байж. Нутгийн агаарт суурилсан, хойд Германы шинжтэй, эхүүн үнэр нилэнхүйд нь нөмрөх бус хөнгөн, зөөлөн, даруу үнэр сэнгэнээд л өнгөрөх тийм сүрчиг бүтээхийг зорьжээ. Үнэртний бортого ч мөн адил тухайн үеийн угалзарсан, мушгирсан шилэн савнаас тэс өөр, орчин үеийн архитектураас санаа авчээ. Франк Лойд Врайтын шулуун, эгц хэв маягаас сэдэл авдгаа тэр дурдсан байдаг.
Тухайн нийгэм, цаг үед хахсан хандлагыг сөрж шинийг эрэлхийлэн цаг үеийн өнгийг хувьсгагч нарын ачаар аливаа салбарын хөгжил түүчээлж байдаг. Жил Сандер бол тэр үеийн гоо сайхан, илэрхийлэмжийн ойлголтыг өөрчилсөн загвар зохион бүтээгч юм. 80-аад оны поп соёл, үйлдвэрлэл өрнөж, эрч хүч буцалсан эрээн мяраан орчин, дуу чимээнээс холдож, хувь хүн дотоод руугаа өнгийн, байгальд ойртон тайвшрахыг сануулж, далайн эрэг, тариан түрүү, зөрөг зам шороо гээд байгаль эхийн энгийн бөгөөд бодит орчинг тусгасан нь түүний цуглуулгын зураг авалтуудаас анзаарагдана.
Иж бүрэн гоёж чимэглэсэн сайхан дүр дээр нэмэрлэх бус дөнгөж цухуйж буй үзэсгэлэнг тодотгох, түүний гүнг олж нээхийг урин дуудсан нууцлаг атлаа энгийн, хэлбэрдсэн бус жинхэнэ бодит загвар бүтээх нь түүний эрхэм зорилго ажээ. Загварын салбарт олон шагнал хүртсэн, Германы олон улсад нэртэй цөөхөн загвар бүтээгчдийн нэг энэ эмэгтэй тийм олны танил бус нь түүний энгийн эгэл байх зарчмаа өөрөө баримталдгийг илтгэнэ. Ямартаа ч үзэсгэлэнд дэлгэгдсэн хувцас бүрийг би өнөөдөр өмсөхөд бэлэн, 80,90-ээд оны загвар гэмээргүй орчин үеийн харагдаж буй нь энгийн цэвэрхэн загвар хэзээ ч хуучирдаггүйг харуулах мэт...
Франкфурт хот
Д.Чанцалдулам
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт