Гарын авлага: Биеийн галбиртаа тохируулж хувцаслах нь

Таван төрлийн галбир ба галбир бүрт тохирсон загварууд

Хүн өөрт зохисон, галбирт нь төгс суусан хувцас өмссөн үедээ хамгийн гоёмсог харагддаг. Улирал бүр шинээр гарах трендүүдйг бодлогогүй дагах биш, харин цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ өөрийнхөө давуу талыг тодотгож, сул талыг нуун дарагдуулж чаддаг байх нь хувцаслалтын үндсэн дүрмүүдийн нэг юм. Тэгэхээр өөрт тохирсон төгс хувцсыг олохын тулд юуны түрүүнд биеийнхээ галбирыг тодорхойлох хэрэгтэй. Ихэнх бүсгүйчүүдийн бие элсэн цаг, лийр, алим, тэгш өнцөгт, буруу харсан гурвалжин гэх ерөнхий таван төрөлд хуваагддаг бөгөөд төрөл бүрд өөрийн гэсэн онцлог бий. Ямар хувцас таныг илүү өөртөө итгэлтэй болгох, харин ямар нь таны дутагдлуудыг улам бүр тодотгохыг олж мэдсэнээр та өглөө бүр хувцаслахдаа илүү хялбар, ухаалаг сонголт хийх болно.
Элсэн цаг 

Мөр ба ташааны хэмжээ ойролцоо атлаа нарийн бэлхүүстэй бол та элсэн цаг галбиртай гэж тооцогдоно. Хамгийн эмэгтэйлэг галбиртай ийм төрлийн эмэгтэйчүүд өөрийн байгалиас заяасан давуу талаа нуух биш, харин эсрэгээрээ аль болох тодотгох хэрэгтэй юм. Та яаж ч хувцасласан бай, хамгийн гол нь үргэлж нарийн бэлхүүсээрээ гайхуулж, биеийнхээ ерөнхий пропорцыг хадгалж үлдээрэй.

Зорилго: Бэлхүүсээ тодотгох.

Зохимжтой загварууд: Богино топ, бүстэй даашинз, халат загварын даашинз, харандаа хэлбэрийн юбка, өндөр суудалтай өргөн өмд, бариу өмд.

Зохимжгүй загварууд: Хэтэрхий их деталь ба хээтэй, навсгар болон зузаан материалтай хувцаснууд, дөрвөлжин эсгүүртэй загварууд таны гоёмсог галбирыг нуун дарагдуулах болно.

Лийр 

Гуя, өгзөг, шилбэ, ташаа томтой боловч цээж хэсэг нь арай жижиг эмэгтэйчүүдийг лийр төрөлд хамруулна. Лийр галбирыг тэнцвэржүүлэхийн тулд дээгүүрх хувцсаа тод өнгөтэй, гоёмсог хээтэй, чимэглэл ихтэй байхаар сонгож, хүмүүсийн анхаарлыг биеийнхээ дээд хэсэгт хандуулах хэрэгтэй юм. Мөн үүний хажуугаар биеийнхээ доод хэсгийг илүү нарийн харагдуулах зорилгоор шулуун эсгүүртэй, саармаг загварын өмд ба юбка сонговол илүү зохимжтой.

Зорилго: Биеийнхээ дээд хэсгийг тодотгосноор галбираа тэнцвэржүүлэх.


Зохимжтой загварууд: Тод өнгө ба хээтэй топ, өндөрлөсөн мөртэй пиджак, энгэр ба мөр хэсгээрээ цацагтай цамц, бөмбөгөр ханцуйтай атлаа бэлхүүс тодотгосон цамц, хонхон ханцуйтай цамц, А хэлбэрийн юбка, шулуун загварын жийнсэн өмд, брюк өмд

Зохимжгүй загварууд: Хэтэрхий бариу загварын өмд ба юбка хүмүүсийн анхаарлыг таны биеийн доод хэсэг рүү татаж, дээд ба доо хэсгүүдийн пропорцыг алдагдуулна.

Алим 

Биеийн доод хэсэг нарийн атлаа дээд ба дунд хэсгүүд илүү жин ихтэй бол үүнийг алим хэлбэрийн галбир гэж нэрлэнэ. Ийм төрлийн эмэгтэйчүүд аль болох галбираа урт ба нарийн харагдуулж, бэлхүүс бий болгох хэрэгтэй. Үүний тулд мөр ба хөлөө тодотгож, биеийнхээ дунд хэсгийг "сүүдэрт" үлдээх шаардлагатай юм.

Зорилго: Мөр ба хөлөө тодотгох.

Зохимжтой загварууд: Сул загварын топ, шулуун эсгүүртэй даашинз, бага зэрэг дэрвэгэр хормойтой богино юбка, дан өнгийн хувцаснууд, трапеци хэлбэрийн өмд, бариу өмд, дээгүүрээ корсет хэлбэрийн атлаа доогуураа урт сул хормойтой даашинз, бүс.

Зохимжгүй загварууд: Бэлхүүс хэсгээрээ бариу загварын цамц эсвэл өндөр суудалтай өмд таны дутагдлыг тодотгох болно.


Тэгш өнцөгт

Биеийн мөр, бэлхүүс ба ташаа хэсгүүд нь ойролцоо хэмжээтэй, ерөнхийдөө шугам хэлбэрийн биетэй эмэгтэйчүүдийн өмнө ганц л зорилго байх учиртай. Тэр нь бэлхүүсээ тодотгох юм. Ийм галбирыг тэнцвэржүүлэх нь үнэндээ тийм ч хэцүү даалгавар биш. Дээгүүрээ олон давхарлах аргачлалын дагуу том хэмжээс үүсгэж, бэлхүүсээ бүсэлж, доогуураа өнгөлөг, сонирхолтой детальтай өмд өмсөхөд л хангалттай.

Зорилго: Бэлхүүсээ тодотгох.

Зохимжтой загварууд: Цацаг, чимэглэлтэй топ, богино эсгүүртэй бомбер хүрэм, бэлхүүс хэсгээрээ хайчилбартай даашинз, бэлхүүс тодотгосон пиджак, дэрвэгэр хормойтой юбка ба даашинз, А хэлбэрийн хормой, трапеци хэлбэрийн өмд.

Зохимжгүй загварууд: Галбир хэт барьсан, шулуун даашинзууд таныг улам бүр шугам шиг харагдуулна.
Буруу харсан гурвалжин

Өргөн мөртэй атлаа нарийн ташаатай эмэгтэйчүүдийг буруу харсан гурвалжин хэлбэрийн галбиртай гэдэг. Өөрөөр хэлбэл галбир дээрээсээ доошоогоо нарийсаж байгаа бол та энэ төрөлд хамрагдах юм. Энэ нөхцөлд таны баримталбал зохих гол дүрэм бол мөр хэсгээ одоо байгаагаас нь илүү том харагдуулахгүй байх явдал юм. Цацаг, чимэглэл гэх зэрэг нэмэлт хэмжээс бий болгодог деталиудыг мөр ба цээжнээсээ холдуулаарай.

Зорилго: Мөрөө "зөөллөж", биеийнхээ доод хэсгийг тодотгох

Зохимжтой загварууд: V энгэртэй цамц, А хэлбэрийн юбка, тод өнгийн өмд ба юбка, бүс. Ерөнхийдөө биеийнхээ доод хэсэгт зориулагдсан хувцсыг эрх чөлөөтэй сонгож, туршилт хийж болно.

Зохимжгүй загварууд: Мөр ба цээж хэсгээрээ хэт навсгар хувцаснууд биеийн пропорцыг алдагдуулна.

Ө.Тодгэрэл

2017-09-05, 14:00