Зальтай зан гаргаж, ааш муутай байхаас санаа зовнихоо больцгооё
Бюро 24/7 та бүхэнд зориулж загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн өгсөн хэний ч ажил, амьдралд хэрэг болох, найдвартай долоон зөвлөгөө бэлдлээ
1. Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтурын өгөх зөвлөгөө: Азгүйтэл бол юу ч биш
"Хүн бүр өөрийн амьдралдаа нэг удаа ч болтугай ажлаас халагдаад үзэх хэрэгтэй. Төгс байдал гэж үгүй. Азгүйтэл бидэнд хэрэгтэй. Энэ бол амьдралын бодит байдал юм".
Эх сурвалж.
Редакцийн тэмдэглэл: Винтур Harper's Bazaar сэтгүүлд есөн сарын турш туслах загварын редактороор ажилласны эцэст 1975 онд ажлаасаа халагдсан байдаг. Энэ таагүй явдал түүнийг огтхон ч мохоогоогүй бөгөөд 13 жилийн дараа тэр Vogue сэтгүүлийг удирдах болсон.
2. Vetements маркийн үүсгэн байгуулагч ба Balenciaga-гийн бүтээлч захирал Демна Гвасалиягийн өгөх зөвлөгөө: Бие дааж сур
"Хэн ч чамд пиджакны эсгүүрийг хэрхэн гаргахыг тайлбарлаж өгөхгүй. Чи үүнийг өөрөө олж мэдэх хэрэгтэй. Хэцүү байж болно. Гэхдээ чи өөрөө олж мэдсэн зүйлдээ хүн чамд зааж өгснөөс ч илүү суралцах болно".
Эх сурвалж.
Редакцийн тэмдэглэл: Дизайнер өөрийн Антверпен хотын урлагийн сургуульд суралцаж байсан үеэ дурссан байгаа.
3. Prada ба Miu Miu брэндүүдийн бүтээлч захирал Миучча Прадагийн өгөх зөвлөгөө: Эрчүүдэд найдсаны хэрэггүй
"Ажил хийдэггүй, эрэгтэй хүнээс хамаардаг бүсгүй хэрхэн аз жаргалтай байж чадах билээ дээ? Би ажил хийдгээрээ бахархдаг. Би өмнө нь ажил эрхэлдэг, боловсролтой феминист бүсгүй байхаас ичдэг байсан. Харин одоо бол үгүй ээ".
Эх сурвалж.
4. Vogue сэтгүүлийн домогт редактор Андре Леон Теллигийн өгөх зөвлөгөө: Боловсролгүй хүмүүст хэн ч дуртай байдаггүй
"Өнгөрснөө мэдэлгүйгээр ирээдүй рүү алхаж болно гэж үү? Амьдралд бүх зүйл давтагддаг. Хэрвээ чи агуу хүмүүсийг юу хийж байсныг мэдэхгүй бол юунд ч хүрч чадахгүй. Balenciaga ордны эсвэл Ив Сен-Лораны түүхийг уншаад үз. XVIII зууныг судлаад үз. Ив Сен-Лораныг юу бүтээснийг мэдэхгүй хүн ер нь яаж загварын талаар ярьж чадах юм бэ?"
Эх сурвалж.
5. Chanel ба Gucci загварын орднууд болон Met Gala арга хэмжээг хариуцдаг KCD пи-ар агентлагийн захирал Эд Филипповскигийн өгөх зөвлөгөө: Бүтээлч хандлага бүхнийг шийднэ
"Манай агентлагт хэрхэн ажилд орж болох вэ гэж үү? Юуны түрүүнд ухаантай бас бүтээлч байх хэрэгтэй. Чамайг надтай танилцуулж чадах загварын салбарын танил тал чамд бий юу? Энэ бол хамгийн баттай арга зам. Хэрвээ миний танил редактор надаас нэг хүнтэй уулзаад үзэхийг гуйвал би уулзаад л үзнэ. Хэнийг ч танихгүй юу? Энэ тохиолдолд бүтээлч хандлага чамд тус болно. 1980-аад онд дөнгөж ажлын гараагаа эхлүүлж байхдаа би KCD-д ажиллахыг маш ихээр мөрөөддөг байлаа. Тэр үед би The New York Times сониноос KCD агентлаг Charivari (тухайн үеийн нэр хүндтэй бутик - ред. тэмдэглэл) гэх шинэ үйлчлүүлэгчтэй болсныг олж уншсан юм. Ингээд би Charivari-гийн брэнд цүнхэн дотор цэцгийн баглаа хийн, KCD руу илгээсэн. Тун удалгүй агентлагийн эзэмшигч бүсгүй над руу залгаж "Би чамайг танихгүй ч, чиний явуулсан цэцгийг хараад уулзахгүй байхын арга алга" хэмээн хэлж байсан".
Эх сурвалж.
6. Dior, Louis Vuitton, Dries van Noten болон бусад олон брэндүүдийг хариуцдаг PR Consulting агентлагийн захирал Пьер Рожегийн өгөх зөвлөгөө: Үйлчлүүлэгчдээ цээжээрээ хамгаалж байгаарай
"Эцэст нь ямар нэгэн сэтгүүлч эсвэл редактор намайг үзэн ядлаа гээд надад ямар ч асуудалгүй. Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдаж байснаас ингэсэн нь дээр. Салбарын хэн нэгэн надад дуртай эсвэл дургүй байх нь надад огтхон ч хамаагүй. Ээж минь намайг хайрлаж байхад л хангалттай. Миний ихэнх ажилтнуудад асар их мөнгө эсвэл эрх мэдэл байхгүй. Тэдэнд зөвхөн авьяас чадвар ба олон нийтийн нүдэнд харагдах зөв дүр төрх бий. Би энэ бүхнийг хамгаалахын тулд ажлаа маш сайн хийхийг хичээдэг. Би бүхнийг хийхэд бэлэн байдаг. Зарим тохиолдолд орилж, уурлаж ч чадна".
Редакцийн тэмдэглэл: Хүмүүс таныг юу гэж бодох нь танд үнэхээр л хамаагүй байдаг бол энэ зөвлөгөөг дагаарай. Пьер Роже бол үнэн хэрэгтээ загварын салбарын хамгийн тааламжгүй харилцаатай хүмүүсийн нэг. Тэр бүр New York Press сонины "Хамгийн муухай 50 Нью-Йоркчууд" жагсаалтад багтаж байсан гээч.
Эх сурвалж.
7. Том Фордын өгөх зөвлөгөө: Өөрийгөө асуудлаас чөлөөлж сур
"Юу ч болж байсан бидэнд "Бүгд чөтгөр лүү тонил, би харин явж унтлаа" гэж хэлэх эрх байгааг бүү мартаарай. Маргааш өглөө нь таны амьдрал хамаагүй дээр болсон мэт санагдана".
Редакцийн тэмдэглэл: Энэ аргыг туршиж үзсэн. Үнэхээр л маргааш нь амьдрал илүү сайхан болдог шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт