Social anxiety буюу нийгмийн айдас нь сэтгэл түгших эмгэгийн түгээмэл тохиодог хэлбэрүүдийн нэг юм. АНУ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс нийт насанд хүрэгчдийн 12 гаруй хувь нь амьдралынхаа аль нэг мөчлөгт нийгмийн айдастай тулгардаг болохыг мэдээлсэн байна. Ийм төрлийн оноштой хүмүүст олны өмнө гарахаас, хүмүүс өөрийг нь анзаарч, тэдэнтэй харилцаа тогтоохоос айж, ичих, буруугаар ойлгогдохоос ямагт болгоомжлох, эсвэл бусдыг гомдоохоос санаа зовох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг билээ. Түүнчлэн тэд дэлгүүр хэсэх, хувцас сонгох, стиль бүрдүүлэх зэргээс стресс, бухимдал, өөртөө итгэлгүй байдал, санаа зовних мэдрэмжийг авах нийтлэг хандлагатай байдгийг мэргэжилтнүүд хэлжээ.
Нийгмийн айдастай хүн гадаад төрхөө бүрдүүлэх үедээ өөрсдийн загварын мэдрэмж, сонголтдоо маш их эргэлздэг. Тэдний нэг хэсэг нь бусдад таалагдаж, олны сэтгэлд нийцэхийн тулд хувцасладаг бол нөгөө хэсэг нь ичих мэдрэмж болон хүмүүст аль болох анзаарагдахгүй байх хүслээсээ үүдэн хувцсыг загвар гэхээсээ илүү өөрийгөө бусдаас нуугдах хэрэгсэл талаас нь хардаг байна. Түүнчлэн айдсаа даван туулах нэрийдлээр хувцсанд хэт их мөнгө зарцуулж, зөвхөн сэтгэл хөдлөлдөө захирагдан худалдан авалт хийж, санхүү болон сэтгэл зүйгээрээ улам хохирох хандлагатай байдгийг сэтгэл зүйч Жули Фрага тэмдэглэжээ. Энэхүү аргын тусламжтай эндорфин ялгарч, аз жаргал мэдрэгддэг ч түгшүүрийн мэдрэмжийг түр зуур далдлахаас биш угт нь эмчилж чаддаггүй байна.
Хэрхэн нийгмийн айдсаа даван туулах вэ?
Юун түрүүнд юунаас болж айж байгаагаа анзаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг. “Би яг үнэндээ юунаас болж түгшээд байна вэ?” хэмээн өөрөөсөө асуугаад үзээрэй. Ингэснээр та үнэхээр үндэслэлтэй болоод түгшдэг үү, эсвэл ирээдүйд тохиох үгүй нь мэдэгдэхгүй төсөөлөн бодож олсон зүйлээсээ айгаад байна уу гэдэг нь илрэх болно. Мөн та сайн найзад тань яг ижил асуудал тохиосон гээд бодоод үзээрэй. Тэгвэл та найздаа юу гэж зөвлөх байсан бэ? Ингэснээр асуудлыг хөндлөнгөөс, илүү том зургаар харж эхэлнэ.
Үүний дараа санааг тань зовоож байгаа тэр зүйл дуртай хувцсаа өмсөхөд саад болж байна уу, эсвэл энэ нь айдастайгаа нүүр тулсан цагт замхраад алга болох хэврэгхэн бодол уу гэдгийг тунгаагаарай. Хэрэв эхнийх нь бол айдсаа аюулгүй замаар даван туулах хэрэгтэй. Магадгүй та өмсөхөөс түгшдэг хувцсаараа төрхөө бүрдүүлж, хэн ч таныг үл мэдэх кофе шоп орж болох юм. Ингэснээр бусдаар шүүмжлүүлэхээс айх мэдрэмж багасах боломжтойг сэтгэл зүйч Фрага Refinery29 сэтгүүлд хуваалцсан байна.
Эцэст нь хувцасны шүүгээгээ онгойлгоод “Миний хамгийн дуртай хувцас аль вэ? Юу миний сэтгэл санааг өргөдөг вэ? Аль нь намайг илэрхийлж чадаж байна вэ?” зэрэг асуултуудыг өөртөө тавьж тэдгээр хувцаснуудаа эхлээд гэртээ туршиж үзэн улмаар бага багаар нийгмийн харилцаанд орох үедээ өмсөж, дасах оролдлогуудыг хийхийг зөвлөдөг билээ. Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлсэн ч дорвитой үр дүнд хүрэхгүй бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт