“Магадгүй бид ухаалаг утсаа түр хойш нь тавьж, толгойгоо ажиллуулах хэрэгтэй байх” Кристофер Кейнтэй хийсэн ярилцлага

Christopher Kane брэндийн арван жилийн ойн баярт зориулж

Шотландын дизайнер Кристофер Кейн энэ жил өөрийн нэрийн брэндийн арван жилийн ойн баярыг тэмдэглэж байна. Манай сурвалжлагч Сильвия Бомбардини түүний Лондон дахь урлангаар зочилж, загварын ертөнц сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн, эргэн тойрны хүмүүсийн шүүмжийг яагаад заримдаа үл тоох хэрэгтэй зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа

Арван жилийн өмнө Кристофер Кейн урлагийн их сургуулиа төгсөөд, ердөө дөрөвхөн цагийн дараа эгч Тэммитэйгээ хамтран өөрийн нэрийн брэнд үүсгэхээр шийдсэн байдаг. Тэр үед загварын салбар тэс ондоо байсан бөгөөд Кейний хэлж буйгаар бүх зүйл илүү хялбар байжээ. Их сургуулийн төгсөгчид номын сангаас шинэлэг санаа хайж, харин дизайнеруудад цуглуулга бүтээхэд хангалттай их хугацаа олгогддог байсан гэнэ. Christopher Kane маркийн хамгийн анхны цуглуулга загварын салбарынхнаас сайн шүүмж хүлээн авсан төдийгүй мөн Донателла Версачегийн анхаарлыг татаж чадсан. Донателла Кристофер Кейнд Versace-гийн залуу шугам Versus-ийн бүтээлч захирал болохыг санал болгож, түүнтэй 2009 оноос эхлэн хамтарч ажилласан юм. Залуу дизайнер сүүлийн арван жилийн хугацаанд амжилтын оргил рүү эрчээ алдалгүй явж байна. Тэр маш олон тооны загварын шагнал хүртэж, нэрийн брэнддээ эрэгтэй шугам нэвтрүүлж, дэлхийн томоохон дизайнеруудаас дутахааргүй сайн чанарын хувцас бүтээж байгаа.

Лондон хотын Хакни дүүрэгт байрших дизайнерын урлан дээр очтол тэр ханандаа Lover's Lace цуглуулгын ноорог зургуудыг өлгөчихсөн байв. Кейн бидэнтэй загварын салбарын тухай илэн далангүй ярилцаж, орчин үеийн систем загварын ертөнцийн нууцлаг хэв маягийг үгүй хийж буйг дурдлаа.

Бидний өнөөдрийн уулзах болсон шалтгаан бол мэдээж хэрэг Christopher Kane брэндийн арван жилийн ойн баяр юм. Тэгэхээр ярилцлагынхаа эхэнд би брэндийн гарал үүслийн талаар асууя гэж бодлоо. Бүх зүйл яаж эхэлсэн бэ? Загварын мэргэжилтнүүдийн сүүлийн үед гаргаж буй дүгнэлтийн дагуу залуу дизайнерууд сургуулиа төгсмөгцөө өөрийн нэрийн брэнд үүсгэн байгуулах нь маш буруу алхам аж. Харин та эсрэгээрээ сургуулиа төгссөн даруйд брэнд нээж, өдийг хүртэл амжилттай яваа нэгэн. Загварын мэргэжлээ тантай зэрэг эхлүүлж байсан Meadham Kirchhoff гэх чадварлаг хос дизайнерууд хүртэл цаг хугацааны эрхээр ялагдал хүлээсэн байдаг. Та хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагууддаа ихэвчлэн өөрийнхөө алдаанаас суралц гэсэн зөвлөгөө өгдөг. Харин та өөрөө ямар алдаанууд гаргаж байсан бэ, тэдгээр алдаанууд танд юу сургасан бэ, мөн өнөөдрийн загварын төгсөгчдөд ямар зөвлөгөө өгөхийг хүсэж байна вэ? 

Арван жилийн өмнө, намайг ажлын гараагаа дөнгөж эхлүүлж байх үед загварын ертөнц тэс ондоо байсан. Надад нэг ёсондоо аз таарсан юм. Тэр үед загварын салбарт ажиллахад хамаагүй хялбар байлаа. Дизайнерууд жилд хоёрхон л цуглуулга гаргадаг, pre-fall ба resort цуглуулгуудын талаар хэн ч юу ч дуулаагүй байсан үе. Харин одоо бол тэдгээр нэмэлт цуглуулгууд бизнесийн гол хүчин зүйлсийн нэг болоод байна.

Би зөв цаг үеэ сонгож, зөв хүмүүстэй хамтарч чадсан. Хязгааргүй их хөдөлмөрлөх шаардлага гардаг байсан ч, тэр үед хүний авьяас чадвар нэн тэргүүнд тавигддаг давуу талтай байлаа. Таны дурдсан Meadham Kirchhoff бол гайхамшигтай авьяаслаг залуучууд. Эдгээр дизайнерууд өдийг хүртэл загварын салбарт ажилласан хэвээр тул тэднийг ялагдал хүлээсэн гэж хэлж болохгүй. Өөрийн нэрийн брэндээ үүсгэн байгуулахад хялбар байдаг гэх буруу ойлголт гадуур ажиглагддаг. Энэ нь ямар ч үнэний оргүй таамаглал юм. Нэгдүгээрт загварын салбар луу нэвтрэн орно гэдэг тун хэцүү даалгавар. Хоёрдугаарт олсон амжилтаа хадгалж ажиллана гэдэг бас л амаргүй зүйл. Учир нь орчин үед өрсөлдөөн асар их болсон шүү дээ. Би дэлхийн хамгийн өндөр өрсөлдөөнтэй Saint Martins урлагийн сургуулийг төгссөн тул зах зээлд өрсөлдөөн ямар их байгааг сайтар мэддэг.

Энэ нь танд маш сайн бэлтгэл болсон байх...
Та зөв хэллээ. Би нэгдүгээр курсээсээ эхлээд төгсөх хүртлээ дэлхийн шилдэг багш нарын хараан доор суралцаж байсан. Тэд оюутнуудыг үргэлж өөрөөрөө үлдэхийг зөвлөж, өөрийн хэв маягаа огтхон ч алдаж болохгүйг сануулдаг байлаа. Ерөнхийдөө хүн өөрөө байнга мэдлэгийн араас хөөцөлдөж, алдаа гаргаж, гаргасан алдаанаасаа суралцаж, ямагт урагш алхаж байх хэрэгтэй. Анхны оролдлогоосоо төгс зүйл бүтээнэ гэдэг хэзээ ч байж болзошгүй зүйл гэдгийг мөн ойлгох хэрэгтэй. Тийм л учраас хүн тогтмол хөдөлмөрлөж байж амжилт олдог.

Тэгэхээр таны бодлоор урд өмнө нь өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулахад илүү хялбар байсан гэж үү?
Тийм ээ. Өнөөдрийн нөхцөл байдалд хэрэглэгчид дөнгөж үүсгэн байгуулагдсан залуу брэндээс дэндүү их юм хүсч, хүлээж, мөн асар том найдлага тавьж байна. Харин намайг ажлаа эхлүүлж байх үед, надад аажим аажмаар хөгжиж, жижиг алхмуудаар урагшлах боломж байдаг байлаа. Нэрийн брэндээ үүсгэн байгуулж амжилттай ажиллахын тулд юуны түрүүнд өөрийнхөө мэдрэмжийг дагаж, дараагаар нь брэндээ хөгжүүлэх тодорхой нэг зам сонгож, бизнес талыг боловсруулж, загварын ертөнцийн зарим нэг дүрмийг баримтлах хэрэг гардаг. Харин орчин үед тэрхүү дүрмүүд улам л их болж байна. Өмнө нь би цуглуулга хооронд амарч амждаг байсан бол, өнөөдөр цаг тутам ажлаа бодохоос өөр аргагүй болсон.

Дэвшилтэт технологийн эрин үе дэх олон нийтийн сүлжээг хоёр өнцгөөс харж болно. Нэг талаасаа олон нийтийн сүлжээний ачаар хүссэн зүйлээ нэн даруй нийтлэж, хүмүүсийн санал бодлыг тухайн үед нь хүлээж авах боломжтой. Энэ нь залуу дизайнеруудын хувьд маш ач тустай зүйл юм. Нөгөө талаасаа эдгээр сүлжээ нь дизайнеруудад буруу ойлголт өгч, ямар ч үндэслэлгүйгээр өөртөө хэт итгэлтэй болох шалтаг болж өгдөг. Харин дизайнер өөртөө хэт бардсан байх үед хэрэглэгчдийн сонирхол аажмаар буурч байдаг...
Олон нийтийн сүлжээнээс болж хэрэглэгчид их буруу бодолтой болоод байгаа. Шинэ цуглуулгын загварын шоу өндөрлөмөгц хүмүүс надаас дараа улирлын цуглуулгын талаар асууж эхэлдэг. Би урдах цуглуулгаа дөнгөж дуусгаад байхад, амсхийх хугацаа өгөхгүй гэж үү? Би чинь робот эсвэл машин биш шүү дээ. Би болон миний хамт олон жирийн л нэгэн хүмүүс байдаг. Бид маш их хичээсэн ч гэсэн ирээдүйг урьдчилж таамаглаж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Би их сургуульд сурдаг байхдаа цуглуулгынхаа шинэлэг санааг номын сангаас хайдаг байснаа санадаг юм. Харин өнөөдөр номын сан орж, ном уншдаг хүн энэ дэлхий дээр хэр их байна вэ? Хүссэн бүхнээ Google-ээс олчихдог болсон энэ үед залуучууд өөр аргачлалаар сурч, боловсорч байна. Гэхдээ би одоо ч ном уншиж, бүтээлч санаа хайж олох дуртай. Энэ нь Instagram эргүүлж сууснаас дээр биш гэж үү? Та олон нийтийн сүлжээнд бусдын хийсэн зүйлсийг харж суухын оронд, өөрийн гэсэн ямар нэгэн зүйл бүтээх хэрэгтэй.

"Шинэ цуглуулгын загварын шоу өндөрлөмөгц хүмүүс надаас дараа улирлын цуглуулгын талаар асууж эхэлдэг. Би урдах цуглуулгаа дөнгөж дуусгаад байхад, амсхийх хугацаа өгөхгүй гэж үү? Би чинь робот эсвэл машин биш шүү дээ"

Гэхдээ бас үүний зэрэгцээ интернет сүлжээнд нэг төрлийн ардчилал явагдаж байна. Хүн бүр өөрт хэрэгцээт анхаарлын тунгаа авч байгаа. Энэ нь тийм ч муу зүйл биш юм.
Тийм ээ, би тантай санал нэг байна. Блогерууд үүссэн үеийг та санаж байна уу? Тэр үед энэ нь интернет сүлжээний гол сэдэв болон хувирч байсан. Гэхдээ би үүгээрээ блогеруудыг үл хүндэтгэсэн юм биш шүү. Би үүнийг харин ч их хэцүү ажил гэж боддог юм. Гэхдээ зарим блогерууд дизайнеруудын цуглуулгын талаар тааламжгүй зүйл ярихад надад таалагддаггүй. Учир нь тэд ихэвчлэн цуглуулга хэрхэн бүтээгддэг талаар ямар ч мэдлэггүй байдаг. Орчин үед хүн бүр хүссэн зүйлээ интернет сүлжээнд хэлэх боломжтой болсон ч гэлээ заримдаа энэ нь утгагүй санагдах үе байдаг. Сьюзи Лау ба Брайан Бой гэх зэрэг огтхон ч муу зүйл бичдэггүй блогерууд бас бий. Тэд ажилдаа маш их хайртай төдийгүй мөн загварын салбарт ажиллаж байгаадаа өөрсдийгөө туйлын азтайд тооцдог. Түүнээс гадна мөн бүх зүйлийг шүүмжлэх дуртай блогерууд ч байдаг. Гэхдээ тэд өөрсдөө бие даан цуглуулга бүтээж чадах байсан болов уу? Мэдээж хэрэг хүн бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч гэлээ, хүний ажлыг хүндэтгэх ухамсрын талаар мартаж болохгүй.



Хурдацтай хөгжиж буй загварын салбараас хоцрохгүй байх төрөл бүрийн аргууд бий. Та тухайлбал домогт брэндүүдтэй нэгэн зэрэг алхаж, зөвхөн эрэгтэй ба эмэгтэй гэлтгүй, мөн pre-fall ба resort цуглуулга гаргадаг...
Хамгийн хачирхалтай нь тэдгээр resort ба pre-fall цуглуулгууд маш удаан зарагддаг. Миний хамгийн их цаг зав, хичээл зүтгэл гаргаж урласан эрэгтэй, эмэгтэй үндсэн цуглуулгууд дорхноо зарагдаж дуусдаг. Харин pre-fall ба resort цуглуулгууд илүү боломжийн үнэтэйгээр зах зээл дээр тавигддаг хэрнээ дэлгүүрт илүү удаан хугацаанд үлддэг.

Christopher Kane-ы pre-fall 2016 цуглуулгын санаа надад их таалагдсан. Та тэрхүү цуглуулгадаа брэндийнхээ түүхийн гол мөчүүдийг нэгтгэсэн байсан. Цуглуулга хэрхэн бүтсэн талаар ярьж өгөөч?
Заримдаа өөрөө анх сэдэж, бүтээсэн зүйлсээ хүмүүст сануулж байх хэрэг гардаг. Учир нь бусад дизайнерууд миний хуучин цуглуулгыг эргүүлэн харж, миний санаануудыг хуулбарлах тохиолдол өмнө нь нэг биш удаа гарч байсан. Гэхдээ энэ нь миний амжилттай явааг илтгэх нэгэн үзүүлэлт гэж би боддог юм. Ерөнхийдөө би загварын салбарт орсноосоо эхлүүлээд өдийг хүртэл маш том архив бүрдүүлчихсэн байгаа. Хааяа архиваа эргүүлэн судалж, тухайн үед гүйцэтгэж амжаагүй орхисон санаануудаа гаргаж ирэх сонирхолтой байдаг юм.

Christopher Kane, pre-fall 2016
Christopher Kane, хавар-зун 2013, «Оны шилдэг даашинз»

Дээр дурдсан түүхэн аястай цуглуулгуудаас гадна мөн бүтээгдсэн он жилийнхээ уур амьсгалыг өөртөө шингээсэн, цаг үетэйгээ нийцсэн цуглуулга загварын салбарт их үнэлэгддэг. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар таны ихэнх цуглуулга тухайн үеийнхээ амин сүнсийг төгс шингээсэн байдаг гэдэг. Тухайлбал таны торон нэхээс болон тусгаарлагч соронзон хальсаар урласан 2013 оны даашинз Английн Бат хотын музейд "Оны шилдэг даашинз" нэртэйгээр тавигдаж байсан шүү дээ.
Тийм ээ, энэ жил ч бас миний зарим бүтээлүүд онцгой байх төлөвтэй байна. Бид ийм төрлийн төслүүдэд хамрагдахдаа их баяртай байдаг. Маркийн хэд, хэдэн бүтээлүүд энэ жилийн Manus х Machina үзэсгэлэнд тавигдсан. Метрополитан музейд зохиогдож буй энэхүү үзэсгэлэн та бүгдийн мэдэж байгаачлан дэвшилтэт технологи болон гар урлалыг хослуулсан загварууд дээр төвлөрч байгаа. Гэхдээ үнэндээ миний бодлоор хувцсыг музейн үзүүлэн гэхээсээ илүү хүн өмсөж болохуйц энгийн хэв маягтайгаар урлах нь илүү чухал юм.

Энэ бүгдээс дүгнэхэд Christopher Kane брэндийн хувцаснууд өнгөрсөн болон одоо цагийг өөртөө хослуулдаг юм байна...
Өнгөрснөө дурсах үргэлж сайхан байдаг ч мөн ирээдүй рүү тэмүүлэх хэрэгтэйг мартаж болохгүй.

"хувцсыг музейн үзүүлэн гэхээсээ илүү хүн өмсөж болохуйц энгийн хэв маягтай хийх нь илүү чухал юм"

Би танаас брэндийн хувьслын талаар асуух гэсэн юм. Танд бүтээлийн урам хайрладаг бүсгүйн дүр хэрхэн өөрчлөгдсөн бэ? Таны хамгийн анхны хавар-зун 2007 цуглуулгын бие барьсан, "боолт" загварын даашинз өмссөн бүсгүй намар-өвөл 2016 улиралд бага зэргийн гранж, замбараагүй хэв маягтай болсон байсан. Маркийн төлөөлөгч бүсгүйн төрх илүү адармаатай, гүн утгатай болон хувирч байна.
Тодорхой хэмжээний хувьсал явагдаж байгаа. Гэхдээ би одоо хүртэл тэрхүү бариу даашинз өмссөн залуухан, цоглог, тачаангуй бүсгүйн дүр төрхөд дуртай хэвээрээ. Харин гранж маягийн замбараагүй дүр төрх нь маш сонирхолтой ч гэлээ хүн бүрийн сонирхолд төдийлөн нийцээд байдаггүй, этгээд хэв маяг юм. Эдгээр төрхүүд миний цуглуулгад хосолж, эсвэл ээлжилж орох боломжтой. Бид зөвхөн нэг бүлэг хүмүүсийг чиглэсэн брэнд байхыг хүсдэггүй. Үүнээс илүүтэйгээр бид төрөл бүрийн эмэгтэйчүүдэд зориулсан цуглуулга бүтээж байхыг хичээдэг. Гэхдээ үнэндээ төрх бүр хоорондоо уялдсан холбоотой байдаг. Энэ нь би ба миний хамт олны хувьд илт байдаг юм. Харин гаднын хүмүүсийн нүдэнд тэрхүү холбоо анзаарагдахгүй байх магадлалтай. Учир нь бид улирал бүр чиглэлээ өөрчилж ажилладаг. Надад нэг зүйлийг давтаж хийх нь уйтгартай санагддаг юм.

Cristopher Kane, намар-өвөл 2016

Орчин үед хүн бүр л нөхцөл байдлаас амархан уйдаж, амьдралын шинэ хэмнэлд хурдан зохицдог болсон харагдана...
Тийм шүү, гэхдээ би тэрхүү уйдах мэдрэмжийг бусдаас илүү хурц мэдэрдэг юм шиг ээ. Бусад дизайнерууд гарамгай хийдэг зүйлсээ дахин, дахин давтдаг. Тухайлбал Аззедин Алайя бол үнэхээр гайхамшигтай бүтээлч ба түүний загвар болгон сайхан болдог. Гэхдээ би түүн шиг ажиллаж чадахгүй. Магадгүй би нас нэмэх тусам хэмнэлээ удаашруулах байх. Харин тэр болтол хүмүүс миний загварын шоу дээр ирэх бүрдээ гэнэтийн зүйл харж, гайхшрах болно. Би ч өөрөө бусад дизайнеруудын шоу үзэхдээ байнга ямар нэгэн сюрприз хүлээж суудаг шүү.

Та загварын ертөнцийг нууцлаг чанараа алдаж байна гэж хэлж байсан. Цахим сүлжээний эрин үед хүн бүр л бүх зүйлийн талаар мэддэг болчихсон. Энэ нь дизайнерын уран бүтээлийг урьдчилан таамаглахад амархан болгож байгаа мэт санагдах юм.
Тийм болохоор л өмнө харуулж байсан зүйлээ дахин харуулах нь утгагүй юм. Загварын мөн чанар үргэлж урагш алхахад л оршиж байдаг юм шүү дээ. Би хувьдаа ийм зарчмын дагуу ажилладаг. Бусад хүмүүс чиний үзэл бодлыг ойлгох болов уу гэж санаа зовниж суухын оронд өөрийн уран бүтээлдээ амжилт олохыг эрмэлзэж ажиллах хэрэгтэй. Надад нэг хүн саяхан бүтээлч санаа хэзээ нэгэн цагт дуусдаг гэж хэлсэн юм. Би үүнийг сонсоод үнэхээр их гайхширсан шүү. Хүний бүтээлч санаа дуусна гэж юу байх вэ дээ. Хэрвээ ингэж бодогдож байвал ухаалаг утсаа түр хойш нь тавьж, өөрийн толгойгоо нэг ажиллуулаад үзэх хэрэгтэй.

"Надад нэг хүн саяхан бүтээлч санаа хэзээ нэгэн цагт дуусдаг гэж хэлсэн юм. Би үүнийг сонсоод үнэхээр их гайхширсан шүү. Хүний бүтээлч санаа дуусна гэж юу байх вэ дээ"


Таны брэнд үүсгэн байгуулагдаад арваад жил өнгөрч байна. Нэг ёсондоо та хүндэт үе шат руу орж байна шүү дээ. Ойрын ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
Баярлалаа, та их гоё үг хэллээ. Би брэндийнхээ насны талаар огтхон ч бодож байгаагүй юм байна. Ерөнхийдөө би ирээдүйн талаар аль болох бодохгүй байхыг хичээдэг. Өнөөдрөөрөө амьдарч, бүтээх нь надад илүү ойр байдаг. Гэхдээ мэдээж хэрэг миний брэндийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт би итгэдэг. Бид улам их дэлгүүртэй болж, өргөжнө. Харин яг одоо бид онлайн тавцан нээхэд бэлдэж байгаа. Бид бизнесээ урагшлуулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ. Түүнчлэн бид хувцасны шинэ шугамууд, гоо сайхан ба үнэртэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Үнэндээ би ямар ч зүйлд нээлттэй байдаг шүү.

Christopher Kane-д гутал ба цүнхний шугам байдаг. Эдгээр нь үндсэн цуглуулгынхаа сэдвийг дагадаг уу?

Тийм ээ, брэндийн аксесуаруудын дизайн ихэвчлэн үндсэн цуглуулгынхаа сэдэвтэй нийцдэг. Харин заримдаа тэс ондоо загвартай болдог. Хүмүүс хоорондоо хэтэрхий өөр загвартай хувцас ба аксесуар хослуулж өмсөхөөс эмээх тохиолдол байдаг. Гэхдээ бүх зүйл хэт төгс нийцэх нь уйтгартай биш гэж үү? Аливаа зүйлд ямар нэгэн содон чанар байх нь их чухал. "Сайн" гэсэн шүүмжийг сонсоход сайхан ч, "муу" гэх шүүмж заримдаа бүр ч илүү магтаал болон хувирдаг. Учир нь өөлөх юмгүй хувцасласан бүсгүйчүүд энэ дэлхий дээр хангалттай олон бий, харин "муу" үнэлгээнд нийцэх төрх ихэвчлэн бусдаас содон, хэний ч хэзээ ч хараагүй гэнэтийн зүйл өөртөө агуулж байдаг.

Та загварын ертөнцийг шинэлэг байлгахын тулд тогтмол өөрчлөлт хийж байх хэрэгтэй гэсэн санааг олон удаа дурдлаа. Нөгөөтэйгүүр загварын ертөнц сүүлийн үед хэтэрхий хурдан өөрчлөгдөж, ихэнх чадварлаг дизайнеруудад энэ хурдацтай хэмнэлд ажиллахад хэцүү болж байна. Тун удахгүй загварын салбарт томоохон хувьсал болно, эс тэгвээс биднийг томоохон сүйрэл хүлээж байгаа гэх яриа олны дунд тархах болсон. Та үүнд итгэж байна уу? Мөн энэхүү өөрчлөлтийн эрин үед хэрхэн амьдарч, хөгжих вэ?
Би Раф Симонсыг Dior-оос гарахад маш их сэтгэлээр унасан. Учир нь би түүний загварын шоуг үзэх үнэхээр их дуртай байсан. Би Рафыг бүх цаг үеийн хамгийн чадварлаг дизайнеруудын нэгд тооцдог. Түүнийг албан тушаалаа орхисноос хойш хүн бүр загварын салбарт томоохон өөрчлөлт орохыг зөгнөж эхэлсэн. Түүн шиг ийм хүчирхэг хүн хүртэл орчин үеийн загварын салбарын ачааллыг дийлэхээ байсан гээд бодоод үз л дээ. Харин бидний брэнд бол хамаагүй жижигхэн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь бидэнд таалагддаг юм. Kering групп бидний бусдаас содон, зоригтой бас бүтээлч байх хүслийг дэмждэгт би их баярладаг. Бид их азтай брэнд шүү.


Таны асуулт руу эргээд очиход загварын салбарт хувьсал болох гэж байна гэх яриа олно нийтийн дунд дөнгөж саяхнаас л яригдаж эхэлсэн. Харин дизайнеруудын дунд энэ сэдэв аль тав бил үү, зургаан жилийн өмнөөс гарч эхэлсэн. Том ба жижиг ялгаагүй бүх брэндүүдийн дизайнерууд энэ дарамтыг мэдэрч байгаа. Рафых шиг ийм том хэмжээний дуулиант хэргүүд хүмүүс нэгийг бодоход хүргэдэг ч энэ нь ердөө хэсэг хугацаанд л үргэлжилдэг үймээн юм. Эцэст нь загварын салбарт нэг ч дорвитой өөрчлөлт ордоггүй. Зарим хүмүүс одоогийн системийг тун удахгүй өөрчлөгдөнө гэдэгт итгэж байгаа ч би энэ талаар өөр бодолтой байна. Хамгийн гол нь хэрэглэгч та хайртай дизайнерууддаа үнэнч байх хэрэгтэй. Би хувьдаа Раф ба Миуччагийн бүтээлд үргэлж хайртай байх болно. Мөн бусад дизайнеруудын бүтээл надад тийм ч их таалагдахгүй байсан ч гэлээ би үргэлж тэднийг хүндлэх болно. Учир нь дизайнер гэдэг их хүнд хэцүү ажил юм.

 

 

Buro.Mongolia

2016-05-16, 18:00

  • Зураг: