Жанни Версачег эргэн дурсахуй

Д.Чанцалдулам

Берлин хотын төв өргөн чөлөө дагуу байрлах "Ханхүүгийн харш" нэрт саарал ордонд дэлгэгдэж буй үзэсгэлэнг зоригсодыг сонгодог хар цагаан солбисон, алхан хээ угалзарсан даруухан далбаа угтана. Харин дотогш орвол сая таван зуун квадрат метр талбайг эзэгнэх олон танхимд Версачегийн нүд эрээлжлэм алаг ертөнц бүчин авах вий.

Загварын түүхийн нэгэн үеийг бичилцэгч, тус салбарын нэр хүндтэй бүхий л шагналын эзэн болсон Жанни Версаче гэх энэ эрхэмд чухам юу нөлөөлснөөр ийм солонгорсон олон өнгө, хээ хуарыг зоримог холин, чамин содон эсвэл галзуу эрээн гэмээр бүтээлүүдийг урлах болсон юм бол доо гэх асуулт нэн тэргүүнд төрж байлаа.

Жанни 1946 онд Италийн өмнөд хэсэгт байрлах Режжио ди Калабриа хотод айлын хоёр дах хүү болон төржээ. Дэлхийн II Дайны үед холбоотнуудын бөмбөгдөлтөнд өртсөн, энэ саарал хотод өссөн түүний загварын мэдрэмж дайны дараах тэр үеэс зугтаах мэт, тансаг, алтлаг, баяр баясгаланг илэрхийлсэн өнгөлөг ертөнц рүү тэмүүлнэ. Энэ газрыг урьд нь Грекүүд эзэмшиж, Региум гэх нэрийг хайрлаж байсан бөгөөд тухайн үеийн "Их Грек"-ийн өлгий нутаг асан төрөлх хот нь Жанни Версачед баялаг түүх, соёл, домгоор амьсгалах үүтгэл болсон нь урласан загвар, бүтээсэн хээнээс нь ажиглагдана.

Ээж Франческа Версаче нь оёдолчин, урландаа үйлчлүүлэгчийн биед тааруулан даашинз эсгэж байхад бяцхан Жанни энд тэндгүй хөглөрөх даавууны өөдсөөр тоглон "чимээгүй байх" үүрэгтэй байж. Хожим өөдөс даавуунуудыг холбон хүүхэлдэйнд өмсүүлж, үйлчлүүлэгчдийг инээлгэх болсон тэрээр ээж нь хэрхэн даашинз урлаж, үйлчлүүлэгч бүсгүйчүүд хувцас, загварын тухай ярилцахыг сонсон өсч, улмаар ээжтэйгээ бөс бараа, чимэглэл сонгон авах ойрын аялалд гардаг болжээ.

"Ээж минь урландаа Ипполито хатагтайд хар хамбан даашинз тааруулан эсгэж байсан тэр үе миний загвартай холбоотой хамгийн анхны дурсамж, би есөн настай байсан болов уу" гэж Жанни нэгэн үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ дурдсан байдаг. Долоон настайдаа дэвтэр дүүрэн шалдан эмэгтэй зурж, "нүгэл үйлдсэн" хэргээр ээж нь сургууль дээр дуудагдсан гэдэг. Үнэн хэрэг дээрээ Жанни өөрийн бодож олсон загваруудаа "өмсүүлэх" гэж үйлчлүүлэгчдээ бэлдсэн нь тэр. Ээж нь ч ийн тайлбарлаж өгснөөр хэрэг хаагдав.

Versace загварын ордны бэлгэдэл Медуза. Эртний Грек домогт Медуза нь нүд булаам үзэсгэлэн төгөлдөр, хүн төдийгүй бурхад дурлан татагддаг, нэг харсан хүн алмайран зогтусдаг эмэгтэй. Хэдийгээр домогт, Афина бурхан түүнийг хардсандаа харааж, үсийг нь могой болгон, нүд рүү нь харсан хэн боловч чулуу болон хувирах хар дом хийсэн боловч Жанни түүний загварыг өмссөн эмэгтэй бүр бусдыг алмайруулам сайхан харагдахыг бэлгэдэн сонгосон байна. Түүний төрөлх хотын ойролцоох Сицилийн далбаа дээр мөн Медузын толгой байдаг нь санаа өгсөн байж болох талтай.

Жанни ээжийнхээ дэргэд загвар, оёдолд суралцахаас гадна даашинз худалдах, үйлчлүүлэгчтэй харьцах урлагт нэвтэрсэн байна. Дэлхийд зөвхөн Режжио ди Калабригийн хойд хэсэгт ургадаг, гараар шахаж бэлдсэн шүүсийг нэрж, гаргаж авсан охийг нь тансаг үнэртний найрлагад оруулдаг Бергамот нэртэй бэрсүүт жүржээс өөр загварын ертөнцтэй холбох ямар ч учиг үгүй төрөлх хотоо Жанни 26 насандаа орхиж, Миланыг зорьжээ. Миланд хэд хэдэн загвар зохион бүтээгчид туслах хийн, анхлан бүтээгчийн хувьд дажгүй цалин, хээнцэр машинтай болсон ч ханалгүй, цааш ахих хүсэлдээ хөтлөгдөн 1978 онд өөрийн цуглуулгаа танилцуулж, анхны нэрийн дэлгүүрээ нээсэн байна.

Жанни Версаче 1982 оноос бараг жил бүр Миланы алдарт дуурийн театрт балет, дуурь, жүжгийн костюм урлах болсон ба урлаг, хөгжим, театр түүний гурван жигүүр аж. Чухам энэ гурваар түүний онгод хөглөгдөж, зохиосон загвар бүрт нь тусгалаа олдог.

Versace стиль гэж энэ дээ хэмээн зааглан томьёолох боломж үгүй, түүний хэв маяг хэдийн хайрцгаас хальжээ. Иймд түүний загваруудаар нэгэн бүхэл эвлүүлэг хийсний эцэст сая нэг чиг гарч ирнэ. Грек-Ромын нөлөө бүхий элементүүд, эртний үлгэр домгийн баатрууд, европын барок, сэргэн мандалтын үеийн хэв маяг, тансаг алт, хээ хуар, торго, савхи, алаг эрээн өнгө. Нөгөө талаас орчин үеийн урлаг, техник, технологийг чөлөөтэй хэрэглэсэн дэвшилтэт чанар. "Би хэдийгээр эртний Европын ордон мэт тохижуулсан харшид амьдардаг ч хормын төдийд нисдэг тэргэнд суугаад Нью-Йорк нисэхдээ түвдэхгүй. Уламжлал бол үнэт зүйл мөн боловч түүнээс сурч, түүнийг эвдэж,өөрчилж, эдлэх нь бас нэгэн эрх чөлөө" гэж тэр хэлжээ. Түүх, соёлын замнал бүрээс эд эсийг авч, хүн төрөлхтөн, бүлэг иргэншлийн онцлогуудаас тэр байтугай амьтны аймгаас сорчлон өөрийн болгосон Жанни тод өнгөнөөс айдаггүй нь илт. "Өнгөнөөс айвал амьдралаас, түүний амтаас эмээсэнтэй ижил, цагаан зотон дээр юу дуртайгаа хязгааргүй эрх чөлөөтэйгөөр будаж, хэвлэж, шивэх нь баригдмал хэвшлийг, өдөр тутмын уйтгар, залхууг таягдаж өгнө" гэж хэлдэг тэрээр нийгэмд хэн юу гэхээс үл хамааран, өөрийн өнгөө тод томруун харуулж чадсан зоригтой, хамгийн гол нь эрх чөлөөт уран бүтээлч аж.

Хувцас бол хүний биеийг нөмрөн далдлах, халуун хүйтнээс хамгаалах төдийхөн үүрэгтэй зүйл бус тэр бие махбодыг, цаашлаад тухайн хүний бодигалыг тодотгож өгдөг илэрхийлэмж. Загвараас гадна тухайн хувцасны материал, гадаргуу нь тодорхой мэдээллийг өгүүлдэг, мэдрэмж төрүүлдэг чухал үүрэгтэй болохыг Жанни гаргууд анзаарчээ. Тэрээр савхи, торго, металл, хамба зэргийг ашиглаад зогсохгүй шинэ техник, технологи туршиж шинэлэг мяндас, материал бий болгосон ба тухайлбал 1982 онд бие дээр "шингэн алт урсах мэт" сууж өгдөг дуулга мэт материал нь түүнд том амжилт авчирсан. Энэ материалыг ашигласан эмэгтэй цуглуулгаа танилцуулсан нь түүнд Италийн загварын Оскарыг авчирсан байна. Тэрээр жийнсийг кутюр цуглуулгадаа оруулсан анхны дизайнер болсон бөгөөд 1990 онд жилийн өмнөхөн нээсэн кутюр ордондоо цуглуулгаа танилцуулахдаа жийнсэн загваруудаа танилцуулжээ.

Эрэгтэй загварт түүний оруулсан хувь нэмэр их. Уламжлалт ойлголтоор эмэгтэй загвар биеийн галбирыг тодотгоход чиглэдэг бол Жанни эрэгтэй загваруудаа түүний булчин, биеийг тодотгох зорилготойгоор хийсэн бөгөөд торгон цамц, алтлаг чимэглэлийг зоригтой нэвтрүүлжээ. Ижил хүйстэн хүнээр загвар бүтээлгэхээр ийм л юм гарч ирнэ гэж шүүмжлэх нэгэн байхад түүний загварууд амжилттай борлогдож, эрэгтэй загварын хамгийн хүсэмжит брэндийн нэг болжээ. Түүнчлэн эрэгтэй хувцасны материалд ач холбогдол өгч, уламжлалт бөс барааны нэхэгдэх техникийг өөрчлөн даавуу, ноосон материал дээр хивээс, судал гүйсэн шинэлэг гадаргуу гаргаж авч ашигласан байна.

Жаннигийн торгон цамцны арми

Өдгөө дэлхийн загварлаг хот бүрт нэрийн дэлгүүртэй Versace компанийг босгоход зөвхөн Жаннигийн авьяас хүчрэхгүй гэж олон хүн үзэж, хэвлэлийнхэн Италийн мафитай холбож нэр төрийг нь гутаах оролдлого хийж байсан нь цөөнгүй. "Италийн мафийн мөнгө угаадаг" хэмээн гүтгэсэн хэргээр Британийн нэгэн сонины газрыг шүүхдэж, нөхөн төлбөр авч, амжилттай заргалдаж байсан удаатай. Versace компанийн амжилтыг "гэр бүлийн" хүчтэй холбон тайлбарладаг.

Жаннигийн гурван насаар ах Санто нь бизнесийн удирдлагын мэргэжилтэй бөгөөд түүнийг Миланд өөрийн загварын ордноо нээхэд санхүүгийн бүх асуудлыг хариуцагчаар нэгдсэн бол охин дүү Донателла нь хожим чимэглэл, улмаар шинэлэг залуу үеийн загвар бүтээгч, хамтрагчаар нэгдсэн. Найман насны зөрүүтэй тэд санал үл нийлэн маргалдах удаа олон гардаг байсан ч ах дүү гурван Версаче гадны дайралтад "шадар гурван цэрэг" мэт хамтдаа зогсож чаддаг байсныг гэрчилсэн олон эх сурвалж таардаг. Тэдний санхүүгийн амжилтыг Италийн татварын тогтолцоо, авилгатай холбон тайлбарладаг хэсэг ч бий. Ямартаа ч Жанни орлого ихтэй ч үрэхдээ мөн гарамгай байжээ. 1991 онд Лондон хотноо хамгийн үнэтэй гудамд нээгдэх нэрийн дэлгүүрийнхээ тохижилтод хэдэн зуун квадрат метр гантиг, хүрэл багана, килограмм алтнаас бүрдсэн навч зэрэгт ойролцоогоор 11 сая фунт зарцуулсан баримт бий.

XX зууны загварын түүхэнд бичигдсэн "Өнөөх даашинз" буюу жүжигчин Лиз Харли өмссөн, эгнэсэн сүлбээр зүүгээр хатгаж тогтоосон даашинзын төрөл. Энэ цуглуулга маш их дуулиан тарьжээ.

Эх сурвалж: http://www.buro247.mn/fashion/expert/zhanni-versacheg-ergen-dursakhuy.html

Жанниг загварын ертөнцөд тамгалсан өөр нэг зүйл бол тэр 1991 онд "Супермодель" эринг эрчимжүүлсэн явдал юм. Тухайн үед загвар өмсөгчид нэг бол сэтгүүлийн зураг авалтад ордог үгүй бол загварын тайзнаа алхдаг заагтай, аль алийг нь гүйцэтгэдэг загвар өмсөгч ховор байж. Учир нь сэтгүүлийн зураг авалтад ордог загвар өмсөгчид тайзны модель болоход арай "мариалаг" байдаг, мөн алхахдаа тааруу гэгддэг байж. Жанни энэ хязгаарлалтыг халж, сэтгүүлийн нүүрнээ залраад байсан хамгийн нэр хүндтэй, хүсэмжит загвар өмсөгчдийг тайзан дээрээ алхуулжээ. Тайзны загвар өмсөгчид камертай харьцахдаа муу гэдэг бол энэ удаа зургандаа мэргэшсэн эдгээр моделиудын дуранд өртсөн зураг бүр сэтгүүлийн нүүр болохуйц, зурагчид, хэвлэлийнхний анхаарлыг татаж, тэр хэрээр Versace-гийн загварын шоу олны анхааралд өртөж, дуулиан тарьсан аж. "Супермоделиудыг алхуулснаар Жанни загварын ертөнцийг сонин хэвлэл, зурагтаар хүлээн зөвшөөрүүлж чадлаа" хэмээн тэр үед бичиж байв.

Олон нийтийн анхаарлыг татахдаа Жанни гаргууд байсан нь түүний алдартай найзуудтай мөн холбоотой. Элтон Жоны тойрон аялах тоглолтын хувцас загварыг зохионо, дуучин Стинг болон түүний гэргийн хуримын гоёлыг урлана, Мадоннаг Комо нуурын эрэг дээрх харшдаа байрлуулна, ханхүү Эдвард, Диана гүнж гээд алдар цуутай найз, нөхдийн нэрс үл дуусна.

Өнөө үед ижил хүйстнээ илчилбэл гойд зүйл бус, тодорхой хэмжээгээр ойлгож хүлээн авах нийгэм хэдийнэ бий болсон бол энэ нь тухайн үед амаргүй байсан нь ойлгомжтой. Өөрийгөө хэн болохыг олон нийтээр хүлээн зөвшөөрүүлж, найз залуу Антониотой хамт амьдрах нь бас л түүний эрх чөлөөний нэг хэлбэр байсан болов уу? Майами дахь ижил хүйстний алдартай клубүүдээр эрх дураар хэрэн, чөлөөтэй амьдардаг байсан болохоор энэ хотод дөрвөн харшийнхаа нэгийг авахаар шийдсэн байх. Харамсалтай нь чухам энд, тансаг харшийнхаа хаалгыг нээх гэж байхдаа араасаа буудуулан довжоон дээрээ амь алдахаа урьдчилан мэдэх биш дээ.

Майамид байх үедээ өглөө бүр хэдэн зам хөндлөөд хүрдэг News Café орж, загварын шинэ сэтгүүл гарчиглангаа аяга кофе уугаад буцдаг дадалтай байсан тэрээр долоодугаар сарын арван тавны тэр өглөө араас нь хүн дагаж буйг мэдсэн мэт кофег нэг өнгөрснөө буцан орсон тухай уг кафены менежер бүсгүй нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжилж байсан, өмнө нь олон аллага үйлдсэн, ижил хүйстэн залуу Эндрю Кунанан нь Жанниг урьд нь таньдаг, шүтэн биширдэг байсан, өөрийг нь тоогоогүйд, хэзээ ч түүн шиг амьдарч чадахгүйдээ бухимдан эсвэл нэртэй хүнийг хороож мөрөө үлдээх гэсэн дорд сэдлээр хороосон, аль нь болох тодорхойгүй, ямартаа ч 1997 онд тавин нэгэн насандаа Жанни бусдын гарт амь үрэгдсэн билээ.

Тэр амьд байх үедээ загварын аливаа дүрэмд баригдалгүй сэтгэмжээ урлаж, олон өнгөт, тод бүтээлүүдээрээ эрх чөлөөгөө илэрхийлсэн. Өдгөө өөрийг нь залгамжлан, бүтээлч удирдлагыг гартаа авсан охин дүүдээ төдийгүй бусад олон хүнд эрх чөлөөтэй сэтгэх, зоригтой байх, хэвшмэл зүйлийг эвдэх, өөртөө үнэнч байх үлгэр дуурайлал болсон нэгэн. Олон жүжигчдийг хувцасладаг байсан тэрээр 1997 оны намар зураг авалт нь эхлэхээр төлөвлөж асан, найруулагч Вүүди Аллены кинонд өөрөө тоглох байсан юм гэнэ лээ. Дэлгэцнээ үлдээгүй нь тун харамсалтай. Бие нь энд бус ч бүтээлүүдээрээ тэр бидний дунд гэвч оршсоор...

Берлин хот 2018 оны 4 сар


Д.Чанцалдулам

2018-04-26, 12:23