"Бага тусмаа сайн" дүрмийг хувцаслалтандаа баримталдаг
Англи эрчүүд өөгүй цэмцгэр, Итали залуус дэгжин хээнцэр хувцаслалтаараа биднийг гайхшруулдаг. Харин Франц эрчүүдийн даруу төлөв, сул чөлөөтэй хэв маяг нь тэднийг бусдаас онцгойруулдаг билээ. Хувцаслалтандаа нэг их анхаарал хандуулдаггүй ч загварын шүтээнээр өргөмжлөгдөж, бусдад нөлөөлж чаддаг Франц эрчүүдийн хувцаслалтын аргад суралцацгаая.
Үндсэн ойлголт
Франц эрчүүд бусдаас ялгарах зорилгоор чамин, үнэтэй бугуйн цагаар гангарч аль эсвэл тод зангиа зүүдэггүй. Харин цагаан цамцыг хар хөх өнгийн брюк өмдтэй хослуулж энгийн байдлыг үүсгэх нь тэдний онцлог. Нэг үгээр, "бага тусмаа сайн" дүрмийг хувцаслалтандаа баримталдаг гэж хэлж болно. Харин тэднээс хэрхэн энгийн хэрнээ дур булаам хувцасладаг талаар асуувал хэдэн жилийн өмнө худалдаж авсан цамцаа одоо хүртэл өмсөж байгаа эсвэл дэлгүүр хэсэх тийм ч дуртай биш тухайгаа хэлэхгүй л болов уу.
Тунг нь тааруул
Парис эрчүүд нэг брэндээр дагнасан total look гаргахаас аль болох зайлсхийдэг. Хослол биш л бол хувцас болон аксесуараа өөр, өөр газраас худалдаж авах нь олонтаа. Гэхдээ тэд тансаг болоод энгийн зүйлийн тунг нь тааруулж өмсөхдөө гаргууд. Ноолууран цамцыг жийнсэн өмдтэй харин үнэтэй хослолыг кетэн дээр өмссөн байх нь тэднийг дэгжин харагдуулдаг байна.
Хайхрамжгүй байдал
Парис эрчүүд догь, чинээлэг залуугийн дүрд хувираад байх нь тун ховор. Нэг ёсондоо хайхрамжгүй байдал нь тэдний хувцаслалтын алтан дүрэм ажээ. Гэсэн хэдий ч тэдний хувцаслалтаас илүү биеэ авч яваа байдал, соёл, хандлага зэрэг нь франц эрчүүдийг сэтгэл татам болгодгийг дурдах нь зүйтэй байх.
Франц залуусын шүүгээнд зайлшгүй байх 5 зүйл
Судалтай футболка
1850-аад онд усан цэргийн армийн залууст зориулан анхлан бүтээгдсэн судалтай футболка нь заавал шүүгээнд байх зүйлсийн нэг аж. Уран бүтээлч Пабло Пикассо, Энди Уорхол нар судалтай футболкаг өдөр тутамдаа сонгож өмссөнөөр илүү алдартай болжээ.
Захгүй сорочка
Битүү энгэртэй нэхмэл цамцнаас анх санаа авч захгүй сорочкаг бүтээсэн байдаг. Хөвөн даавуун захгүй сорочка нь ажил хэрэгч, чөлөөт хувцаслалтын аль алинд гайхалтай зохицно.
Цэргийн загвартай пальто
Европ цэргүүдийн өмсдөг байсан тус пальтог дизайнер Ив Сен Лоран өдөр тутамдаа өмсдөг байж. Үүнээс хойш энэ пальтоны загвар алдартай болж, өнөөг хүртэл сонгодог чанараа алдаагүй байна.
Хүзүүний алчуур
Бандана загварын торгон хүзүүний алчуур нь Франц эрчүүдийн байнгын гоёл билээ. Сорочка болон футболкан дээр зүүж мөн зарим үед бугуйн цагтайгаа хослуулан бугуйвч хэлбэрээр зүүдэг байна.
Сайн чанарын жийнсэн өмд
Сайн чанарын жийнсэн өмд хэн бүхний шүүгээнд зайлшгүй байх хувцасны нэг билээ. Гэхдээ франц эрчүүд шулуун эсгүүртэй, шагай хүртэлх урттай жийнсийг түлхүү сонгож өмсдөг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт