Эрэгтэй загварын долоо хоног: Dolce & Gabbana, хавар 2017

DG Musica

Dolce & Gabbana ирэх хаврын цуглуулгаа дуу хөгжимд зориулан бүтээжээ. Цуглуулгын загваруудыг танилцуулахаар тайзнаа моделиудаас гадна алдартай хүмүүсийн олон хүүхэд гарч ирлээ

Доменико Дольче ба Стефано Габбана нарын хоёр хоногийн өмнө танилцуулсан хавар 2017 улирлын эрэгтэй загварын шоу яг л өсвөр насныханд зориулагдсан сургуулийн үдэшлэг мэт болж өнгөрлөө. Учир нь шоу дээр хүрэлцэн ирсэн зочдын томоохон хэсгийг яг одоо алдрынхаа оргилд байгаа залуухан "одууд" эзэлсэн юм. Тодруулбал Instagram дээр нэг сая давсан дагагчтай залуу модель Нильс Виссер, Youtube-ын ачаар олонд танигдсан Камерон Даллас, Томми Ли ба Памела Андерсоны хүү Брендон Ли, Настасья Кински ба Куинс Жонсын охин Кения Кински-Жонс, Изабель Ажани ба Дэниэл Дэй-Льюисийн хүү Гэбриел-Кэйн Дэй-Льюис нар хамгийн урд талын эгнээг дүүргэсэн байлаа. Харин Синди Кроуфордын хүү Пресли ба Жуд Лоугийн хүү Рэфферти нар загварын тайз дээгүүр алхаж, шинэ цуглуулгын хувцаснуудыг танилцууллаа.

Харин цуглуулгын хувьд энэ удаад дизайнерууд хамгаас дуртай дуу хөгжмийн сэдвээ загварууддаа шингээсэн байлаа. Нийт 97 төрхөөс бүрдсэн энэхүү том цуглуулга Доменико Дольче ба Стефано Габбана нарын уран сэтгэмжийг бүрэн дүүрэн илэрхийлж чадсан харагдана. Дизайнерууд жазз, рок ба рэп хэв маягуудыг бүгдийг нь нэг дор цуглуулж, тайзнаа ирвэсний хээтэй торгомсог загварууд, "Frends" марктай хамтарсан том чихэвч болон бумбокс хэлбэрийн цүнх гаргалаа. Сануулж хэлэхэд бумбокс цүнхийг бид хамгийн анх Louis Vuitton-ы энэ оны аяллын цуглуулгад олж харсан бөгөөд энэ хэлбэрийн цүнх нь ирэх хаврын улиралд нэгэн жижиг тренд болж байгаа бололтой.

Buro.Mongolia

2016-06-20, 13:00

  • Зураг: