1990-ээд оны загварын ертөнцийг тухайн үеийн супер моделиудгүйгээр төсөөлшгүй. Өмссөн хувцсаа амилуулан алхах тэдгээр одод Холливүүдийн жүжигчидтэй дүйцэхүйц алдар нэртэй, өөрсдийн гэсэн шүтэн бишрэгчидтэй байлаа. Тэгвэл Apple TV+ платформ Наоми Кэмпбелл, Синди Кроуфорд, Линда Эванжелиста, Кристи Терлингтон гэх 90-ээд оны загварын тайзны домгуудын талаар “The Super Models” нэртэй баримтат цуврал хийхээр болсон ба тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Дээр дурдсанчлан тус цувралд Наоми Кэмпбелл, Синди Кроуфорд, Линда Эванжелиста, Кристи Терлингтоны тусгай ярилцлага гарах болно. Мөн Deadline-ы мэдээлснээр тэд цувралын продюсерын үүргийг давхар гүйцэтгэжээ.
“The Super Models”-ыг найруулж буй Оскарын шагналт Рожер Росс Уильямс болон Ларисса Биллс нар үзэгчдийг 1980-аад оны сүүлч үе рүү аялуулах болно. Дэлхийн өөр өөр өнцгөөс цугларан Нью-Йорк хотод огтлолцож буй эдгээр дөрвөн моделийн нэр алдарт хүрсэн түүх болон тэдний салбартаа үзүүлсэн нөлөөний талаар тус цувралд өгүүлэх ажээ. “Энэхүү бүтээлд нөхөрлөл, карьер, эмэгтэйчүүд хоорондын харилцаа, эхийн харилцаа зэрэг бидний амьдралд болон хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаанд тохиосон үйл явдлын талаар гарна” гэж Наоми Кэмпбелл хуваалцсан бөгөөд “Цувралд дүрслэгдэх бидний түүх дэлхийн өнцөг булан бүрд байгаа олон залуучуудыг зоригжуулж, урамшуулж, тус дэм болоосой гэж хүсэж байна” хэмээн онцолжээ.
Энэхүү цуврал нь Парисын хавар-зун 2023 загварын долоо хоног ид өрнөж байх үед буюу есдүгээр сарын 20-ны өдөр Apple TV+ платформ дээр гарахаар товлогджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт