Анжелина Жоли Лондонгийн Эдийн Засгийн их сургуулийн лектороор томилогдлоо

Хүчирхэг эмэгтэй

Анжелина Жолигийн хувьд хил хязгаар гэж үгүй бололтой. Тэр өөрийгөө улам их боловсруулж, дэлхий нийтийн сайн сайхны төлөө зүтгэсээр байна

Оскарын шагналт авьяаслаг жүжигчин, НҮБ-ын сайн үйлсийн элч, улс төрд хувь нэмрээ оруулахыг хүсдэг хүчирхэг эмэгтэй Анжелина Жоли одооноос эхэлж мөн эрдэм шинжилгээний ажилтан боллоо. Өчигдөр Жоли Лондонгийн Эдийн Засгийн их сургуульд шинээр нээгдэж буй, дэлхийн хамгийн анхны эмэгтэйчүүдэд зориулсан "Энх тайван ба аюулгүй байдлын танхим"-ын лектороор томилогдлоо. Тэрбээр одооноос эхлэн оюутнуудад хүйс ба хүний эрхийн хичээл заах болсон бөгөөд түүний хамтрагчаар Их Британи улсын Гадаад хэргийн яамны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Уильям Хэйг ажиллах гэнэ. 

"Энэхүү онцгой магистрын хөтөлбөр хэрэгжих болсонд би маш их урамшсан. Мөн бусад эрдэм шинжилгээний байгууллагууд энэ жишээг тун удалгүй дагах байх гэж би найдаж байна. Бид эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн хамгаалах, мөн эмэгтэйчүүдийг чиглэсэн ял шийтгэлгүй гэмт хэргийг хэрхэн зогсоох талаар дэлхий нийтээрээ ярилцах хэрэгтэй. Би оюутнуудад шинэ юм зааж мөн тэднээс суралцаж, өөрийн НҮБ болон олон улсын засгийн газруудтай хамтран ажилласан туршлагаасаа хуваалцах гэж буйдаа маш их баяртай байна" хэмээн Жоли ярьжээ.

Дашрамд дурдахад НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн сайн үйлсийн элчээр олон жилийн турш ажиллаж ирсэн Жоли Питт өнөөдрийн байдлаар уг байгууллагын онцгой төлөөлөгчдийн нэг болоод байгаа юм. Тэрбээр дүрвэгсдийн эрхийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлдэг, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зогсдог нэгэн билээ.

Ө.Тодгэрэл

2016-05-24, 16:00

  • Зураг: