Б.Ану-Үжин: Бүх охидод бусдаас өөр, ямар нэг давуу тал бий

Mongolia's Next Top Model шоунд оролцогчдын талаарх сэтгэгдлээ хуваалцаж байна

Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэгт оролцогчдоос олны хайрыг хамгийн их татсан Б.Ану-Үжин өөрийн гэр бүл, дуртай зүйлс болон тус тэмцээнд хамт оролцсон охидын талаарх сэтгэгдлээ хуваалцаж байна

Тэмцээндээ амжилттай оролцсонд нь баяр хүргэе. Чи анх шалгаруулалт дээр ирэхдээ аягүй сайн үзүүлбэр хийж байсан. Зураг зурж, бүжиг бүжиглэж, илтгэлээ сайн тавьж, тэр үед өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадсан. Одоо чиний хувьд тэмцээн дууслаа. Сэтгэгдэл ямар байна вэ?

Тэмцээндээ амжилттай оролцсондоо үнэхээр их баяртай байна. Миний хувьд тэмцээн дууссан ч гэсэн энэ тэмцээнийг зохион байгуулсан Боловсрол телевизийнхэнд үнэхээр их баярлалаа гэж хэлье. Тэмцээн дууслаа гээд надад зорилго байгаа учраас би гутраагүй, шантраагүй. Харин маргааш "дуусахгүй"-н төлөө үргэлж би хичээх болно гэдгийг сурч авсан. Тиймээс цаашид зорилгынхоо төлөө илүү их тэмүүлнэ.

Шилдэг 16-д багтчихлаа гэдэг хариуг сонсоход ямар байсан бэ?

Шангри-Ла Моллд болсон нээлтийн үеэр, тайзан дээр байхдаа сонссон. Дотроо нэр дуудаж байгаа хүмүүсийг 16 хүрэх нь үү гэж тоолоод л, "Яагаад намайг дуудахгүй байна аа" гээд нүдээ аниад зогсоод байсан. Тэгээд л Б.Ану-Үжин гээд дуудангуут би бүр маш их баярласан. Тэнд байсан хүмүүс намайг баярлаж байгааг илт харсан байх аа. Алга ташсанд нь болоод үнэхээр уйлчих гээд байсан. Өмнө нь бэлтгэл шатанд бүтэхгүй юм олон гарч ирж, улирлын дүн муу гарах гээд санаа зовох олон зүйл байсан ч тэнцсэний дараа юу ч биш юм шиг санагдаж, одоо улам их хичээе гэж бодогдсон. 

Б.Ану-Үжин нийт долоон зураг авалтанд орсон. Энэ зурган дотроос хамгийн их таалагдсан нь чамд аль нь байв?

Хамгийн гоё зураг бол "Дээл"-тэй зураг байсан. Маш их хичээсэн болохоор "Ус"-ны зураг таалагдсан. Хамгийн содон, гоё зураг бол миний "Матар"-ын орд болсон зураг. Маш сонирхолтой байсан. Хамгийн хэцүү нь гэвэл сүүлийн зураг айсандаа болоод "тийм" болчихсон. Угаасаа аалзнаас айдаг юм чинь яах вэ дээ.

Сорилууд ямар байсан бэ?

Маш сонирхолтой гоё байсан. Тав дах дугаарын сорил дээр би ялсан шүү дээ. Би өөрөө итгэл тавих болон мэтгэлцээнээр хичээллэдэг учраас давуу талаа маш сайн ашиглаж чадсан. Тайзан дээрээс олон сэтгүүлчийн асуултанд хариулахдаа би ерөөсөө сандраагүй. Индрийн өмнө гарсаар байгаад сандралаа арилгачихсан болохоор хэцүү байгаагүй. Тэгэхдээ л тэр сорилын оноог харахдаа эхлээд айж, өөрийнхөө нэрийг доороос нь хайсан чинь хамгийн эхэнд байсан.

Чиний хувьд шүүлт хэр шудрага болсон бэ? Шүүгчдийн хэлсэн үгсээс тод хоногшиж үлдсэн зүйлс бий юу?

Шүүлт ер нь бол гоё болсон. Хатуу үгийг сонссон л дээр. Ер нь үг сонслоо, хүнд гадуурхагдлаа, хэцүү зүйл үзлээ гээд хүн ерөөсөө алддаггүй. Харин ч олон зүйлийг сурч авдаг. Тийм учраас мэргэжлийн хүмүүсийн хэлсэн үг бол үнэний ортой байгаа. Миний зурган дээр алдаатай зүйл зөндөө байгаа. Т.Нансалмаа шүүгч үнэтэй зөвлөгөө хэлдэг, Нора шүүгч намайг аягүй дэмждэг. Миний хичээл, зүтгэлийг үнэхээр мэдэрдэг байсан гэж бодсон. Зочин шүүгч нараас Ука эгчийн хэлсэн "Япон охин шиг гарсан байна" гэж хэлсэн сэтгэгдэл надад их таалагдсан.

Хийморь хотхонд чи 29 хоног байсан. Тэнд амьдрал ямархуу байв даа?

Гоё ч үе байсан, уйлмаар ч үе байсан. Уйлмаар үедээ үнэхээр тэсэлгүй уйлсан. Дурсамжтай үе зөндөө. Их юм л сурч авсан. Хүн хийхгүй зүгээр байснаас хийгээд дурсах зүйлтэй байсан л дээр шүү дээ. Тийм учраас би өнөөдөр арванхоёрдугаар анги байсан ч "Зүгээр ээ, би чадна" гээд л орсон. Хичээл бол миний хувьд том золиос болсон. Хэдийгээр тэр үед хэцүү зүйл тохиолдоод нулимс унагасан ч гэсэн тэр нулимс өнөөдөр миний инээх шалтгаан болсон. Би хэзээ ч хамт амьдарч байсан охидод гомдлохгүй, тэднийг муу охид гэж хэлэхгүй. Бүгдээрээ л адилхан мөрөөдлийнхөө төлөө явж байгаа хүмүүс. Алддаггүй хүн гэж байдаггүй. Тухайн үеийн эмоциндоо хүн ямар ч ааштай болж болно. Харин ч би баярлаж байгаа. Тэнэг хүнд хэтэрхий их магтаал хор болдог шүү дээ. Тэр үед би эгч нартаа магтуулаад явсан бол зорилгоо мартаад "унтчихаж" болох байсан. Харин тэгэхгүйгээр намайг улам хурцалж, яагаад хичээх шалтгааныг орой болгон надад сануулж байсан. Дотор байгаа хүчээ гаргах илүү их шалтгаантай болсон.

Чамайг хасагдлаа гэж хэлэх мөчид зарим охид "Yes" гэж хэлж байгаа агшинг хүмүүс их шүүмжилж байна. Тэрийг чи тухайн мөчид анзаарсан уу? Мэдэрсэн үү?

Мэдэрсэн. Охидод бас "гомд-соон". Надад гомдсон хүмүүс байгаа байх л даа. Хасагдсанаа хараад уйлахын хажуугаар нь тэднийг хараад давхар уйлсан даа.

Чи тэгэхдээ хүн гомдоосон юм уу?

Надад гомдсон л байх. Би санаандгүй явж байгаад гомдоочихсон. Бас миний нэг буруу байсан нь өөрийгөө зөвөөр ойлгуулж чадаагүй. Яг дотроо өөр байгаад байдаг. Гэтэл зүгээр хийсэн үйлдэл маань гаднаа охидод өө болж харагдаад. Тийм байдалд байгаа юм чинь таалагдах гэж, өөрийгөө өмөөрөх гэж хичээгээгүй. Тэдний хэлж байсан үгсийг би намайг шаналгах гэж хэллээ гэж хүлээж аваагүй. Миний ухамсарт бол "Би энэ зүйлээс сурах ёстой" гэж бодсон. Бүх охидод бусдаасаа ямар нэг байдлаар давуу тал бий. Тэр болгоныг би анзаарч хараад, тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж үлдээсэн.

Тэмдэглэлийн дэвтэрт нь ямар, ямар үйл явдал бичигдэж үлдсэн бэ?

Эхний өдөрт Т.Нансалмаа шүүгч надад "Болжмор шиг байна" гэж хэлснийг бичиж аваад, дараа нь зурганд тэгж гарахгүй шүү гэж хичээсэн. Өдөр болгон би өөртөө 50 пооз бэлдэх, хоолоо ингэж зохицуулна, сэтгэл санаагаа ингэж засна, хэцүү үе гарвал ном уншина гээд олон зүйл төлөвлөдөг байсан. Миний өдөр болгон бичдэг байсан зүйл гэвэл тухайн өдрийн ахиц, ойлгосон зүйл, гаргасан алдаа гээд зөндөө. Өөрөөсөө өө хайгаад л, "Яагаад би ийм байдалд байна вэ" гэдгийг олох гэж хичээдэг. Зураг болгоныхоо шүүмжлэлийг мартахгүй бичнэ. Миний дэвтрийн хамгийн эхний хуудсанд бүх охидын давуу талыг өөрийн анзаарснаараа бичсэн зүйл байгаа. Тэр болгоныг би өөрөө сурна даа гэж бодсон хэрэг.

Охидоос анзаарч харсан давуу талуудыг нь нэрлэж болох уу?

Цэкү (Б.Цэрэндолгор) эгч бол зурган дээр аягүй хүчтэй гардаг, пооз нь дуусдаггүй. Ю.Балжидмаа эгч болохоор зан чанарын хувьд хошин шогийн мэдрэмжтэй, хүрээллээ бий болгож чаддаг санагдсан. Э.Оюунбилэг эгч болохоор аягүй гоё хоол хийдэг. Орой болгон гоё хоол хийдэгт нь би их баярладаг. Нэг өдөр би түүний хийдэг өндөгтэй хоолыг нь сураад өөрт нь хийж өгсөн. Хэрэв Э.Оюунбилэг эгч анзаарсан бол би өөрөөс нь аягүй их юм сурсан. Б.Бат-Оюун бол зүгээр л энгийн, байгаагаараа байдаг. Өөртөө маш сайн өөрчлөлт хийж чадаж байгаа охин. Ш.Мандхай эгч бол аягүй цайлган. Хэчнээн намайг загнаж байсан ч "Угаасаа цайлган хүн шүү дээ. Муухай ааш гаргах хүн биш" гэж бодоод л өнгөрдөг. М.Анхбаяр 20 настай мөртлөө маш хүүхдээрээ. Сараа эгч (Т.Сарангэрэл) бол маш өвөрмөц төрхтэй. Ярьж байгаа зүйл нь аягүй "Серьёзный", гоё байдаг. Энэ үг нь их моод болсон. Надад Сараа эгч их тусалж байсан. Б.Жагзмаа бол өөрийн гэсэн ертөнцтэй охин. Дотогшоогоо байдаг, дотроо маш их зүйлийг боддог охин шиг санагдсан. Г.Ижилцэцэг бол аягүй даруухан. Г.Ихэрцэцэгийг харин ялгадаггүй, нэрийг нь андуураад хэлчих вий гэж их санаа зовдог байсан. Б.Биндэрьяа бид хоёр аягүй найзууд байсан. Үзэл бодол их таардаг. Бас их урлагийн мэдрэмжтэй, гоё дуулдаг. М.Дашбалжид бид хоёр нэг агентлагт явдаг байсан болохоор угаасаа сайн найзууд. Надад хэрэгтэй олон зөвлөгөө өгсөн. Аягүй ухаантай, ямар үед биеэ яаж авч явахаа сайн мэддэг. Д.Бүжинлхам нэг их удаагүй ч гэсэн хандлага нь аягүй эерэг. Т.Номин-Эрдэнийн нүд нь надад аягүй таалагддаг. Т.Номин-Эрдэнэ шиг яаж нүдээ зурган дээр гоё гаргах вэ гээд толины өмнө боддог байлаа. Б.Түмэнжаргал бид хоёр сайн найзууд, ойлголцдог байсан. Тэгэхдээ нэг зүйл дээр намайг буруу ойлгоод гомдсон байх аа.

Ер нь бол тэнд өнгөрөөсөн нэг сарын хугацаанд гоё мөчүүд зөндөө байсан. Намайг хасагдахын өмнөх шөнө бүгдээрээ хамт унтаад, шөнөжин ярилцсан. Жаахан л үл ойлголцол гарснаас биш бид бүгдээрээ л их дотно байсан.

Жаахан үл ойлголцол гэдэг нь юу юм бэ?

Намайг жүжиглээд байна гээд буруугаар ойлгож байсан. Би сэтгэлээр унадаг, нулимсаа барьж чаддаггүй уйлчихдаг юм аа. Ээжтэй ярихаар санаад л, уйлаад л. Тэгэнгүүт "Чи дандаа уйлж байдаг. Хэтэрхий их жүжиглээд байдаг" гэж хэлж байсан л даа. Би жүжиглээгүй, байгаа нь л тэр. Уйлмаар байгаа бол уйлахгүй яах вэ дээ. Бидэнтэй дотно байхгүй байна гэдэг ч юм уу. Тэр үед нь би төлөвлөгөөндөө анхаараад байсан. Угаасаа миний зорилго ялагч байх гэж ирсэн, хүмүүсийн дуртай хүн байх гээгүй гэдгээ өмнөө тавьсан. Буруу ойлголцсон болохоор хэн, хэнийгээ муугаар ойлгох хэрэггүй.

Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу. Чи нэвтрүүлэгт оролцож байхдаа ээжийнхээ тухай бас дурдаж байсан.

Ээж, дүү бид гурав хамт амьдардаг. Аавыг байхгүй хугацаанд ээж маань бид хоёрын төлөө хуруу хумсаа хугалах шахан байж үнэхээр хичээсэн. Солонгост ажиллаж байсан. Цайны газар, ресторанд тогооч ч хийж, угаагч ч байсан. Хаана ямар ажил байна гэдгийг харж, яаж хоёр охиноо хүнээс дутахгүй хүмүүжүүлэх вэ гэж хичээсэн хүн. Хоёр охин гэдэг хэцүү. Хичээл дээр өмсөж, зүүхээс эхлээд зөндөө зарлага гардаг. Хүүхэд угаас элбэг хангалуун байлаа гээд ухаарах зүйл нь бага юм шиг надад санагддаг л даа. Би хангалуун ч өсөөгүй, дутуу ч өсөөгүй. Би ээжийгээ зовж байхад үнэхээр дургүй.

Миний тав дах дугаарт ярьсан зүйлс уг нь ямар ч өрөвдүүлэх гэсэн зүйл байгаагүй. Яагаад би энэ тэмцээнд байгаа шалтгаанаа хэлсэн юм. Миний ээж, эгч, дүү, анги хамт олон бүх сэтгэлээрээ "Чи түрүүлнэ" шүү гээд итгэж байхад би яагаад тэдний итгэлийг алдах ёстой гэж. Тийм учраас би хайртай хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй гэж их хичээсэн, ялагч байх ёстой гэж бодож байгаагаа л илэрхийлсэн.

Чамайг хамгийн их дэмжиж байсан хүмүүс хэн бэ?

Нэгдүгээрт ээжийгээ хэлнэ. Хоёрт Хулан, Цолмон гээд хоёр найз маань. Мөн мэтгэлцээний "+300" клубын хамт олон маань. Тэд маань намайг тэвчээртэй, ярианы чадвартай болгосон. Мөн Глориа агентлагийн Уянга, Наранмандах гээд хоёр багшдаа их баярладаг.

Чи ялагч болж байна гэж төсөөлдөг байв уу?

Стив Жобсын нэг номыг би уншиж байхад "Бодол биеллээ олдог. Тийм болохоор зүгээр л чи мөрөөд, зүрхэндээ төсөөл" гэдэг үг тархинд гүн үлдчихсэн. Өглөө болгон сэрэхдээ ээж, дүү хоёрынхоо зургийг хараад л итгэлийг нь алдаж болохгүй шүү гээд зорилгоо санадаг, орой болгон унтахдаа би заавал ялах ёстой гэж боддог байлаа.

Чамайг тэмцээнээ орхисны дараах хүмүүсийн сэтгэгдлийг хараад ямар санагдаж байна?

Хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг хараад би өнөөдөр уйлах эрхгүй, харин ч улам тэмүүлэх ёстой юм байна гэж бодлоо. Энэ олон хүн, монголын ах, эгч нар намайг дэмжиж байна. Тиймээс яагаад би шантрах ёстой гэж?

Чамайг яагаад дэмжсэн гэж бодож байна вэ?

Миний үнэн байдлыг үйлдлээр маань хараад, хичээл зүтгэлийг маань анзаарч ойлгосон байх.

Чиний мөрөөдөл юу вэ?

Хэдийгээр би загварт хайртай, дуртай ч гэсэн миний бас нэг мөрөөдөл бол сэтгэл зүйч болох. Маш том "Үндэсний сэтгэл зүйн төв"-тэй болно гэж хүсдэг учраас шинжлэх ухааны, сэтгэл зүйн номууд уншдаг. Эсвэл хувь хүний менежмент, цагийн зохицуулалт гэсэн сэдэвтэй ном уншдаг. Уран зохиолын ном уншдаггүй.

Тэгэхдээ уран зохиол уншихгүй бол сэтгэлээ нэг талаас нь хөгжүүлж чадахгүй байж магадгүй л юм. Хүмүүс зүүн гарын булчингаа хөгжүүлээд барууныг нь орхидоггүйтэй адил хамт харж байхыг хүсье. Өөр тэмцээний үеэр сурч авсан зүйлс юу байна вэ? Арьс арчилгаа, үс засалт ч гэдэг юм уу?

Арьс арчилгааг би маш буруу хийж байсан гэдгээ ойлгож авсан. Би нүүрээ угаагаад л, тос түрхээд унтах, долоо хоногт хоёроос гурван удаа маск тавихад л хангалттай гэж боддог байсан. Гэвч тоник, сүүн шингэнээр маш сайн цэвэрлэх ёстой юм билээ. Гүн цэвэршүүлэгчээр хоёроос гурван удаа угаах ёстой. Маш сайн цэвэрлэхгүй бол үрчлээ болно. Үсэн дээр гэхэд өдөр болгон угааж болохгүй, амархан тослогтож, хугардаг гэдгийг мэдэж авсан. Ер нь хүн сайн амарч, нойр хоолтой байх чухал гэдгийг сайн ойлгосон.

Одоо цаашдаа юу хийе гэж бодож байна вэ?

Сургуулиа амжилттай төгсөнө. Мэдээж би урлаг, загварыг орхихгүй учраас надад ирсэн янз бүрийн саналд оролцох байх. Монголд сэтгэл зүйчээр суралцаад, цаашдаа сайн бэлдэж байгаад анагаахын сэтгэл судлалаар сурна. 

Чамайг цаашдаа зөндөө олон амжилт гаргаж, өөрийг чинь дэмжиж байгаа хүмүүсийг баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

Баярлалаа.

 

Ж.Чинбат

2017-02-06, 19:00