Байгальд ээлтэй хувцас загвар руу шилжицгээе: Италийн Kontessa брэнд

Эко цувралын хүрээнд Улаанбаатар Их Дэлгүүрт байрших KONTESSA брэндийг онцолж байна

Хэрвээ та анзаарсан бол Buro сэтгүүлийн зүгээс энэ арваннэгдүгээр сард тогтвортой хөгжлийг дэмжин олонд шаардлагатай мэдээллийг түгээх үүднээс бүхэл сарын турш байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой нийтлэлүүд бэлтгэн гаргаж байгаа билээ. Бид хэрхэн өдөр тутмын хог хаягдлыг багасгахаас эхлүүлээд хэрэглээндээ эко бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх талаар уншигчиддаа хүргэхээс гадна загварын салбар дэлхийн бохирдолд хэрхэн нөлөөлж буйг мэдээллэж байгаа. Харин энэ удаад бид уг сэдвийн хүрээнд Монголд үйл ажиллагаагаа явуулж буй цөөн эко брэндүүдийн нэгийг онцлохыг хүслээ.

"Хэрэглэгчид бид дор бүрнээ шаардлагагүй олон хувцас авахаас татгалзаж, нэг эд зүйлээ олон дахин хэрэглэж, аливаа худалдан авалт хийхдээ байгальд ээлтэй сонголт хийх хариуцлагыг үүрч байгаа"

Хүмүүс агаар мандал болон далайн усны бохирдол, хог хаягдлын тухай бодохдоо юуны түрүүнд газрын тосны томоохон компаниуд, нүүрсний уурхайнуудыг буруутгадаг ч үнэндээ загварын салбар, тэр дундаа өдөр тутмын хувцасны үйлдвэрлэл нь байгаль орчны хамгийн гол бохирдуулагчдын нэг юм. Тоо баримтаас дурдахад дэлхийд ашиглагдаж буй нийт пестицидийн (шавж устгах зорилготой химийн найрлагатай хорт бодис) 25% нь хувцасны үйлдвэрлэлтэд ашиглагддаг төдийгүй жилд үйлдвэрлэгдсэн нийт материалын 85% нь хог хаягдал болж хувирдаг харамсалтай үзүүлэлт байдаг. Хямд хувцасны эрэлт өсөхийн хэрээр нийлүүлэлт нь дагаж ихэссээр биологийн задралд ордоггүй, чанаргүй материалтай хувцасны тоо хэмжээ, цаашлаад хог хаягдал ч асар их болж байгаа нь энэ юм. Ийм ч учраас хэрэглэгчид бид дор бүрнээ энэ сэдвээр эргэцүүлж, шаардлагагүй олон хувцас авахаас татгалзаж, нэг эд зүйлээ олон дахин хэрэглэж, хувцас сонгосон ч байгальд ээлтэй материалаар хийгддэг, ухаалаг сонголт хийх хариуцлага үүрч байгаа билээ.

Анх 2000 онд үүсгэн байгуулагдсан Италийн Kontessa брэндийн хувьд яг одоо зах зээлийг эзлээд буй контемпорари, гудамжны эсвэл глэм хэв маягтай брэндүүдээс тэс ондоо стиль санал болгодгоороо онцлог бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс өөр хоорондоо адилгүй, өөрийнхөөрөө байх хүсэлтэй болсоор брэндийн тэрхүү өвөрмөц чанар улам бүр үнэлэгдэж байна. Цацаг, цэцгэн хэлбэрийн угалз, төрөл бүрийн гар урлалын чимэглэл, тод өнгөнүүд, өвөрмөц эсгүүр зэргээс харахад Kontessa-г богемын хэв маягтай гэж тодорхойлж болох ч брэндийн зүрхэнд хадгалагдаж буй хамгийн гол зорилго нь байгаль дэлхийгээ хайрлах явдал юм. Хүйтнээс хамгаалах гоёмсог үслэг эдлэлүүд, олны дундаас ялгаруулж харагдуулах тод өнгийн савхин хувцаснууд, үдшийн гоёлд өмсөж болох нарийн гар урлалын хийцтэй торгон даашинзууд, хөлд эвтэйхэн сайн чанарын гуталнууд гээд хэрэгцээтэй бүхэн энэ брэндэд бий. Гэхдээ үүнээс илүү чухал нь тэрхүү үслэг эдлэл нь амьтдад аюул учруулаагүй, өнгө өнгийн савхи нь эко будгаар будагдсан, торго нь боловсруулаагүй цэвэр найрлагатай, мөн ихэнх хувцаснуудын материал нь биологийн задралд ордог, хог хаягдал гаргахгүй зорилгоор цөөн тоогоор үйлдвэрлэгддэг гэдгийг мэдсэнээр брэндийн үнэ цэнэ улам бүр нэмэгдэх болно.

Энэ намар-өвөл 2019 улиралд Kontessa цацган чимэглэлтэй савхин эдлэлүүд, хиймэл үстэй урт ба богино хүрэмнүүд, Итали улсад гар аргаар хийгдсэн сайн чанарын арьсан гутал, цүнхнүүд санал болгосон байгаа. Загварууд дээрх хээ угалз, цоолбор зэргийг гар аргаар лазер ашиглан зүсдэгээс гадна өнгө оруулах шаардлагатай үед зөвхөн эко будаг ашигладаг юм. Италийн уугуул гар урлаачдын гурван үеийг дамжсан Kontessa брэнд нь Монголд 2019 онд албан ёсоор нэвтэрсэн бөгөөд одоогоор Улаанбаатар Их Дэлгүүрт байршин хамгийн сүүлийн үеийн загваруудаа хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэж байна.

 

Kontessa Mongolia

Хаяг: Улаанбаатар Их Дэлгүүр, 1-р давхар

Утас: 99117195

Facebook хаягаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Instagram хаягаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Buro.Mongolia

2019-11-21, 10:00