Э.Оюунбилэг: Mongolia's Next Top Model тэмцээн надад маш их урам зориг өгсөн

Өөрийгөө сорьж, өөрчлөгдөж чадсан түүх

Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн шилдэг дөрөвт үлдсэн Э.Оюунбилэг тэмцээнд оролцсон сэтгэгдэл, өөрт нь гарсан өөрчлөлт болон ирээдүйн зорилгоо ярьж байна

Монголд анх удаа зохион байгуулагдаж буй Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэг загварын ертөнцөд цоо шинэ уур амьсгал оруулж ирээд байна. Хүн зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн тэмцэж, өөрчлөгдөж, өөрийгөө ялж чаддагийг үзэгчид энэхүү тэмцээнд оролцогч охидоор дамжуулан харж байгаа билээ. Тэдгээр охидын дотроос Э.Оюунбилэг үзэгчдэд хамгийн зөрчилтэй дүр болж хүрсэн. Тэрээр өмнө нь Нью-Йоркийн Мерседес Бенз загварын долоо хоногт оролцож, Сингапур улсад гурван сар загвар өмссөн, Монгол Модель агентлагт харьяалагддаг харьцангүй туршлагатай загвар өмсөгч.

Э.Оюунбилэгийг нэвтрүүлгийн эхний дугаарт шилдэг 14-т орж чадаагүйгээс болж олон нийт "их зантай" охин мэтээр ойлгосон. Гэтэл үнэндээ тэр хөөрхөн ааштай, ажилсаг, өөрийнхөө гоёлын даашинзыг ээжтэйгээ хамт оёод өмсчихдөг, сэтгэл хөдөлсөн үедээ Селана Гомез, уйтгарласан үедээ Лана Дел Рей сонсох дуртай, Ошо болоод Б.Сарантуяагийн номыг уншдаг, аливааг хурдан хийж сурахыг хүсдэг охин юм. Тэр Хөвсгөлийн жаварт чихээ хайруулж, хүзүүн дээрээ хүйтэн цуст могойг тавьж зургаа авахуулах зэргээр ялагч байхын төлөө маш сайн хичээсэн. Харин энэ бүх хугацаанд түүний сэтгэл зүй ямар байсан болоод одоо цаашдаа юу хийхээр төлөвлөж байгааг асууж ярилцсанаа та бүхэнд хүргэе. 

Э.Оюунбилэг Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн шилдэг дөрөвт багтаж чадсанд нь баяр хүргэе. Тэмцээнээ дуусгаад гэртээ харихад ямар байв даа? 

Эхэндээ хэцүү байсан шүү. Гэрийнхнээсээ бага зэрэг бишүүрхээд л. Mongolia's Next Top Model болон Хийморь хотхонд өнгөрөөсөн өдрүүд тэр чигээрээ амьдралын хэв маяг болчихсон. Намайг тэмцээнээс хасагдаад харьсан өдөр бараг л үүр цайтал аав, ээж хоёр маань тэнд болсон үйл явдлуудыг яриулсан. "Шүүгч нар миний охинд яагаад тийм дургүй байсан юм бэ" гээд л. Мэдээж аав, ээж хоёрт маань миний бүх зураг гоё харагддаг байлгүй. Тэд маань интернэтэд намайг муулсан хүмүүсийн сэтгэгдлийн эсрэг янз бүрийн зүйл бичсэнээ ярьж байсан. "Ээж, аав хоёр нь тэгж бичсэн" гэж ирээд л ярьж байгаа нь их хөөрхөн санагдсан. Би гадаад төрхөө өөрчилчихсөн болохоор "Үсээ нээрээ ингээд будчихаж байгаа юм уу, одоо арилгаж болох уу" гээд л, найз залуу маань "Хайраа чи хөмсөгөө будчих аа, эвгүй юм аа" гээд л. Тэгэхдээ миний өөрчлөлт надад их таалагдаж байгаа. 

Гар утсаа асаахад олон мянган найзын хүсэлт ирсэн байв уу?

Харьцангуй гайгүй шүү. Магадгүй хүмүүс миний фэйсбүүк хаягийг олоогүй байх. Харин миний нэрээр хуурамч дөрвөн хуудас, хоёр бүртгэл үүсгэж, олон мянган дагагчтай болсон байсан. Тэр хүмүүс миний нэрийг бариад юу хийж байгааг нь мэдэхгүй болохоор жаахан айсан. Тэгэхдээ бас миний өмнөөс сэтгэлээсээ өмөөрч сэтгэгдэл бичдэг хүмүүсийг хараад бас баярласан.

Хийморь хотхонд олон охидтой нэг дор удаан амьдрах ямар байсан бэ?

Тэнд бүх зүйл сайхан өнгөрсөн. Бүгдээрээ нэг зорилготой, хоорондоо өрсөлдөж байгаа ч их дотно байсан. Орой болохоор нэг гэр бүл шиг тойрч суугаад бид хоолоо иддэг, би ихэвчлэн гал тогоонд цаг өнгөрөөдөг байлаа. Охиддоо янз бүрийн гоё хоол хийж өгөхийг бодоод л. Тэд маань өдөр бүр зураг авалт, сорил гэж яваад орой маш их ядарчихсан байдаг учраас стресстэх, уурлаж бухимдах зүйлс гарна. Үүнийг нь би аль болох амттай хоолоор гаргахыг хичээдэг байсан. 

Ингэхэд яагаад чи голчлон хоолоо хийдэг байсан юм бэ? Та хэдийн цэсэнд ямар хоол байдаг байв?

Ерөнхийдөө манайхан бүгдээрээ хоол хийж чаддаг. Тэгэхдээ орж ирээд бүгд өрөө, өрөөндөө орчихдог. Би өөрөө жаахан яаруу, юмыг хурдан хийгээд дуусгахыг боддог болохоор хэн нэгнийг бууж ирэхийг хүлээхгүй байхыг хичээдэг байсан юм. Бид эхлээд төрөл бүрийн амттай хоол иддэг байсан ч сүүлдээ бүгд бага зэрэг жин нэмж эхэлсэн болохоор дэглэм барьж, тунгалаг шөл, сэндвич, тахианы чээж мах гээд "модель" хоолондоо орсон. 

Чамайг хамгийн сүүлд шүүлтэнд ороход Монгол Модель агентлагийн захирал Д.Болормаа багш нь ирсэн шүү дээ. Тэр шүүлтийн үеэр чиний сэтгэл зүй ямархуу байв?

Аягүй хэцүү байсан. Захирал маань ерөнхийдөө бидний хоёрдугаар ээж шиг байдаг.

Та хэдийн хувийн амьдралыг их сайн мэддэг юм билээ.

Тийм шүү. Бүх хүүхдийнхээ нүдийг хараад л амьдралд нь юу тохиолдсоныг бүгдийг нь уншчихдаг, охидоо яг л өөрийн хүүхэд шиг хайрладаг. Тийм дотно болохоор шүүлтэнд ирэхэд нь яг л гэр бүлийнхээ хүнтэй уулзаж байгаа юм шиг болж, бүр нялхраад, эрхэлмээр санагдаж байлаа. Яагаад ч юм бэ тэр дугаарт "Би л хасагдах байх" гэсэн бодол надад төрчихсөн байсан болохоор уйлахгүй гэж дотроо төлөвлөсөн байсан. Тэгтэл миний зураг алга болоход багшийн нүдэнд нулимс цийлэгнэж байгааг хараад л би ч өөрөө зогсож чадахгүй уйлсан. Хайртай хүмүүсийнхээ итгэлийг алдсан, бүх юм дуусч байгаа юм шиг их хэцүү санагдсан. Шүүгч нартаа гоё үг хэлнэ гэж бодож байсан ч мартчихсан, ихэр татаж уйлсаар байгаад гарсан даа.

Шүүгчиддээ хандаж юу хэлмээр байсан юм бэ?

"Энэ хүртэл хугацаанд миний алдаа дутагдлыг хэлж, намайг засахын төлөө хурцалж байсанд баярлалаа" гэж хэлэхийг хүссэн. Ер нь эхний хэдэн дугаарт би дандаа л "Муу байна" гэсэн үг сонссон шүү дээ. Хэрвээ надад тэгж үнэнийг минь хэлээгүй байсан бол би алтан дундажаараа яваад л байх байсан. Сүүлдээ "Би урсгалаараа яваад байж болохгүй, тэмцэх ёстой юм байна" гэдэг урам зоригийг шүүгчид надад өгсөн. Хичнээн би  хор шар багатай, зөөлөн төрлийн хүн боловч цагаа тулахаар хүнд "шар" байдаг юм билээ. Тийм болохоор "Энэ л миний хамгийн сүүлчийн боломж" гэж бодоод хичээгээд байхаар сүүлдээ би амжилт гаргаж эхэлсэн.

Чиний зурган дээр шүүгчдийн санал их хуваагдсан нэг зураг бол сүрчигний зураг авалт байсан. Тэр зураг авалтын үед чамд ямархуу байв?

Тэр ёстой эвгүй байсан. Би бараг л хувцасгүй шахуу, эрэгтэй хүний өвөр дээр нүцгэн сууснаас ялгаагүй зургаа авахуулсан. Нэг сар гаруй хугацаанд эрэгтэй хүн биедээ ойртуулаагүй байтал нөгөө модель маань дүрдээ маш сайн орж, над руу наалдаад л, энгэр чээж рүү амьсгалаад байхаар хамаг бие ирвэгнээд л. Зураг авалтын хувьд надад өгөгдсөн хувцас угаасаа тийм задгай байсан болохоор би нууцлаг төрх гаргахад их хэцүү байсан. 

Гэртээ харьсныхаа дараа нэвтрүүлгийн бүх дугаараа нөхөж үзсэн үү?

Яг ч бүгдийг нь үзээгүй ээ. Сүүлийн хэдэн дугаарт над руу хандсан хүмүүсийн хандлага илүү эерэг болсон байсан. Эхний дугааруудын "live" бичлэгний доор хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншаад "Бурхан минь, ямар аймар юм бэ" гэж бодогдсон.

Ер нь сэтгэгдлээ бичиж байгаа хүмүүсээс өсвөр насныхан их эрээ цээргүй үг хэлсэн байгаа харагддаг л даа. Тийм болохоор хүндээр тусгаж авах хэрэггүй гэж хэлэх байна.

Ер нь сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүс нэг бол арван жилийнхэн, эсвэл нэр, зураггүй хүмүүс байсан. Мэдээж ямар сайн хүн компьютерын ард хүн муулаад суух вэ дээ? Их гомдсон зүйл гэвэл бид ч гэсэн ардаа гэр бүл, найз нөхөдтэй. Тэгтэл хамгийн аймар нь намайг "Энэ бол эрэгтэй, трансжендер хүн. Хүйсээ солиулж, хөх хийлгэсэн" гээд их л баталгаатай, бараг л аль эмнэлэгт хийлгэснийг нь мэддэг юм шиг зүйл бичсэн байсан.

Нэвтрүүлгийн эхний дугаар чиний хувьд их "шок"-той эхэлсэн. Шилдэг 14 охинд анх багтаагүйгээс болж чиний царай их дүнсгэр байдлаар хүмүүст хүрсэн байх. Тэр үед чамд ямар байв?

Тэр үе бол энэ тэмцээний хамгийн хэцүү үе байсан шүү. Манай агентлагийнхан, гэр бүл, найзууд маань цөм нээлтэн дээр ирсэн л дээ. Дотроо би өөрийгөө ямар ч байсан 14 охинд сонгогдоно гэдэгт итгэлтэй байсан. Гэтэл хамгийн сүүлд миний урд зогсож байсан Ж.Түмэнжаргалыг 14 дэх охиноор дуудахад би балмагдаад юу хийхээ мэдэхгүй болсон. "Хэтэрхий өндрөөс унахаар их өвддөг" гэдэг үг байдаг шүү дээ. Өмнө нь тийм олон камерны өмнө байж үзээгүй болохоор хүмүүст уйлах гэж байгаагаа, эвгүй байдлаа харуулахгүй гээд бүр дүнсгэр царайтай болчихсон. Харамсалтай нь тэр үед надаас сэтгэгдэл авахдаа миний хамгийн сүүлд хэлсэн, "Надад харамсах юм алга, цаашдаа карьераа үргэлжлүүлнэ, хэн нь ямар модель гэдгийг хүмүүс мэдэж байгаа байх" гэсэн үгийг л гаргасан байсан. Нулимсаа барьж байгаад хэлсэн үг маань нэг тийм шазруун сонсогдож, хүмүүст миний тухай анхны сэтгэгдэл онцгүй хүрсэн байх. Харин сүүлийн дугаарууд дээр хүмүүсийн хандлага харьцангуй эерэг, өмөөрөх хүн олон болсон байна лээ. 

Тэгвэл хамгийн гоё дугаар аль байсан бэ?

Хөвсгөлийн дугаар байсан. Сэтгэл хөдөлгөм үе олон тохиолдсон. Өглөө эрт намайг зургаа авахуулж байхад миний хажууд хүн усанд цөмөрч унаад л. Ер нь их экстрим байсан шүү.

Чих нээрээ хэр удаан эдгэсэн бэ?

Хөлдсөн чих маань аягүй удаж эдгэсэн. Өглөө босоод ирэхэд яг л Дамбо шиг харагддаг байлаа. Хүмүүст ч их инээдтэй харагдаж байсан. Сүүлдээ бүх арьс нь хууларч унаад цоо шинэ чихтэй болсон доо. (инээв)

Чамд нэвтрүүлэгт орсноор гарсан том өөрчлөлт юу вэ?

Анх нэвтрүүлэгт орохдоо хоёр сар гар утасгүй байна гэдгийг сонсоод их л амархан хүлээж авсан. Ер нь бол өдөр бүр зураг авалт, сорилын даалгавар гүйцэтгэж, алхам тутамдаа камерны өмнө байгаа учраас хэлэх үг, хийх үйлдэл бүрээ хянах хэрэгтэй болсон. Ганцаараа байх боломжгүй, хөгжим сонсъё, зурагт үзье гэхэд аль, аль нь байхгүй. Тийм орчинд хүн яалт ч үгүй хүүхэд шиг, жирэмсэн хүн шиг ч гэмээр эмзэг болж, жаахан юм болонгуут л уйлчих гээд байдаг юм билээ. Хүмүүс биднийг ямар их хашхирдаг, уйлдаг юм бэ гэж гайхдаг нь ийм нөхцөл байдлаас гарсан зүйл л дээ. Өмнө нь би голдуу дүнсгэр байдалтай, дуугүй охин байсан бол одоо илүү сэтгэл хөдлөл ихтэй болсон. 

Тэмцээний бас нэг онцлог бол оролцогч охид дотор 1-4 жилийн загварын карьертай 5-6 загвар өмсөгч байсан бол үлдсэн нь огт туршлагагүй байсан. Ийм хоёр өөр түвшний охид өрсөлдөх нь чиний хувьд ямар байсан бэ?

Миний хувьд тэрхүү туршлагатай загвар өмсөгчийн тоонд орно. Тэгэхдээ би фото модель биш тайзны загвар өмсөгч.  Хэдий тийм ч би өмнө нь ямар нэг брэндийн нүүр царай болж, зураг авалтанд бараг орж байгаагүй. Манай Ю.Балжидмаа бол сэтгүүл дээр зөндөө гарч, Б.Цэрэндолгор маань АРИУНАА СҮРИ-гийн нүүр царай болж байсан бол Т.Номин-Эрдэнэ биднээс ч өмнө нь загварт хөл тавьсан. Эхэндээ би "Туршлагагүй охидын хажууд бүх зүйлсийг нь мэддэг юм чинь тэмцээнд орж яах юм бэ" гэж бодож байсан ч одоо тэмцээнээ өндөрлөсний дараа харахад би бүр юу ч мэддэггүй байсан юм билээ. "Нүүрээ хувирга, уруулаа сулла" гэхээр нь гайхаад л, яаж нүүрээ сулладаг юм бэ гэж бодож байсан бөгөөд одоо ч би "Хоосон нүд" гэдэг үгний учрыг олж чадаагүй. Ер нь бол би өвөрмөц төрхтэй болохоор гоо сайхны ч юм уу, гоёл чимэглэл сурталчилсан хөөрхөн харагдах шаардлагатай зурганд яахаа мэдэхгүй гацчихдаг байсан. Тэгэхээр туршлагатай гэхээр бүх зүйлийг төгс хийнэ гэсэн үг биш. Яг үнэнийг хэлэхэд туршлагагүй хүмүүс биднээс давуу талтай. Бид өмнө нь сурсан зүйлээрээ хайрцаглагдчихсан байхад анх орж байгаа охид бүх юмыг шинээр, зөвөөс нь эхэлж байсан шүү дээ.

Чи өөрийгөө ялагч болсон байдлаар хэр их төсөөлсөн бэ?

Төсөөлсөөн. Өмнө нь бусад орны Next Top Model тэмцээнийг үзэж байхад эхэндээ сул байсан хүмүүс сүүлдээ чангарч, ялсан тохиолдол их гардаг. Би сүүлийн хэдэн дугаарт сайн байсан болохоор өөрийгөө ялж чадна гэсэн бодол сэтгэлд багтаад байсан. Шагналын мөнгөө яаж зарцуулахаа хүртэл бодож, маш хурдан барьчихдаг, төсөрхөн үнэтэй байшин бариад, өөрийн гэсэн өрөөтэй, унах машинтай болно гэж төсөөлдөг байлаа. Энэ бодол маань намайг хасагдах үед нүдний урд харагдаад өнгөрөх шиг л болсон. (дахиад инээв.) Одоо би тэр мөрөөдлөө нэг их удахгүй биелүүлж чадна гэж итгэж байна даа. 

Хэрэв чи дургүйцэхгүй бол үлдсэн гурван охиноос хэнийг түрүүлээсэй гэж бодож байгаагаа хэлж болох уу?

Бодож байгаагаа хэлвэл нөгөө хоёр маань надад гомдохгүй байлгүй дээ. Ю.Балжидмаа бол миний найз. Тэгэхдээ хүмүүсийн хандлага Б.Цэрэндолгор дээр байгаатай адил би ч гэсэн Цэкү-г түрүүлэх байх гэж бодож байна. Т.Номин-Эрдэнэ маш мундаг, зурганд гоё гардаг төрхтэй ч тайзны модель байхад өндөр нь арай хүрэхгүй. Топ модель гэдэг утганд тайз, гэрэл зураг хоёр хоёулаа багтах ёстой шүү дээ. 

Б.Цэрэндолгорын гол давуу тал юу юм бэ?

Цэкү загварт нэг их удаагүй, шинэхэн дүр гэж хэлж болно. Түүний зураг тийм ч супер биш боловч өөрөө маш хүчтэй бөгөөд түүнийгээ зурганд сайн гаргаж харуулдаг. Дэргэд нь байхад маш их эрч хүч өөрөөс нь мэдрэгддэг. 

Хамгийн анхны шалгаруулалт дээр Нора Дагва чиний туршлагыг дурдаж, асууж байсан. Анх чиний тэмцээнд орох болсон гол шалтгаан юу байсан юм бэ? 

Тийм ээ. Нора эгч тухайн үед "Чи Сингапурт гурван сар байсан. Нью-Йоркод алхсан. Одоо энд юу хийж байгаа юм бэ" гэж асуусан л даа. Надад ийм асуулт ирнэ ч гэж би дотроо бодож байсан. Тухайн үед би өөрийгөө сорьж үзье гэж бодсон. Үнэхээр ч надад том сорил, том дэвшил энэ тэмцээн авчирлаа.  

Чамд энэ тэмцээнд орсноор ямар үр өгөөж ирсэн бэ? 

Тийм ээ, энэ тэмцээнд орсноор хүмүүст нэлээн танигдсан. Би өмнө нь олон хүний анхааралд тэгж өртөж байгаагүй. Мөн Instagram-д бусад оронд болсон Next Top Model-ийн оролцогчдын зургийг нийтэлдэг гадаадын нэг хуудсанд миний зургийг оруулж, "Энэ охин их өвөрмөц төрхтэй юм. Тэгэхдээ энгийн, хөөрхөн охид шиг байх гээд байна. Өөрийнхөөрөө илүү өвөрмөц байх хэрэгтэй. Чи бол high fashion модель" гэж бичсэн байсан. Тэрийг хараад их баярласан. Ерөнхийдөө манайд олон нийт high fashion гэдгийг ойлгох хараахан болоогүй, илүү хөөрхөн, царайлаг хүмүүсийг сонирхож хардагийг нь сая мэдэрсэн. Тийм болохоор миний карьер энд хол явахгүй юм байна гэж ойлгосон.

Тэгвэл одоо цаашдаа өөртөө ямар зорилго тавиад байна вэ?

Тэмцээн надад маш их урам зориг өгсөн. Би хорин хэдэн жил юу хийж байв аа гэдгээ ойлгосон. Байгалиас заяасан өндөр бие, өвөрмөц төрхтэй тулдаа Монголд зохиогдсон загварын шоунууддаа ороод байсан боловч яг үнэндээ Нью-Йоркод очиж ажиллах, Victoria's Secret-ийн модель болохсон гэдэг мөрөөдлийнхөө төлөө хөдөлж өгөөгүй байж.  Хэрэв зүгээр суугаад байх юм бол хэн ч сайхан санал тавихгүй. Тийм болохоор нэгэнт зорьсон бол хийсэн шиг хийх хэрэгтэй гэдгийг ойлголоо. 

Зорилгын хувьд бол том зорилго бий. Бас нэг санал ирсэн байгаа. Тийм болохоор биеэ хөгжүүлж, хэлээ сайжруулж түүнийхээ төлөө явна даа. Загварын мэргэжлийн хэллэг сурч, англи хэлээр дүрмээр нь, чөлөөтэй сайн сурья гэж зорьж байна. Хүн ер нь хэр их хүсч, түүнийхээ төлөө хичээж чадна түүнийхээ хэрээр хожиж, амжилтанд хүрдэг гэж ойлгосноо одоо хэрэгжүүлэхийн төлөө явна.  

Ж.Чинбат

2017-03-07, 10:00

  • Зураг: Cover by Fadli Rahman