Хар цагаан өнгөөр дагнасан загварууд гарна
Хоёр хоногийн өмнө Grandmaster брэндийн албан ёсны Instagram хуудаснаа GRANDMASTER x S.M.O.K гэх хар цагаан өнгийн постер зураг "Хамтарсан капсул цуглуулга аравдугаар сард" гэх тайлбарын хамтаар нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаад байна. 2017 оны сүүлээр үүсгэн байгуулагдсан Grandmaster, мөн яг тэр үед үйл ажиллагаагаа түр зогсоосон S.M.O.K брэндүүдийг дизайнер О.Анхбаяр хариуцдагийг манай уншигчид сайн мэдэх биз ээ. Түүнээс нууцлаг постерын талаар тодруулан асуухад "Энэ хамтарсан төсөлд Grandmaster болон S.M.O.K брэндүүдийн онцлогууд уусан нэгдэж, дундаас нь сонирхолтой зүйл гарах болно. Ингэснээр S.M.O.K брэнд эргээд идэвхтэй болж байгаа юм. Ерөнхийдөө уг цуглуулга нь хар цагаан өнгөөр дагнана" гэх хариултыг өглөө.
Эргэн сануулахад О.Анхбаяр 2013 онд S.M.O.K брэндийг үүсгэн байгуулснаар Монголын үндэсний хэв шинжийг гудамжны загвар, хип хоп урсгалтай хослуулж чадсан анхны дизайнеруудын нэг болсон. Үүд хаалгаа нээсэн даруйдаа S.M.O.K их хотын залуусын сонирхлыг татаж, боломжийн үнэтэй атлаа биед эвтэйхэн, загварлаг хувцаснуудаараа алдаршсан байдаг. Харин О.Анхбаярын 2017 оны есдүгээр сард нээсэн Grandmaster брэнд нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн зах зээл рүү чиглэсэн хэтийн зорилготой, хувцас загвараас гадна уран зураг, дуу хөгжим зэрэг урлагийн ертөнцүүдийг өөртөө нэгтгэн шингээсэн, шинэлэг брэнд болсон юм. Grandmaster-ийн загварууд мөн адил гудамжны хэв маягтай ч, илүү өндөр чанартай гэдгээрээ онцлог билээ.
Тэгэхээр тун удахгүй гарах хамтарсан цуглуулга эдгээр хоёр брэндийн давуу талуудыг агуулснаар үнэнч хэрэглэгчдээ баярлуулах нь гарцаагүй юм. Ингээд аравдугаар сар хүртэл хүлээх л үлдлээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт