Дуу хөгжмийн салбарын шилдгийн шилдгүүдийг шалгаруулдаг Грэмми шагнал гардуулах ёслол энэ жил 67 дахь удаагаа АНУ-ын Лос-Анжелес хотын Crypto.com цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд хөгжмийн салбарын томоохон төлөөлөгчид оролцохоор хүрэлцэн ирсэн ба ялагчдын нэрс тодроод буй.
Энэ жилийн Грэмми наадам хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулахаас гадна Лос-Анжелес хотод болсон гал түймэрт нэрвэгдсэн хүмүүст зориулан хандив босгосноороо онцлогтой. Ёслолыг комедиан Тревор Ноа хөтлөн явуулсан бөгөөд уран бүтээлчид хөгжмийн ертөнцийн домог болох Куинси Жонсд хүндэтгэл үзүүлсэн юм.
Грэмми шагнал гардуулах ёслол дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг шалгаруулаад зогсохгүй улаан хивсний ёслол нь загварын мэдрэмжээ илэрхийлэх онцгой талбар болдог гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал энэ жил дуучин Сабрина Карпентер нуруу ил гарсан, өдтэй, хөх саарал өнгийн сатин даашинз өмсөн гламур төрхийг бүрдүүлсэн байна. Харин залуу дуучин Грейси Абрамс Chanel ордны цайвар өнгийн, мөр ил гарсан даашинзтай ёслолд хүрэлцэн ирсэн бол энэ үдшийн хамгийн өвөрмөц төрхүүдийн нэгийг дуучин Чапелл Роан бүрдүүлжээ. Тэрээр Жан-Поль Готьегийн 2003 оны кутюр цуглуулгад багтсан, урлагийн бүтээл мэт даашинзаар гоёсон нь хүн бүхний анхаарлыг татаж байлаа.
Ингээд 2025 оны Грэмми шагнал гардуулах ёслолын улаан хивсний шилдэг төрхүүдийг харцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт