Олимпын наадам үргэлжилж дэлхий даяараа спортын ертөнцөөр амьсгалж байна. Одоо тэгвэл аль орон медалийн тоогоороо тэргүүлж, хэн ямар дэлхийн рекордыг эвдсэн гэдгээс гадна тамирчдын өмсдөг хувцас, өмсгөлд нэг анхаарлаа хандуулаад үзэх үү? Спорт хувцас гэдэг нарийн технологиор хийгддэг, тамирчны тав тух, гүйцэтгэлийг шийдэх шалгуур болдгийн сацуу үзэмж талаасаа нүд баясгаж, тэр ч бүү хэл загварын ертөнцийн чиг хандлагуудын нэг болох нь бий. Талбайн теннис л гэхэд загварын бие даасан дэд урсгал болон хөгжиж дан ганц теннисний талбай дээр ч гэлтгүй загварын тайзнаа харагддаг болоод удаж буй.
“Парис 2024” Олимпын наадмын 10м хийн урт бууны багийн төрөлд Хуан Юү Тин, Шен Ли Хао нар алтан медаль хүртсэнийг санаж байна уу? Санахгүй байж болох ч тэдгээр тамирчны зургийг нэг удаа ч болов цахим ертөнцөөс харсан байх учиртай. Футуристик гэмээр хэв маягтай, тэгш бус хэм бүхий хуваалтай арьсан хослол нь Олимпын тавцан дээр бус 1960, 1970-аад оны Pierre Cardin-ы тайзан дээр л байх ёстой мэт санагдана. Энэ бодолдоо хөтлөгдөн тус спортыг лавшруулж судлаад үзвэл дан ганц Хятадын тамирчид онцгой загварлаг хувцасласан юм биш, харин спортын өмсгөл нь өөрөө тийм хийцтэй болж таарав. Гэхдээ хийн урт бууны спортод яагаад заавал зузаан арьсаар хийсэн робот шиг харагддаг хувцас өмсдөг юм бол? Харваач нар шиг зүгээр л футболкатайгаа ороход хангалттай биш гэж үү?
Хариулт нь тэгвэл их энгийн. Тус спорт нь Times New Roman фонтын 12 хэмжээтэй цэгийн дайтай байг онох зорилготой юм. Тиймээс тамирчид аль болох хөдөлгөөн хязгаарлаж, номхон, тогтвортой байхад нь туслах зузаан арьс, эсвэл брезентээр хийдэг энэхүү хувцсыг өмсдөг байна. Мөн өмсгөлийн ачаар тамирчдын бэртэл авах эрсдэл буурдаг гэнэ. 2 орчим кг жинтэй бууг өдрийн 12 цагийн бэлтгэлийн турш тусгай байрлалд барьж зогсоно гэдэг булчинд ачаалал өгч, цаашлаад гэмтэлд хүргэх бүрэн боломжтой ажээ.
#tenniscore хэмээх хэштэгийн илэрцээс теннисчний хувцаслалт ямар их эрэлттэй байгааг харах боломжтой. Miu Miu-гийн намар-өвөл 2022 улирлын цуглуулгын ачаар теннисчний гоо зүй олны анхаарлыг татаж чиг хандлагын давлагаа үүсэж байв. Үүнээс хойш тус хэв маягийн эрэлт арай намжив уу хэмээн нүдээ цавчиж ч амжаагүй байтал Зендеягийн тоглосон “Challengers” кино нээлтээ хийж теннисчний төрх тоглогчдын эгнээнээс гарах болоогүй гэдгээ баталсан юм.
Теннисчдийн хувцас бий болсон түүхээс эргэн сөхвөл 1800-аад онд тамирчид бүхэлдээ цагаан өнгөөр хувцаслах ёстой хатуу дүрэмтэй байлаа. Энэхүү дүрэм нь Уимблдоны ордонд одоог хүртэл хэсэгчлэн мөрдөгддөг юм (эмэгтэйчүүд өөр өнгийн дотуур шоорт өмсөх боломжтой). Эмэгтэйчүүд тухайн үед бариу корсет, шал шүргэсэн урт даашинзтай тэмцээнд оролцох нь энгийн үзэгдэл байв. Харин удаан хугацааны дараагаас буюу 1920 оноос эхлэн тус спортын дресс-код илүү чөлөөтэй болсон түүхтэй. Орчин цагийн тамирчдаас гэвэл Серена Уильямсын загварлаг төрхүүдийг дурдахгүй бол алдас болно. Тэрээр 2004 оны Их дуулга-ын тэмцээнд Андре Агассигийн жийнсэн шоортоос улбаалан деним юбкатай оролцож байсан нь Серенагийн домогт хувцаслалтын нэгт тооцогддог билээ.
2021 оны Токиогийн Зуны олимпод албан ёсны спортын төрөл болон бүртгэгдсэн скейтборд нь streetwear загварын тусгал л гэсэн үг. Тамирчид карго загварын өмд, Nike Dunk пүүз, принттэй футболка өмсөөд Airpods чихэвчээ зүүчихсэн оролцдог нь бусад төрлийн спортод бол байдаггүй үзэгдэл. Иймд тус спортын үүсэл хөгжлөөс эхлэн тамирчид болон хувцаслалт нь хүртэл залуухан гэдгээрээ тун онцлог билээ.
Скейтбордын өмсгөлд тавигдах хатуу шаардлага гэж байдаггүй ба оролцогчид тав тухыг чухалчилж, мөн хамгийн гол нь өөрийн хувийн сонирхол болон стильдээ тохируулан хувцасладаг. Дийлэнх скейтбордчид 1990, 2000-аад оны хөлбөмбөгчдөөс сэдэвлэсэн поло футболка, ташуу судалтай цамц, томдсон эсгүүртэй өмд, бермуда загварын шоорт, майк, урт оймс, пүүз, саравчтай малгай гэхчлэн чөлөөт стилийн хувцас сонгодог.
Морин спортын сонгодог, цэмцгэр, хээнцэр хувцасны хөгжил XIX дүгээр зууны сүүлчээс XX дугаар зууны эхэн үед албан ёсоор явагдсан гэж үздэг. Ингэхдээ морин спортын тамирчид аюулгүй байдал хангасан, давхар сонгодог хэв маягаар хувцасладаг билээ. Тэд суналттай, амьсгалдаг, хөлс шингээдэг материалаар хийгдсэн хөдөлгөөнд саад учруулахгүй загварууд сонгодог байна. Тус спортын гоо зүй загварын салбарт ч мөн нэвтэрсэн бөгөөд үүнийг маш олон тансаг зэрэглэлийн брэндүүд (жишээ нь, Ralph Laruen Hermes) хүртэл чиг баримжаагаа болгодог юм.
Унаачид Олон улсын морин спортын холбооноос тогтоосон шаардлагыг мөрддөг байна. Жишээ нь, dressage төрөлд тамирчид ард хормой нь урт, бартаа захтай хүрэм, цагаан, сүүн цагаан, эсвэл шаргал өмд болон урт түрийтэй гутал, мөн дуулга өмсөх ёстой. Түүнчлэн гар хамгаалах зорилготой бээлий нэмэлтээр өмсөх боломжтой байна.
Балет, усанд сэлэлт болон уран нугаралтыг нийлүүлсэнтэй дүйцэхүйц нарийн техник, мэдрэмж шаардсан спортуудын нэг бол уран сайхны сэлэлт. Тамирчдын ямар ч алдаа мадаггүй нэгэн жигд хөдөлж байгаа нь нүд баясгахын сацуу тэдний сувд шигтгээгээр гоёсон өмсгөл, усанд урсаад алга болдоггүй нүүр будалт, өө сэвгүй гялалзсан үсний засалт нь жинхэнэ "олимпын болзол" хангасан мэт харагдана.
Уран сайхны сэлэлтийн хувцас ердийнхтэй харьцуулахад яг л хоёр дахь арьс шиг нимгэн байдаг онцлогтой. Энэ нь хурдан хугацаанд хатах, хөдөлгөөний явцад ус нэвтэрч орохгүй байх, хөнгөн мэдрэмж төрүүлэх ач холбогдолтой юм. Харин тамирчдын нүүр будалтын хувьд өнгөлөг тень, тод контур, улаан уруулын будгаас бүрдэх нь олонтоо. Учир нь шүүгчид усан сангаас хол зайд суудаг учраас харагдац талаас нь бодолцож тод буддаг байна. Хэдий нүүр будалт оноо авах шалгуур биш ч гэсэн үзүүлбэрийг гоо зүй талаас нь илтгэх салшгүй нэг хэсэгт тооцогддог юм. Ингэхдээ тамирчид усны хамгаалалттай будаг хэрэглэдгээс гадна нүдний тенийн тогтцыг сайжруулдаг нүүр будгийн тусгай шингэн ашигладаг байна. Хэрэв энэ төрлийн тусгай бүтээгдэхүүн байхгүй бол нүдний тень дээрээ энгийн вазелин түрхээд л уснаас хамгаалах боломжтой гэдгийг уран сайхны сэлэлтийн тамирчин Эдди Колона хэлжээ. Харин хатуу бүрхүүл үүсчихсэн мэт, усанд мөддөө хайлж урсахааргүй харагддаг үс засалт нь энгийн нэг үсний хөөс, эсвэл лак ашигласнаар бүтэх боломжгүй гэнэ. Гайхалтай нь, бидний цэлцгэнүүр хийхэд ашигладаг хүнсний желатинаар тухайн бүрхүүлийг үүсгэдэг болохоо тамирчид хуваалцжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт