Хувцаслалтаас нь санаа авч болох хуучны дурсамжит кинонууд

Хуучны кинонууд өнгө үзэмж, сэдэв зохиолоороо давтагдашгүй, дахин үзэхэд хүртэл цаанаа л нэг сэтгэлд дотно санагддаг. Одоо эргэн харахад тухайн үеийн хувцаслалтууд, загварын шийдлүүд “моод эргэнэ” гэдэг шиг загварын ертөнцөд тренд болсоор байгаа билээ. Тиймээс сэтгэлд хоногшсон кинонуудаа эргэн санахаас гадна загварлаг хувцаслалтуудаас нь санаа авцгаая.

1. "NOTTING HILL"

Алдартай жүжигчин бүсгүй Анна болон энгийн нэг номын дэлгүүрийн эзэн залуу Уильям нарын сэтгэл догдлуулам хайрын түүхийг өгүүлэх кино бол “Notting Hill”. Аннагийн хувцаслалтууд 1990-ээд оны чиг хандлагын төгс жишээ бөгөөд киноны туршид загварлаг төрхүүдээрээ таны нүдийг чимэх болно. Түүний загварлаг хувцаснууд модель Белла Хадидын дүр төрхийг санагдуулж байгаа биз?

Харин Уильямын өмсдөг бага зэрэг үрчлээтэй хэдий ч загварлаг харагдуулах сорочкан цамц нь одоо ч тренд хэвээрээ. Цамцныхаа ханцуйг болхи хэдий ч загварлагаар шуусан байдаг нь түүний хувцаслалтын гол чимэг нь юм. Тэрээр ихэвчлэн сонгодог сул хар өмдийг түрийгүй зөөлөн арьсан гуталтай хослуулан өмсдөг. Мөн цайвар өнгөтэй өмднүүдийг цамцныхаа өнгөтэй уусган энгийн атлаа дэгжин төрх бүрдүүлсэн байдаг билээ. 

Мөн киноны эхлэл болон төгсгөл хэсэгт Уильям, Анна хоёрын өмсдөг хувцаснууд одоо ч хоцрогдоогүй байгаа юм.

2. "MY SASSY GIRL"

Өмнөд Солонгос улсын “It Girl” гэгддэг жүжигчин Жон Жи Хёны “My Sassy Girl” киноны загвар одоо ч эрчээ алдаагүй хэвээр байна. Тэрээр ихэвчлэн тод өнгийн битүү захтай ноосон цамцыг өнгө дагуу сорочкатай хослуулж, доогуур нь нам суудалтай карго болон жийнсэн өмднүүдийг өмсдөг. Улаан, ягаан, ногоон нь тухайн дүрийг тодорхойлох гол өнгөнүүд юм.

Мөн түүний өмсдөг зөөлөн ягаан өнгийн нимгэн даашинз болон ягаан товчтой нимгэн цамцны хослол нь Солонгос улсад хэсэгтээ тренд болж байсан билээ. 

3. "CLUELESS"

Хамгийн загварлаг кинонуудын нэгт зүй ёсоор ордог “Clueless”-ийн загварууд хэзээ ч моодноос гарахгүй нь лавтай. Шоотой тод өнгийн хослол, өвдөг хүртэл урттай цагаан оймс, берет малгай зэрэг нь одоо хүртэл загварлаг харагддаг хэвээрээ. Шер Хоровитцын алдарт шар хослолоос гадна ханцуйдаа цацагтай, товчтой цамц, улаан өнгийн торгон даашинз зэрэг нь сонгодог загварт тооцогддог билээ.

Тус киног эргэн нэг үзэхэд бүх хувцаслалтууд нь харцыг тань булаах нь гарцаагүй.

4. "FRIENDS"

Бүх цаг үеийн хамгийн алдартай цувралуудын нэг болох “Friends”-ийн Рэйчелийн дүр бол загварын бэлгэ тэмдэг юм. Түүний өмсдөг ханцуйгүй хоолойтой топууд, мини шоотой юбка, нимгэн сорочкан цамцнууд хэзээд загварлаг харагдана. Мөн Рэйчелийн дүрд тоглосон жүжигчин Женнифер Энистон нь “Би хувцаслалт, загвартаа илүү анхаараад үсний засалтаа нэг их тоодоггүй байж. Одоо бодоход нэг загварын үсний засалттай олон бүлэг дээр гарсандаа харамсдаг” хэмээж байжээ.

5. "ATONEMENT"

Хүмүүсийн харцыг булаасан ногоон даашинзаараа одоо ч ярианы сэдэв болдог кино бол “Atonement”. Тус даашинзнаас гадна урт, нарийн товчтой бошинз болон цэцгэн хээтэй нимгэн цамцнуудаас нь санаа аван хослуулан өмсөхөд үнэхээр үзэсгэлэнтэй харагдахуйц аж. Мөн Сесилия Таллис дүрийн өмсдөг beige өнгийн торгон, цэцгэн хээтэй даашинзнуудыг ч мөн сонирхоод үзэхэд гэмгүй.

6. "HOW TO LOSE A GUY IN 10 DAYS"

Мөр гардаг ноосон цамц, нуруу нь ил харагддаг торгон даашинз, мөрөвчгүй топ, ноолууран цамцнууд гээд л дурдаад байвал бүх л хувцаслалтаас нь санаа авч болохуйц кино бол “How to Lose A Guy in 10 Days” юм. Энди Андерсон дүрийн өмсдөг хувцаснууд ихэвчлэн өнгө дагуу байдаг ба түүний өндөр өсгийтүүдийг дурдахгүй байхын аргагүй.

Харин Бенжамин Барригийн хувьд өнгө дагуу даавуун хослол болон түүнтэйгээ зохицохуйц сорочкан цамцнуудаараа алдартай. Мөн түүний өмссөн захгүй хар савхи болон жийнсэн хар өмд нь загвараа алдаагүй хэвээр. 

7. "A BITTERSWEET LIFE"

Тус киноны Хэ Сүгийн өмсдөг хар өнгийн хоолойтой бариу цамц нь хүн бүрийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой загваруудын нэг мөн. Үүнээс гадна торон хээтэй нимгэн майк, хар өнгийн карго өмд, шагай хүртэлх урттай цув зэрэг нь түүний дүрийг тодорхойлох гол хувцаслалтуудын нэг. Дээрх бүтээлүүдээс жанр өөр, триллер төрлийн кино хэдий ч хувцаслалт, загвараараа одоог хүртэл харц булаах аж.

Buro.Mongolia

2024-07-26, 11:46