Кристоф Лемерийн Uniqlo-д зориулсан анхны цуглуулга

Uniqlo U

Өчигдөр Францын дизайнер Кристоф Лемер Uniqlo-д зориулсан анхны цуглуулгаа олонд дэлгэлээ

Uniqlo брэнд Кристоф Лемертэй хоёр улирал дараалан амжилттай хамтарсны эцэст дизайнерыг брэндийн урлаач захирлаар томилж, тогтмол гар нийлэн ажиллаж байхаар болсон билээ. Тэд зүгээр ч нэг хамтрах биш, харин бүр тусгай Uniqlo U гэх шугам байгуулаад амжсан бөгөөд уг шугамынхаа анхны цуглуулгыг дөнгөж өчигдөр танилцууллаа.

"Uniqlo ба Лемерийн богино хугацааны хамтын ажиллагааны хүрээнд бид Lemaire брэндийг Uniqlo-гийн концепцид нийцүүлсэн загварууд гаргадаг байсан. Харин Uniqlo U шугам нь брэндийн ДНХ ба түүхийг өөртөө агуулж, хүний хэрэглээ дэхь үндсэн суурь хувцаснууд дээр төвлөрч байгаа. Үүнд л Uniqlo брэндийн мөн чанар оршиж байгаа юм шүү дээ" хэмээн дизайнер хэвлэл мэдээллийнхэнд ярьсан байна.

Шинэ каталогийг харах нь ээ цуглуулгад малгайтай цамц, уяатай өмд, хөвсгөр куртка болон төрөл бүрийн сүлжмэл хувцаснууд гэх зэрэг энгийн хэрнээ гоёмсог загварууд багтсан байна. Гэхдээ хэлбэр дүрс гэхээсээ илүү хувцаснуудын өнгө нь цуглуулгад чухал үүрэг гүйцэтгэсэн харагдлаа. Гүн цэнхэр, бүүдгэр бор, хүйтэн саарал өнгөнүүд бидний өдөр тутмын амьдралд хамгийн тохиромжтой мэт санагдана. Цуглуулга Uniqlo-гийн нэрийн дэлгүүрүүдээр аравдугаар сараас эхлэн худалдаалагдах гэнэ.

Buro.Mongolia

2016-07-08, 09:00

  • Зураг: