“It girls”-ийн стилийг бүрдүүлэх LIU JO брэнд Шангри-Ла Моллд нээгдлээ

Бутикийн нээлтийн эргэн тойронд

"LIU JO, LIU JO!" хэмээн цуурайтах чимээ өнгөрөгч Лхагва гарагт Шангри-Ла Молл доторх хэн бүхний чихэнд хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ өдөр моллын үндсэн давхарт хар тайз засагдан тайзан дээгүүр ирвэсний хээтэй пальто өмссөн Цэкү, гялалзсан богино даашинзтай Төгс, эрэгтэй эсгүүртэй хар хослолоор гоёсон Ээнээ, tedy coat нөмөрсөн Оюука зэрэг шинэ эриний төлөөлөл болсон шилдэг моделиуд алхаж эргэн тойронд нь загварлаг залуус цуглан анхаарлаа нэг л зүйл руу чиглүүлсэн нь Италийн Liu Jo брэндийн нээлт байсан юм.

Оргилуун дарс, амтат шоколад, өнгөлөг цэцэгс мөн энэ тэндээс гялалзах алтлаг өнгөнүүд. Яг л Нью-Йоркийн Upper East Side дахь коктейль үдэшлэгт хүрэлцэн ирэн Gossip Girl-ийн Серенагийн хувцасны шүүгээг харж байгаа мэт. Гялалзсан чимэглэлтэй галбир барьсан даашинзууд, хиймэл үсээр хийсэн гоёмсог хүрэмнүүд, биед төгс суусан жийнсэн өмднүүд болон хээнцэр смокинг хослолууд өөрийн эрхгүй хараа булааж байлаа. Өөрөөр хэлбэл орчин үеийн "It girls"-ийн стилийг бүрдүүлэх шинэ брэнд Монголд иржээ.

Liu Jo гэх нэр магадгүй Итали хэлнээс хол санагдаж болзошгүй ч үнэн хэрэгтээ энэ нь Италийн томоохон уугуул брэндүүдийн нэг юм. Ах дүүс Марко ба Ваннис Марчи нар 1995 онд Италийн сүлжмэлийн цэг гэгддэг Капри арал дээр Liu Jo брэндийг үүсгэн байгуулж өдгөө Италид 130, олон улсад 490 гаруй салбар дэлгүүртэй болтол хөгжүүлсэн билээ. "Liu" гэдэг нь Маркогийн найз бүсгүйдээ өгч байсан хоч бол найз бүсгүйн түүнийг "Jo" хэмээн өхөөрдөн дуудсанаар ийнхүү брэндийн нэр бүтжээ.

"1995 онд Италийн Капри арал дээр үүсгэн байгуулагдсан эмэгтэй хувцасны брэнд"

Liu Jo брэндийн гаргах аливаа бүтээгдэхүүний ард маш энгийн бүтээлч философи байдаг. Тэр нь эмэгтэй хүн бүрийн байгалийн гоо үзэсгэлэн, эмэгтэйлэг байдлыг тодотгох явдал юм. Дэд зэргийн материал, Капри арлын гар урлаачдын эзэмшсэн жижиг детальд анхаарах чадвар болон контемпорари дизайн гэх үндсэн гурван бүрэлдэхүүн нэгдэж Liu Jo брэндийг бий болгодог байна. Жилийн дөрвөн улиралд зориулагдсан эмэгтэйлэг загваруудаас гадна гар цүнх, гутал, хүзүүний алчуур, малгай гээд төрөлжсөн аксесуар танилцуулдаг тус брэнд нь дотроо үдэшлэгийн зориулалттай Gold Label, илүү энгийн өдөр тутмын загваруудаас бүрдэх White Label, өвөрмөц ба зоригтой загваруудтай Black Label, тусгай технологи бүхий биед эвтэйхэн жийнс гаргадаг Blue Denim, спорт хэв маягтай Liu Jo Sport болон тансаг зэрэглэлийн хувцас урладаг Liu Jo Luxury гэсэн нарийвчилсан коллекцуудтай билээ.

Liu Jo брэнд нь Шангри-Ла Моллын нэгдүгээр давхарт байрлах бүтикээс гадна цуглуулгуудаа shoppy.mn вебсайтаар дамжуулан худалдаалах болно. Ингээд брэндийн нээлтэн дээр хүрэлцэн ирсэн зочдын зургийг харцгаая.

Liu Jo Mongolia
Хаяг: Шангри-Ла Моллын нэгдүгээр давхар
Утас: 77554444
Facebook Liu Jo Mongolia
Instagram @liujo_mn

Ө.Тодгэрэл

2019-09-28, 10:00