Loro Piana брэнд Монголоос нийлүүлдэг ноолуурын тухай баримтат кино бүтээжээ
Оскарын шагналт найруулагч дэлхийн хамгийн тогтвортой материал хэрхэн бэлтгэгддэг тухай кино хийсэн байна
Анх гэр бүлийн бизнес болон үүсгэн байгуулагдаж Пьяна удмын зургаан үеийг дамжсан Италийн Loro Piana брэнд одоо LVMH группийн эзэмшилд байдаг ч ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах ёс зүйгээ хэзээ ч алдалгүй ирсэн, бүхэлдээ тогтвортой үйл ажиллагаа явуулдаг цөөн компаниудын нэг юм. Loro Piana өөрсдийн £1,500 үнэтэй свитеруудыг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүст борлуулж чаддаг, дуулиант сурталчилгаа эсвэл том логоны шаардлагагүйгээр чанар, дизайнаараа танигддаг маш амжилттай брэнд юм. Тэгвэл дэлхийд хамгийн дээд зэрэглэлийн ноолууран загваруудаараа гайхагддаг Loro Piana нь ноолуурын түүхий эдээ 1980 оноос хойш өдгөө 40 орчим жилийн хугацаанд Монгол болон Өвөр Монголын Өөртөө Засах Орноос нийлүүлж байгаа билээ.
Дэлхийн хамгийн зөөлөн, сайн чанарын ноолуурыг экосистемд хор хөнөөлгүй, тогтвортой байдлаар үйлдвэрлэдэг эдгээр орнуудын малчид, малчдын гэр бүлүүд, нийгэмлэгүүдийг магтан дуулах зорилгоор Loro Piana Оскарын шагналт кино бүтээгч Люк Жакетэй хамтран "Cashmere - The Origin of a Secret" нэртэй баримтат кино бүтээсэн байна. Киноны нээлт өнгөрсөн амралтын өдрүүдэд Шанхайд болсон бөгөөд нээлтэд зориулан ноолуураар гоёсон Хятадын супер одууд, үндэсний хувцсаа өмссөн Монгол малчид хуран цугларчээ. Харин зочид суудлаа эзэлсний дараа гэрэл унтран 33 уран бүтээлч бүхий симфони найрал хөгжим эгшиглэн зэрлэг онгон тал нутгийн үзэсгэлэн гоо, хээр талд бодолд автан мал сүргээ бэлчих малчин хүн, түүний амьтныг хайрлах сэтгэл дэлгэцнээ амилж бүгд гайхшран суужээ.
Баримтат киноны нэгэн хэсэгт ямаа төллөх ба малчин бяцхан ишгийг хүйтнээс хамгаалахын тулд тусгай халхавч нөмрүүлж, төд удалгүй хоёр өхөөрдөм хүү ишгийг угжихаар гартаа савтай сүү барин инээлдэж байгаа харагдана. Харин киноны төгсгөлд малчид уламжлалт хайч болон самны тусламжтай ямааны үсийг самнаж байгаа нь гардаг билээ. Ийнхүү Люк Жаке малчин болон ямааны амьдрал дахь нэг жилийн зураглалыг 20 минутын үзэсгэлэнтэй кино болгон найруулж, ноолуурыг хэрхэн амьтад болон байгаль орчинд тогтвортой байдлаар бэлтгэдгийг харуулсан байна.
"Ноолуур бол хуванцар биш" хэмээн Пьер Луижи Лоро Пьяна киноны нээлтийн дараа ярьжээ. "Ноолуурын түүхий эдийг бэлтгэхэд ямар нэгэн хөдөлгүүр шаардагддаггүй. Ингэснээр бид дараагийн үр удамдаа найдвар үлдээж байна. Бидний үйлдвэрлэдэг ноолуур бусад нефтийн оролцоотой бий болдог материалуудаас хэд дахин бага нүүрсхүчлийн хий ашиглаж байгаа. Бид энэ үйл явцад хувь нэмрээ оруулдаг хэн бүхнийг урамшуулмаар байна, мөн үүгээрээ шинэ үеийн малчдыг урамшуулахыг хүсэж байна" хэмээн тэрээр онцолсон юм.
Люк Жакегийн Loro Piana брэндтэй хамтран бүтээсэн "Cashmere - The Origin of a Secret" баримтат киноны бүрэн хэмжээний хувилбарыг loropiana.com вебсайтаас үзэх боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт