Одоогийн байдлаар ил болсон бүх мэдээлэл
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпийн наадмыг дэлхийн өнцөг булан бүрт суугаа хэдэн тэрбум хүн үздэг тул энэ нь улс орнуудын соёлыг түгээн сурталчлах гайхалтай боломж болдог. Тэр дундаа Олимпийн тамирчдын өмсгөл бол тухайн орны онцлогийг дэлхийн "тайзнаа" гаргах үндэсний бахархлын бэлгэдэл бөгөөд эсгүүрээс эхлээд өнгө хүртэлх дизайнерын сонгосон бүх деталь тодорхой дүр төрхийг дэлхийд харуулдаг. Гэтэл манай орны хувьд тэрхүү дүр төрхөө тодорхойлж чадалгүй өнөөг хүргэсэн билээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас энэ оны зургадугаар сард "Токио 2020" зуны Олимп, Паралимпийн наадамд оролцох Монгол улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын болон спортын хувцас, дагалдах хэрэгслийг сонгон шалгаруулах уралдааныг зарласан юм. Уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч оролцсоноос Michel & Amazonka брэнд шалгарсан билээ. Тэд тамирчдын спортын болон ёслолын хувцсыг хийж гүйцэтгэх эрхийг авсан албан ёсны гэрээгээ өчигдөр байгуулсан байна.
"Токио 2020" Олимп, Паралимпийн тамирчдын хувцасны талаар бидний мэдэх бүх зүйл
I
2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд Токио хотод зохион байгуулагдах зуны Олимп, Паралимпийн наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцсыг Michel & Amazonka брэнд бүхэлд нь хариуцан үйлдвэрлэх бол тамирчид өдөр тутмынхаа бэлтгэл сургуулилтад зориулагдсан спорт хувцсыг Японы Mizuno брэндээс өмсөх болно.
II
Michel & Amazonka мөн улсынхаа баг тамирчдыг дэмжих хүмүүст зориулан фэн хувцасны цуглуулга гаргана. Уг цуглуулгыг 2020 оны эхээр тамирчдад зориулсан хувцас хэрэглэлийг бүрэн эхээр нь танилцуулах арга хэмжээний үер хамт дэлгэх болно.
III
Michel & Amazonka ёслолын болон спортын хувцсыг бүх эрхээ авсан тамирчдаас биеийн хэмжээг нь авч тааруулан хийх ба бүрэн хэмжээгээр нь малгай, толгойн гоёл, гутал, оймс гэх мэт цогц байдлаар шийднэ.
IV
Тамирчдын хувцас хэрэглэлийг үйлдвэрлэх материалын судалгаа, туршилтын ажлууд эхэлсэн байгаа.
V
"Токио 2020" Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд нийт 394,3 сая төгрөг гаргах бөгөөд "Токио Олимп Сан"-гаас санхүүжилтийг шийдвэрлэнэ.
VI
Michel & Amazonka брэндийн хамт олон мөн тамирчдын үс засалт, нүүр будалт зэрэг дээр зөвлөгөө өгч ажиллана.
VII
"Токио 2020" Олимпод явах тамирчдыг үдэх арга хэмжээ Олимпийн наадам эхлэхийн өмнө Сүхбаатарын талбайд албан ёсоор зохион байгуулагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт