Одоогоос 150 гаруй жилийн тэртээ Францын хаан гуравдугаар Наполеон эхнэртээ ховор нандин ороолт бэлэглэжээ. Бүр нэгийг бус арван долоон ширхгийг бэлэглэсний учир юунд байв? Хатан хаан Эжени зөөлөн тансаг уг алчуураа магтахдаа "хуримын бөгжин дундуур гүйлгэхэд гарч ирэхээр тийм нимгэн" хэмээснээс загварын түүхэнд "бөгжинд багтах ороолт" гэж нэршсэн энэхүү алчуур цэвэр ноолууран ороолт байв. Түүний өмссөн зүүсэн бүхэн Францын язгууртан дунд улмаар бусад Европын орнуудад эрэлттэй зүйл болдог байсан тул ноолуур ийнхүү Европын тансаг хэрэглээнд анх нэвтэрсэн нь XIX зуун.
Ноолуур хэдийгээр анх Төвдөөс гаралтай боловч XV зуунд Энэтхэгийн хойд уулархаг нутаг болох Кашмирт боловсруулдаг, олон мянган ажилчид тэнд ноолуур ялгадаг байснаас ийн нэршжээ. Зөөлөн тансаг энэ түүхий эдийн хэрэглээ эртний Ромын эзэнт гүрний үед, бүр түүнээс ч өмнө Хуучин Гэрээг хадгалдаг алтан авдрыг ноолуураар доторлосон гэж домогт өгүүлдгээс харахад нэн эртний түүхтэй нь илт. Торгоны зам болон усан замын худалдаа хөгжсөнөөр Ази Европт түгсэн энэхүү байгалийн түүхий эдийг XIX зуунд Шотландын нэгэн эрхэм шинэ арга барилаар боловсруулж, гаргаж авснаар орчин цагийн ноолуурын эрин эхэлжээ. Ховор бөгөөд хязгаарлагдмал эх сурвалжтай, хөнгөн атлаа дулаан хадгалдаг, чийг тусгаарладаг энэ түүхий эд бусад ноос, бөс барааг бодвол зөөлөн, боловсруулахад чанараа алддаггүй, эдэлгээ удаантай тул "Мяндасны хаан" гэж үнэлэгдэж тэр хэрээр үнэтэй, тансаг хэрэглээ болсон тул тодорхой зиндааныхны хэрэглэдэг, үр удамдаа цааш өвлүүлдэг утгаараа "Хаадын мяндас" хэмээн өргөмжлөгджээ.
Өдгөө дэлхийд ноолуурын чанараар болон ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн тоонд Говь компаниар овоглосон Монгол ноолуур зүй ёсоор ордог.
Ноолуурын чанарыг хэмжих гурван үндсэн шалгуур бол түүний урт, зөөлөн чанар ба өнгө аж. Ноолуур гэдэг нь зөвхөн өндөрлөг газар амьдардаг, Hircus хэмээх ноолуурын ямааны унгарил үсийг хэлнэ. Далайн түвшнээс дээш 1500 метрт байрладаг Монгол эх оронд маань ийм ямаа тэгвэл 20 гаруй саяар тоологдоно. Зундаа өргөн дэлгэр нутагт тааваараа бэлчиж, элдэв бордоо, химийн бодис цацаагүй зэрлэг өвс ногоогоор хооллон үржил шим хүртдэг бол +40 хэмээс -40 хэм хүртэл хүйтэрдэг, эрс тэс, хуурай уур амьсгалтай энэ нутагт өвлийг өнтэй давахын тулд өтгөн үсний доор зөөлөн, хөнгөн, дулаан, нарийн ширхэгтэй ноолуур ургадаг байна. Хэр их хүйтэрнэ төдий чинээ урт, тэр хэмжээгээр нарийн зөөлөн үс ургана. Монголын хүйтэн өвөл иймд хамгийн дээд зэргийн чанартай ноолуур үүсэх хүчин зүйл болдог. Байгалийн ийм зүй тогтоц, органик бэлчээр нь Шинэ Зеланд, Австрали зэрэг ноолуурын ямааг зориуд үржүүлэх фермийн ноолуурын чанараас ялгарах үндэс юм.
Ноолуурын хялгасыг хэмжих микрон буюу бичил метр хэмжигдэхүүн байх ба бидний үсний ширхэг ойролцоогоор 70 гаруй бичил метр, хонины ноос 23-27 бичил метр бол ноолуур 14-19 микрон байх шаардлагатай. Монгол ямааны ноолуур хамгийн нимгэн буюу 14 микроноор хэмжигддэг тул хамгийн тансаг, зөөлөн түүхий эдэд ордог.
Түүнчлэн цагаан, цайвар шаргал, бор ба хөх саарал гэсэн байгалийн үндсэн дөрвөн өнгө бүхий ямааны ноолуур байдгаараа онцлог. Дэлхийд хамгийн ховорд ордог хөх саарал өнгийн ямааны ноолуурыг зөвхөн Ховд аймгаас авдаг бол Монгол ямааны бараг талаас илүү хувь эзэлдэг цайвар шаргал ямааны ноолуурыг Хэнтий аймгаас, бор ноолуурыг Хөвсгөлөөс, цагааныг Баянхонгор аймгаас тус бүр авдаг байна.
Будаж, цайруулаагүй байгалийн өнгөтэй "Органик" бүтээгдэхүүн Германд хамгийн хүсэмжит бүтээгдэхүүний тоонд ордог. Хаврын урь ороход ямааны ноолуур гуужих ба энэ үед ноолуурыг самнаж авдаг. Нэг ямаанаас ойролцоогоор 150 грамм ноолуур гаргаж авна гэхээр нэг ноосон цамц хийхэд ойролцоогоор дөрвөн ямааны ноолуур орно.
Германд эмэгтэй хүнд зайлшгүй байх ёстой аксесуарын жагсаалтыг ороолт тэргүүлдэг. Органик цайвар шаргал, бор өнгө тэр тусмаа хамгийн их сонгодог өнгөнд ордог.
Байгалийн өнгөөрөө байгаа органик бүтээгдэхүүнүүдээс биед эвтэйхэн өмд, ханцуйгүй цамцтай хослуулан, өглөө оройд ороолт дээгүүр нь нөмрөх юм уу задгай энгэртэй цамц өмсөх нь элбэг.
Органик цайвар шаргал өнгөтэй задгай энгэртэй цамц хавар-зуны хамгийн хүсэмжит гоёл. Чийглэг уур амьсгалтай тул хичнээн нарлаг байсан ч өглөө оройд сэрүүхэн, жиндэх нь элбэг. Иймд гадуур өмсөх цамц, хүрэм эсвэл нөмрөх ороолт биедээ зайлшгүй авч явдаг.
Баруунд амьтан хамгааллын асуудал өргөн хүрээнд яригддаг тул ямааны ноолуурыг машинаар хяргаж авах, ингэхдээ гэмтээх эрсдэлтэй гэдгийг шүүмжилж, ялангуяа Хятадаас нийлүүлэх их хэмжээний ноолуурыг шүүмжилдэг бол монголчууд эртнээс нүүдлийн соёлоо хадгалж, уламжлал ёсоор гар аргаар самнадаг нь Монгол ноолуурын хэрэглээг дэмжих нэгэн хүчин зүйл болдог. Нутгийн малчдаас түүхий эдээ шууд авснаар завсрын зуучлагч, борлуулагч нийлүүлэгчийн элдэв зардал үгүй, самнасан ноолуурыг өтгөн үснээс ялгах, цэвэрлэх, цааш боловсруулах, будах гэх мэт бүх үйл явцыг үйлдвэртээ нэгтгэж, улмаар өөрсдийн нэхмэл, сүлжмэл, оёдлын үйлдвэрт төрөл бүрийн хувцас, чимэглэл, гэр ахуйн бараа үйлдвэрлэн нэрийн дэлгүүртээ борлуулдаг тул Говь компанийн ноолууран бүтээгдэхүүний үнэ бусад ноолууран эдлэлийн үнэтэй харьцуулахад хямд байдаг аж.
Энэ хавар-зуны хамгийн өвөрмөц гоёо: Барласан шааль
Нөмрөг хөнжил болчихмоор том хэмжээтэй мөртлөө хөнгөн энэ алчуурыг эвхэхэд овор багатай, авч явахад авсаархан.
Дэлхийн гуч гаруй оронд түншлэл үүсгэсэн Говь компани одоогоор Германы Берлин, Хамбург, Дюссельдорф хотуудад салбар дэлгүүрээ нээсэн. Герман худалдан авагчид нэн тэргүүнд байгаль орчинд ээлтэй, ахин боловсруулагдах, тогтвортой хөгжлийн бодлогыг эрхэмлэн худалдан авалт хийдэг.
Чийглэг уур амьсгалтай, зуны улиралд ч өглөө оройд сэрүүн, жинддэг тул хоёр талт сул пальто хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болно. Ялангуяа гол мөрөн, нуур далайн эрэгтэй ойр хотуудад амьдардаг бол ийм пальто хамгийн оновчтой бөгөөд таатай хөрөнгө оруулалт болох вий.
Хонь бэлчихдээ зүлэг ногооны дээд хэсгийг тасдан зажилдаг бол ямаа үндсээр нь зооглодог аж. Иймд дөрвөн туурайтан маань бэлчсэн газрынхаа ногоог үндсээр нь үгүй хийн, улмаар цөлжүүлэх аюулд хүргэдэг байна. Монголчуудын бэлчээр сэлгэн нүүдэл хийдэг нь нэг газраа цөлжүүлэхгүй, ахин сэргээх "амрах" хугацааг нь олгох холч ухаан агуулсан ажээ. Дэлхийн зах зээлд ноолуурын эрэлт ихсэх тусам үнэ өсч, ноолуурын ямааг зохион байгуулалттай үржүүлэх болсон нь сөрөг талтай болсныг эсэргүүцэгчид баруунд бишгүй. Харин Монголчууд эртний уламжлалаараа бэлчээр сэлгэн, байгальд ээлтэй байхыг эрхэмлэдэг, уламжлалт гар аргаар самнадаг, ноолуураа дэлхийн зах зээлд гаргаснаар нутгийн ард, малчдын аж амьдралыг дээшлүүлэхэд анхаардаг, олон мянган ажлын байр бий болгодог гэх мэт тогтвортой хөгжлийн бодлогоо онцолж өгвөл Германчуудын хамгийн дуртай брэндийн нэг болох нь дамжиггүй.
Харин би Хатан хаан Эжени шиг арав гаруй биш юм аа гэхэд хэдэн сайн ноолууран алчууртай болж, дулаан илчинд нь тэврүүлэн явах болноо.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт