Нора сүүлийн нэг жилийн хугацаанд Нью-Йорк хотод амьдарсан бөгөөд сарын өмнө Монголдоо ирээд байгаа. Тэгэхдээ түүний аяллын хуваарь завгүй хэвээрээ. Тэр удахгүй Сингапур дахь агентлагтайгаа шинэ ажил Вьетнамд хийх ба ирэх нэгдүгээр сард Нью-Йорк руу буцах төлөвлөгөөтэй байна. Дээр нь тэр өөртөө цаг гаргаж Бали арал дээр арав хоног йоганы сургалтанд суух гэнэ. Нэг хүний дотор хоёр "Би" орших тохиолдол бишгүй бий. Дагвын Оюунноминг Сингапурт моделийн карьераа эхэлж байхад агентлагаас нь Нора гэх нэр өгчээ. "Хүний нэр өөрчлөгдөхөд хувь тавилан нь бас давхар өөрчлөгддөг гэдэгт би итгэдэг" гэж анх Нью-Йоркд очоод Альберт нэрээ Альбер болгон сольсон Эльбаз дурссан байдаг. Түүн шиг Номин арав гаруй жил Нора нэрээр моделийн карьер хөгжүүлэхдээ өөрийн хувь тавилангаа шинээр зохиож явжээ. Хүмүүс түүнийг Нора гэдэг нэрээр нь сайн мэдэх ч бид Номинтой энэ удаа танилцах болно. Тэгэхдээ бид түүнээс монголын дизайнерууд хэрхэн гадаад ертөнц рүү гарч болох вэ, шинэ цуглуулгаа танилцуулах модель хэрхэн сонгох вэ гэх зэрэг өөр хэдэн чухал асуудлыг гаргаж ирэхийг зорьлоо.
Загвар өмсөгчид дизайнерын гаргасан эх загвартай хамгийн түрүүнд танилцдаг. Монголд гарч байгаа шинэ загварууд одоо таны бодлоор хэр хөгжсөн байна вэ?
Нэг хэсэг дизайнерууд загвартаа төвлөрөөд материалдаа анхаардаггүй, нэг тийм "цаасан" хувцас хийдэг үе байсан л даа. Нэг өдөр тайзан дээр гарч гоё харагдаж, шагнал авах юм уу зураг нь гарчихвал болох мэтээр ханддаг , биед эвтэйхэн бус өмсгөл муутай хувцас хийдэг байсан. Одоо тэр байдал өөрчлөгдөж, зах зээл тэлэхийн хэрээр монгол хэрэглэгчид илүү үндэсний брэндээ дэмжин, худалдан авч хэрэглэдэг болсон. Үүнийгээ дагаад өрсөлдөөн бий болж чанар, өмсгөл, материалын сонголт сайжирч байгаа нь ажиглагдсан.
Нора гадагшаа явахдаа Монгол дизайнеруудын хувцас хэр авч явдаг вэ?
Би их азтай. Надад монголын бүх мундаг дизайнерын хувцас байдаг гэвэл үнэнээс нэг их зөрөхгүй байх. Зарим нэг чухал арга хэмжээнд монгол дизайнерын урласан хувцасыг өмсөхөд гадныхан "Ямар гоё юм бэ, Монгол дизайнерын хувцас юм уу, хаанаас захиалах вэ, веб сайт байна уу" гэж их асуудаг. Өнөөдөр гадны том шоунд үндэсний хэмжээний том брэндүүд маань ч сайн оролцож чадахгүй байхад бор зүрхээрээ Монгол гэдэг нэрийг дэлхийн загварын салбарт гарган танилцуулж, монгол элементүүдийг харуулж чадсан дизайнерууддаа "Та нар шүү" гэж хэлмээр байна.
Чамайг юу хамгийн аз жаргалтай болгож байна Түүнийгээ л хий
Гадны шоунд оролцохыг хүсч байгаа дизайнеруудад загвараасаа гадна анхаарах олон зүйл гарч ирдэг. Үүнд таны зүгээс санал болгож хэлэх зүйл юу байх бол?
Манайхан үнэхээр гадагшаа гарах хэрэгтэй байгаа. Тэгэхдээ зүгээр нэг шоунд орж, эх орноо сурталчилахаас илүү тухайн брэнд гадны зах зээлд өрсөлдөх чадварт гол анхаарлаа хандуулж, гадаад худалдан авагч, хөрөнгө оруулагч олох нь маш чухал. Хувийн зүгээс зөвлөхөд дизайнерууд маань юун түрүүнд хаана ямар загварын долоо хоногт оролцохоо өөрийн брэндийн онцлогт тааруулж зөв тодорхойлж, нарийн сайн төлөвлөж, зөв баг бүрдүүлвэл боломж хаа сайгүй байна. Жишээ нь Москвагийн загварын долоо хоногт ноолууран бүтээгдэхүүнээр оролцож болно. Орос болон Зүүн Европын орнууд сэрүүн уур амьсгалтай учраас тэнд ноолуурын том зaх зээл бий. Тэрнээс ямар ч туршлагагүй шинэ брэнд Ню-Йоркийн Mercedes Benz загварын долоо хоногт хагас сая долларын зардал гарган байж дэлхийн зах зээл дээр аль хэдийнэ хөлөө олчихсон том брэндүүдтэй өрсөлдөх нь хэтэрхий эрсдэлтэй. Гэхдээ мэдээж хүн бүрт л үзээд алдах сонирхол бий. Москвагийн Mercedes Benz-д оролцох зардал Нью-Йоркийнхоос хоёр дахин хямдхан байдаг.
Зөв холбоог тогтоох, худалдан авагчийг олох тал дээр хамгийн үр дүнтэй зүйлс юу байж болох бол?
Загвар зохион бүтээгч нарт загварын бүтээлч багаас гадна маркетингийн хүчтэй, туршлагатай баг зайлшгүй байх ёстой. Тэр баг үргэлж хаана, юу болж байгааг судлах хэрэгтэй. Бараг надаар хэлүүлэлтгүй мэргэжлийн хүмүүс мэдэх байх. Жишээ нь Турк, Казакстан улсууд манайхаас худалдан авалт хийх илүү боломжтой, бас Монголыг ах дүү төрөл садан мэтээр дотночлон үздэг. Мөн монгол дизайнеруудын бүтээлийг хэрэглэх сонирхолтой Буриад, Өвөр Монголд эхлээд хүрч болно. Ойрхон байгаа боломжоосоо эхлээд, цааш хөгжих хөрөнгөө босговол алсдаа дэлхийн зах зээлд өрсөлдөхөд нь санхүү болон туршлагын хувьд асар их дэм болно.
Харамсалтай нь манайд дизайнеруудаа дэмжиж ажилладаг байгууллага, холбоодууд гарын таван хуруунд ч хүрэхгүй юм. Санаснаар болдог бол жил бүр нэг дизайнераа шалгаруулаад гадагшаа гарахад нь хэрэгтэй бүх талаар дэмжээд өгөх Дизайнеруудын холбоо бидэнд хэрэгтэй байна. Монголд хэдэн болсон, болоогүй топ модель шалгаруулахаас илүү үр өгөөжтэй зүйл хийх нь эргээд манай жижиг зах зээлтэй оронд оюуны болон эдийн засгийн маш том хөрөнгө оруулалт болно шүү дээ.
Дизайнерууд монголдоо шинэ загвараа толилуулахдаа модель сонголтоо их адилхан хийдэг. Үүнээс өөр боломж бий биз дээ?
Гадны дизайнерууд загвар өмсөгч сонгохдоо шинэ нүүр царай гаргаж ирэхийг илүү эрмэлздэг болсон цаг үе. "Гоё хувцасыг хэн ч өмссөн гоё харагдана" гэсэн концепци хэрэгжээд байх шиг.
Тэгэхээр "Би шинэ дүр төрх болж чадна" гэж бодож буй охидод та юу зөвлөх вэ?
Модель болох хүн цаанаасаа төрчихсөн байдаг гэдэг нь магадгүй үнэн байх. Тийм охид юу ч идсэн гоё байж чаддаг. Хэрэв чи үнэхээр мэргэжлийн модель болох гэж байгаа бол карьертаа үнэнч байж дундуур нь битгий өөр зүйлд сатаар. Биеэ зөв хөгжүүл. Хэл сур, дээр нь давхар аял. Хамгийн гол нь дайчин чадвар, сэтгэлийн тэнхээ чухал. Монголд моделиудын ертөнц жижиг. Дээр нь агентлаг бүр өөрсдийн моделиудаа хариуцаад, өмнөөс нь ажлыг нь олоод өгчихдөг. Хаана ч очсон "найзан дундаа" байдаг. Гэвч гадаадад тийм биш. Багш заана гэхээс илүү хүн өөрөө л гол зүйлсээ сурах болно. Агентлагууд эхлээд моделийг зурагчидтай хамтруулж, өөрийгөө нээх тал дээр нь суралцуулдаг. Үнэхээр чадахгүй бол хасагдана. Өрсөлдөөн дунд эхлээд айна, өөрөөсөө ичнэ, буланд байж, хойш суудаг байсан ч хүн айдсаа дарж оролдсоор хоёр, гуравдах удаадаа өөрийгөө нээж чаддаг.
Танд бас ийм зүйлс тохиолдож байсан уу?
Би ч бас адилхан байсан. Хүн болгонд сул тал байдаг ч давуу талаа гаргаж сурах, судлах хэрэгтэй. Ер нь хүнд байгалиас заяасан гол чанар бол өөрийгөө танин мэдэх. Үүнийгээ л сайн хөгжүүлэх хэрэгтэй.
Сул талаасаа болж алдаж байсан удаа бий юу?
Сингапурт дөнгөж очоод удаагүй, амжилттай ажиллаж, хүн бүр "Чи ямар хөөрхөн, өвөрмөц юм" гэсэн үгэнд их эрдэж, өөртөө итгэлтэй байх үед нэг явдал тохиолдсон. Harper`s Bazaar сэтгүүлийн нүүр хавтасны зураг авалтын шалгаруулалтанд би Сингапурын супермодельтэй хамт тунаж үлдсэн юм. Тэр үед зурагчин нь надад "chin down" буюу эрүүгээ доошлуул гэж гэж хэлснийг нь би ойлгоогүй, зүгээр л байгаад байлаа. Гэтэл зурагчин маш их уурласан. Шалгаруулалтын үед зурагчин, модель хоёр сайн ойлголцох нь чухал байдаг. Ингэж би хэлний мэдлэг нимгэн байснаасаа хасагдаж, үнэхээр англи хэл сурах ёстой юм байна гэж маш сайн ойлгосон.
Загварын ертөнц ер нь дотроо маш харгис, хүйтэн хатуу ертөнц. Чи хэн болох, ямар хүсэл мөрөөдөлтэй чинь хэнд ч чухал биш
Модель хүн өөрийгөө хөгжүүлэхэд цаг их хэрэгтэй. Наанадаж сайхан арьстай байхын тулд сайн унтдаг байх ч юм уу. Өөрт чинь тийм цаг хэр их байдаг вэ?
Мэдээж гардаг. Гаргахыг ч хичээдэг. Хүний газар ганцаараа байна гэдэг хүн их юм сурч, өөртэйгөө ажиллах цаг их олддог. Эхэн үедээ би их аялж, завгүй байсан. Сүүлийн хоёр жил энгийн оюутны амьдралаар амьдарч байна. Би Сингапурт сургуулиа хаяж Милан явсандаа хэзээ ч харамсдаггүй. Өмнө нь Монголд, Азид амьдарч байгаад Европт ирэхэд хувцас гэж юу юм бэ, кофе уух, хоол идэх урлаг гэж юу болохтой танилцаж маш их зүйл сурсан. Энэ удаад ч бас Америк улсаас, америк соёлоос их зүйл сурч байна. Би 40 орноор аялсан. Цаашдаа ч их аялж, их зүйл сурах хүсэл минь оргилсоор байна.
Ингэхэд моделиуд ээж болсны дараа карьераа хадгалах боломжтой юу?
Боломжтой шүү дээ.
Нью-Йоркд гэрэл зурагчны сургуульд суралцсан. Эндээс олж авсан гол чадвар юу байна вэ?
Би их гэрэл тавилттай гэхээс илүү байгалийн гэрлээр зураг авах хүсэлтэй. Хүний арьс, нүд, үсний өнгө гоё, байгаагаараа гардаг л даа. Намайг манай багш "Чи хүний сэтгэлийг нүдээр нь харж авахдаа сайн, хөрөг зураг төрлөөр өөрийгөө хөгжүүлэх юм бол сайн явна" гэж зөвлөсөн. Олон жил моделиор ажилласан туршлага маань гэрэл зурагчин болоход их нөлөөлсөн. Зургийн ангиас гадна бас зураг засах ангид сурч байгаа.
Хүн олон зүйлийг хийгээд, түүнээсээ урам авахаар бүр олон төрлийн шинэ зүйл хийхийг хүсдэг ч сонголт их чухал. Таны одоо сонгосон гол сонголт юу байна вэ?
Нью-Йоркд сургуульд сурч, хагас цагаар модель хийж байгаа ч миний гол төвлөрсөн зүйл бол миний дотоод ертөнц байсан. Би өмнө нь дотроо төөрчихсөн байсан. Харахад зүгээр байгаа юм шиг мөртлөө олон жил гадаадад ганцаараа явсны дараа хаана ч амьдраад байгаагаа ойлгохгүй, аймхай, зориггүй болчихсон байсан. Харанхуйгаас айдаг, ганцаараа унтаж чаддаггүй байдлаасаа гарахын тулд нэг газар тогтвортой байж их бясалгал хийсэн.
Бид саяхан Кара Делевин яг ийм дотоод сэтгэлийн асуудалтай тулгарч, түүнийг Кейт Мосс аварсан талаар мэдээ гаргаснаа санаж байна. Та яаж асуудлаа шийдсэн бэ?
Загварын ертөнцийн хүмүүс, үдэшлэгийн зочид гаднаасаа маш гоё, ганган харагддаг ч тэдний ихэнхи зүйл нэг л хуурамч. Энд найзуудтайгаа байхад энгийн даруухан ч гэсэн цаанаа л нэг дотно, олон зүйлсийн тухай яриад л сайхан байдаг. Загварын ертөнц ер нь дотроо маш харгис, хүйтэн хатуу ертөнц. Чиний хэн болох, дотроо юу мэдэрч, боддог, ямар хүсэл мөрөөдөлтэй чинь хэнд ч чухал биш. Зүгээр л хүн хаа ч явсан гоё сайхан байх ёстой, аз жаргалтай харагдах шаардлага дунд байхаар үнэхээр хүн төөрдөг юм билээ. Тиймээс өөрөөсөө "Би Нора юм уу Номин юм уу" гэж асуудаг байсан. Одоо бол би мэддэг болсон. Миний дотор хоёр хүн хоёулаа байгаа.
Ямар шийдэлд хүрсэн бэ?
Одоо бол би шал өөр болж, хүн өөрийнхөө дотор хүнийг хүчтэй байлгах ёстой гэдгийг ойлгосон. Үүний дараа "Би ер нь юунд хамгийн сайн юм бэ" гэж өөрөөсөө асуусан. Найз залуу маань надад "Хүн нэг зүйлд төгс байна гэж үгүй. Байгалиасаа бид олон зүйл хийхээр төрсөн байдаг. Тиймээс юу чамайг хамгийн аз жаргалтай болгож байна түүнийгээ л хий" гэсэн зөвлөгөө өгсөн юм.
Өөрөө хэр удаан хугацаанд ганц бие амьдралаа үргэлжлүүлье гэж боддог вэ?
Би өөрөө ганц бие байя гэж сонгосон зүйл байхгүй л дээ. Миний амьдралын хэмнэл 20 настайгаас эхлээд нэг газраа тогтоогүй. Би дандаа л ийш тийшээ нүүгээд л явдаг. Нэг газар найз залуутай болно. Хоёр гурван сар найзлаж байтал өөр тийшээ явах болдог. Баяртай гээд л орхиод явдаг. Яагаад би одоо нэг газраа төвхнөөд байна гэхээр бас ядарч байна. Монголдоо ирээд суурин байя гэхээр би өөрийгөө хөгжүүлэх ёстой гэж бодож Нью-Йоркийг сонгож амьдрахаар шийдэж, миний хот гэдгийг ойлгосон. Тэр бол загварын хот. Нью-Йоркд загварын чиглэлийн бүх л төрлийн амбицтай, залуу, над шиг хүмүүс бий. Дээр нь надад хувийн амьдралаа бодох цаг иржээ. Өмнө нь би аялах, загвар өмсөх, гоё хувцас, парти гэх мэт зүйлсийг маш сонирхон хүлээж авдаг байсан ч одоо бол өөрчлөгдсөн. Амьдралын мөн чанарыг илүү ойлгож гэр бүл ямар чухал юм бэ гэж мэдрэх болсон.
Монголд ирснээсээ хойш ээжтэйгээ авахуулсан олон зургаа нийтлэснээс чинь харагдаж байсан л даа. Ингэлээ гээд харамсах зүйл бий юу?
Ер нь хүний нас явахаар бодол өөрчлөгддөг юм шиг. Миний төлөвлөгөөгөөр 35 настайдаа хүүхэд гаргаад хүнтэй суучихсан байна гэж бодож байгаа. Ер нь манайд залуу бүсгүйчүүд их сургууль төгсөөд л хүнтэй суух нь элбэг. Миний хувьд багаасаа л эмэгтэй хүний бие даасан, хэнээс ч хараат бус амьдралаар амьдарч дэлхийн олон орноор аялаж, ажиллаж, сурч, хувь хүн болоод, мэргэжлийн тал дээр өөрийгөө дээшлүүлж, өсөх дэвжих боломжийг өөртөө олгосондоо баяртай байдаг. Би үнэхээр өөрийнхөө мөрөөдөл дундаа амьдарч байна. Одоо надад хүнтэй суугаад, хүүхэд гарган гэр бүл зохиогоод амьдрахад хорогдож, харамсаад байх зүйл огт байхгүй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт