Өнөөдөр 96 дахь удаагийн Оскарын наадам Лос Анжелес хотын Dolby театрт ёслол төгөлдөр эхэллээ. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд “Oppenheimer” нийт 13 төрөлд өрсөлдөж нэр дэвшигчийн тоогоороо тэргүүлж байгаа бол “Poor Thing”, “Killers of the Flower Moon” бүтээл 11 болон 10 төрөлд тус тус нэр дэвшиж удаах байрыг эзэлж байна. Арга хэмжээг яг одоо телевизийн хөтлөгч, комедиан Жимми Киммел хоёр дахь жилдээ дараалан хөтлөн явуулж байгаа юм.
Алдартнууд энэ жилийн улаан хивсний ёслолд түлхүү өд, цацгаар чимэглэсэн гоёмсог даашинзаар төрхөө бүрдүүлсэн байлаа. Тухайлбал, Лупита Нионго хормой болон ташаа хэсгийг нь өдөөр чимэглэсэн Armani Privé ордны даашинз өмссөн байсан бол Аня Тейлор Жой загасны хайрс мэт хормойг мөнгөлөг өдөөр сорлосон Christian Dior-ын кутюр гоёлыг сонгож, харин Эрика Александерын өмссөн даашинз солонгын өнгөөр дараалсан цацган эмжээртэй харагдана. Үүнээс гадна улаан хивсэн дээр хатуулж, хөвсийлгөж төрөл бүрийн хэлбэр силуэт гаргасан үдшийн даашинзнууд зонхилжээ. Тус хэв маягийг Эмма Стоуны дэрвэгэр хормойтой пеплум топ, Ариана Грандегийн агаар оруулан хийлсэн мэт харагдах Giambattista Valli-гийн гоёл болон Сандра Хюллерын энгэр хэсгийг нь шувууны далавчны хэлбэрт оруулж урласан Schiaparelli-гийн кутюр даашинзнаас харах боломжтой. Эрчүүдийн хувьд олонх нь сонгодог таксидо хослолдоо үнэнч үлджээ. Харин материал, өнгө, силуэтийн хувьд онцлог хослолоор гоёсон ноёдоос Дүэйн Жонсон, Дэвид Ойелоуо, Ке Хюи Куан, Рис Фельдман нар онцгойрч байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт