Tiffany-гийн ерөнхий захирал албан тушаалаасаа огцорлоо

Фредерик Куменаль хоёр жил ажилласны эцэст компаниас гарлаа

Tiffany-гийн ерөнхий захирал Фредерик Куменаль албан тушаалаасаа огцрох болсон тухай мэдээлэл маш гэнэтийн байлаа. Учир нь брэнд саяхан үнэт эдлэлийн шинэ цуглуулгаа танилцуулж, Super Bowl тэмцээний үеэр гаргах сурталчилгаанд нэлээд их хөрөнгө зарцуулж, мөн брэндийн нүүр царайгаар дуучин Леди Гагаг сонгосон байгаа.

Компанийн захирлуудын зөвлөлийн дарга Майкл Ковальски мэдэгдэл хийхдээ "Брэндийн өв уламжлалыг хадгалж үлдэхийг хариуцан ажилладаг захирлуудын зөвлөл ноён Куменалийн удирдлага доорх сүүлийн улирлын санхүүгийн үр дүнд сэтгэл дундуур байсан" хэмээн хэлжээ.

Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчдын харилцааны хэлтсийн гүйцэтгэх захирал Марк Л.Ароны үзэж буйгаар Леди Гага болон Super Bowl тэмцээнд зориулсан их хэмжээний зарлага Куменалийн огцрох болсон үйл явдалтай огтхон ч холбоогүй аж. "Энэ бол зүгээр л нэг харамсалтай тохиолдол юм. Ингээд л таарчихлаа" хэмээн Марк Л.Арон мэдэгдсэн байна.

Buro.Mongolia

2017-02-07, 11:00

  • Зураг: