Vogue Runway дээр гарчээ
Олон улсын загварын салбарт хүч түрэн орж буй Монголын чадварлаг загвар өмсөгч Б.Ялгууны амжилт ар, араасаа хөвөрсөөр байна. Тун удахгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий IMG Models агентлагтай гэрээ хийх төлөвтэй байгаа тэрбээр саяхан Италийн Marco de Vincenzo брэндийн pre-fall 2017 цуглуулгын каталогийн зураг авалтад оролцжээ.
Marco de Vincenzo нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд богино хугацаанд өөрийгөө таниулж, загварын салбарт байр сууриа эзэлж чадсан, шинэ эриний амжилттай, залуу брэнд юм. Дизайнер Марко де Винченцо нэрийн брэндээ үүсгэн байгуулахаасаа өмнө Fendi ордны урланд 13 жил ажилласан туршлагатай бөгөөд одоогийн байдлаар тэр орчин үеийн ба сонгодог элементүүдийг нэгтгэсэн, тод өнгийн, хээ хатгамлаар баялаг загваруудаараа алдаршаад байна.
Pre-fall 2017 улиралд зориулж Марко худалдан авагчдынхаа өдөр тутмын хувцаслалтын хэрэгцээг хангах зорилгоор судалтай хээгээр баялаг богино өмд, нөхөөсөн халаастай мөрөвчтэй даашинз, люрекс материалын оруулгатай свитер цамц гэх зэрэг энгийн атлаа чамин загварууд урласан байна. Дизайнер мөн даашинз ба юбканы хормойг цацгаар чимэглэж, тэдгээр хувцаснуудаа дөрвөлжин хээтэй пальто ба олон өнгөөс бүрдсэн үслэг хантаазтай хослуулжээ.
Харин Б.Ялгуун болон бусад загвар өмсөгчдийн хувьд гэвэл тэд байгалийн нүүр будалт ба үс засалт хийж, студийн орчинд зургаа даруулжээ. Каталогийн зураг авалт ба цуглуулгын тойм Vogue сэтгүүлийн вебсайт дээр өнөөдөр нийтлэгдсэн байна.
Олон улсын чадварлаг моделиудтай эн зэрэгцэж яваа Б.Ялгууны талаарх дараа дараагийн мэдээллийг бид цаг алдалгүй хүргэх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт