Загварт жендэрийн хязгаарлал байхгүй болсныг Харри Стайлз харууллаа

Beauty Papers сэтгүүлийн зураг авалтад

Их Британийн дуучин Харри Стайлз Beauty Papers сэтгүүлд зориулж зураг авалтад оролцжээ. Тэрээр сэтгүүлийн нүүр хуудасны хар цагаан зураг дээр Gucci-гийн лофер болон торон триконоос өөр юу ч өмсөлгүй гарсан нь олны анхаарлыг ихэд татаж байна. Мөн сэтгүүл доторх бусад зургууд дээрээс Харри тод нүүр будалт хийсэн байгааг харах боломжтой. Зураг болон бичлэгийг Каспер Сейерсен хариуцан ажиллажээ.

Сэтгүүлийн энэ удаагийн дугаарын гол сэдэв нь хувьсгал юм. Гэхдээ хувьсгалыг тэд олон нийтийн эсэргүүцэл, эмх замбараагүй байдлаар тодорхойлох биш харин хүний энэрэнгүй зан чанар, сайхан сэтгэлтэй холбожээ. Харри өөрийн Fine Lines цомогт багтсан "Treat People With Kindness" дууг дурдан хүмүүсийг бие биедээ энэрэнгүй хандахыг уриалсан юм.

"Treat people with kindness гэх хэллэг нь өөрөө шинэ нээлт, хувьсгал юм. Энэ нь чамайг хэн ч байсан, юу ч байсан, ямар ч байсан хамаагүй дэлхийг илүү энэрэнгүй газар болгох хүч чадалтай гэсэн утгыг агуулах уриалга" хэмээн сэтгүүлийн Instagram хуудсанд шинэ дугаарын тухай бичигджээ. Загварын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү дугаар нь манай дэлхий дээрх хязгаарлагдмал эрх чөлөө болон өөрөөрөө байж, хувь хүн ба уран бүтээлийнхээ онцлогийг шударгаар илэрхийлэхээс эмээдэггүй Харригийн эсрэг тэсрэг байдлыг харуулж чадсан байна.

 

Buro.Mongolia

2020-03-18, 12:00

  • Зураг: